Элчин сайдын толгой
2016/04/20
Хүний нутагт удаан суух хэцүү. Наадмаар хүний нутагт байх бүр ч хэцүү. “Нарлаг сайхан нутагт минь наадмаа ид хийж, найз нөхөд маань одоо тэнд тэгж байгаа. Гэтэл би гэх амьтан энд ингээд сууж байх…” гэж бодохоос гуниг төрнө, элдвийн юм мөрөөднө.
Нутагтаа нисээд очих сон, нэгнийдээ бүгд цуглах сан, наадмын ширээ тойроод ярьж удаан суух сан, баяраар төхөөрсөн хонины толгойг зөөлөн гал дээр болгох сон, урдаа тавьж байгаад сайхан жиргэлж мөлжих сөн, хуйх махыг нь алаглуулж нимгэн нимгэн зүсэх сэн, амандаа түүнээ хийж амтыг нь мэдэрч хүлхэх сэн, нар зөв тойруулж хэдэн найзаа дайлах сан, ерөөлийн үг хэлж хэд гурав даруулах сан… гэхчилэн хий дүрсэлж, хоосон мөрөөднө.
2002 оны наадмаар би Москвад байлаа. Эртнээс тогтсон уламжлал ёсоор Москвад суудаг монголчууд долдугаар сарын 11-нд Элчин сайдын яамны зуслан дээр наадмаа хийх товтой байв. Өөрийн гэх зуслантай Элчин сайдын яам Москвад манайхаас өөр бараг үгүй. 1950-иад онд хоёр улсын Засгийн газар тус тусын Элчин сайдын яаманд зуслангийн зориулалттай газар харилцан олгохоор шийдсэн байдаг. Манай тал ЗХУ-ын Элчин сайдын яаманд Баянголын амны нэг хэсгийг (одоогийн “Найрамдал” зуслангийн зүүн хойд талд) эзэмших эрх олгожээ. Манай Элчин сайдын яамны зуслан Москвагийн ойролцоо Расторгуево тосгоны хажуу бөөрөнд задгай талд байршина. Тэнд байх тав зургаан финланд хийцийн жижиг модон байшин нь олон жил засвар үйлчилгээ үзээгүйн улмаас нэлээд муудсан ч баяр наадмаар ороод гарах хэмжээнд ашиглаж болохоор байв.
Миний бие Элчин сайдын хувьд морин цагт наадмаа нээх хүндэт үүрэг, ёслолтой тул өглөө 10 цагийн алдад Расторгуево орох хурдны замаар, албаны хар машины баруун “хацар” дээр нь алтан соёмбот төрийн далбаагаа дэрвүүлэн довтолгож байлаа. Тэнгэр бүрхэг, бороо орох гээд байгаа ч юм шиг хуйсганаад нэг л ёозгүй. Тэгтэл халаасанд гар утас чичигнэн дуугарч, Улаанбаатараас анд найз маань ярьж байна. Наадмын мэнд хүргээд юу хийж байгааг минь надаас асуув.
-Наадмын өдөр, бороотой Москвад би юу л гийгүүлэв гэж. Харин нутагтаа байгаа чи яг хаана, юу хийж явна. Цэнгэлдэх орсон уу?
-Би хүүтэйгээ Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хүчит бөхийн нэгийн даваагаа үзчихээд яг одоо Яармагийн дэнж рүү явж байна. Таньдаг уяачийнхаа асраар ороод гардаг юм бил үү гээд л… Харин чи яасан доожоо муутай дуугарч байх юм. Та нар наагуураа наадмаа хийдэг юм байгаа биз дээ гэж асууж байна.
-Эрхбиш хийнэ, яаж зүгээр байх вэ. Эндээ наадмаа хийх гээд явж байгаа санаатай. Хэдэн залуусаа барилдуулна, шатар, муушгины аварга шалгаруулна. Оросуудаас ганц хонь авсан, олуулаа цуглаад хүртэж орхино. Гэхдээ эндхийн нохой сүүлт ч дээ. Химийн бодисоор борддог юм уу, хаашаа юм, гарсан шөлнөөс нь саван амтагдаад онцгүй. Толгойг нь зад хуйхлаад чаналаа гэхэд бас л биш…
-Хөөе, толгой гэснээс би өчигдөр ганц хонь төхөөрсөн. Толгойг нь мөлчийтөл хуйхалчихсан байгаа. Сайхан чанаад чамд явуулъя. Хонины толгойд нугасгүйг чинь мэднэ. Маргааш шууд онгоцтой байх шүү, замын хүн олоод дайя. Чи харин жолоочоо явуулж онгоцны буудлаас тосоод авчихаарай гэж байна.
-Буян чинь бум дэлгэрэг! Чиний ачаар нутгийнхаа идээг наадмаар амсах хувьтай юм байна, ашгүй гэснээр бид хоёрын яриа өндөрлөв.
Найзын мэндчилгээ урмыг минь сэргээж, наадмын өдрийн Москвагийн тэнгэр ч цэлмэх шиг. Очсон газар бороогүй. Эрийн гурван наадам маань ч сайхан болов. Арван зургаан бөх зодоглож “Говь” компанийн төлөөлөгч Батдорж түрүүлж, Элчин сайдын яамны жолооч Лхагвасүрэн үзүүрлэлээ. Тээр жил хоёр Мөнх аварга хоёулаа Мексикийн олимп бил үү дээ, явсан хойгуур Бээжин аварга наадмаар түрүүлж од шүүрсэн гэдэг. Түүн шиг Москвад сурдаг манай улс, аймгийн цолтой бөхчүүд зуны амралтаараа нутаг явсан хойгуур мань хоёрын аз нь шовойв. Шатар, муушгины аварга хэн болсныг одоо санахгүй ч жинхэнэ том гарууд нь ана мана үзлээ хэмээн мэддэг хүмүүс нь шивнэлдэж байлаа. Энэ зуур хүүхэд багачуулынхаа наадмыг ч хийн, элдэв хөгжөөнт тэмцээн явуулж, амттантай шагналыг бүгдэд нь тойруулан гардуулав.
Наадмын ширээ ч тансаг байлаа. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Гордеевын цохолтоор олдсон хонио өмнөх орой нь яамныхаа гараашид төхөөрчихсөн байв. Амт чанар юу юм гэхээс амьдын жингээрээ бол бидэндээ хангалттай том ирэг таарсан байлаа. “Оросын хонь шорлогондоо оромтгой” гэж Москвагийн монголчууд ярьдаг нь хэдэн зууны ажиглалт, туршилтын үр дүн байж мэднэ. Олон удаагийн ийм цугларалтаар шалгарсан шорлогны хэдэн мастерууд маань махаа хувааж аваад мэддэг жороороо амтлан даршилжээ. “Манайх сармистай цуунд дарсан, эднийх улаан дарсаар шавшиж хонуулсан, тэднийх шар айрганд дэвтээсэн, харин үүнийг бол киви жимсээр зөөллөсөн” гэх агуулгатай урьдчилсан пиар хүчтэй өрнөн ходоодны хорхой хөдөлгөж байна.
Удалгүй шарсан махны хурц үнэр хамар цоргив. Украин нутгийн саало, улаан лооль, ногоон чинжүү, цагаан сонгино зэргээр чимж хачирлан, эгнүүлж шорлосон махаа улаа манарсан нурамтай мангаал дээрээ шарж болгон торгон цэргийн туялзуур жад шиг урт шортой нь хамт тарааж эхлэв. Үүнтэй зэрэгцэн гэргий нар нь гарынхаа хийцийн нийслэл салат, улаан манжингийн бурдангаар дайлж, орос аргаар дарсан байцаа, өргөст хэмх, давсалсан мөөг тэргүүтнээ нэг нэгээсээ өрсөн санал болгоно.
Өрсөлдөж түрүүлэх гэсэн хүний суурь сонирхол агуу хүчтэй. Бодоод байх нь, наадмын нийтийн ширээг, зах зээлийн эдийн засагтай адил өөд нь сэвхийтэл татдаг гол хүчин зүйл бол чөлөөт өрсөлдөөн мөн ажгуу. Шорлогоо дуусаагүй байтал тэнд нэг айл наадмын хуушууртай бидоноо задлав гэх сургаар бүгд тэнд нь хуйлран хүрч, тавын бидоныг нь тэр дор нь суллаж орхив. Тэр айл хуушуурынхаа махыг сибирь нутгийн халиараар амталснаар олны өрсөлдөөнд өчиггүй түрүүлэх нарийн арга олжээ.
“Сархадын сайныг наадмаараа” гэсэн утгатай бас нэгэн уламжлал бий. Наадмаа хүндэлж муу архи задлахгүй гэсэн үг. Монголын төрийн том зүтгэлтэн Ж.Самбуу гуай Москвад дайны үед Элчин сайд байхдаа Их Британи улсын Элчин сайдаас “Чиваас” хэмээх виски бэлгэнд авч, түүнийгээ наадмаар задалж монголчуудаа дайлсан гэх домог ам дамжин яригддаг. Нэг жарны тэртээ тогтоосон тэр ёсын дагуу би ч нэг азарган “Чиваас” гаргаж сөгнөв. Манайхан ч дор дороо бэлтгэлээ базаажээ. Энд тэндхийн сор нь болсон эрээн мяраан шошготой юм задалж бие биенээ дайлж харагдана. Даанч харамсалтай нь, би тэр үед элгээ эмчилж байна гээд интерферрон гэх хүчтэй тариа тариулж байсан тул наадмын хөтөлбөрийн тэр хэсэгт нь оролцож чадсангүй. Дотор нь багтаж наргихгүйгээс л хойш “До яам” царайлж, цоо эрүүл амьтан найрын ширээнд зай бөглөөд яах вэ гээд би Москва буцахаар босов.
Архи уугаад агсам тавьж, айл амьтан үймүүлнэ гэх юм манайд бараг гардаггүй байв. Хүний нутагт, улсынхаа албанд зүтгэж буйгаа ухамсарлахаас гадна авгай, хүүхдээ дагуулаад наадаж буй улс гайгүй л дээ, уул нь. Гэсэн хэдий ч мордохын өмнө би ёс болгон хэдэн үг хэлхэв. “За, та нар минь эндээ аятайхан амраад буцна биз. Нутагт баяр үргэлжлэх ч, бидний наадам өнөөдөр дуусна. Маргааш ажил ихтэйг бүгд мэднэ. Тиймээс наадмын талбай маань цэвэр цэмцгэр үлдсэн, наадамчин олон маань элэг бүтэн харьсан тухай наадмын комисс надад 22 цагт илтгэнэ. 21 цагт арай биш, 23 цагт бүр биш. Яг 22 цагт” гэж хэлчихээд яваад өглөө. Наадмын комиссын дарга, Элчин зөвлөх Л.Баттулга (1960-аад оны эхээр Москвад Элчин сайд байсан, АИХ-ын орлогч дарга асан С.Лувсан гуайн отгон хүү) товлосон цагт илтгэлээ өгснөөр миний хувьд тэр жилийн баяр наадмын ажиллагаа өндөрлөв.
Элчин сайдын ажил олон онцлогтой. Энэ ажилд томилогдоход нэг ахмад дипломатчийн надад хандаж хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэрээр “Томилогдсон алба болон албан газрынхаа оноосон нэрийг ухаж сайн бодоорой, дүү минь. Элчин сайдаа харь улсад томилон суулгадаг учраас албыг нь залгуулах яам байгуулж өгдөг. Яам байгаад тэнд нь суулгах Элчин сайд томилдог юм биш. Гадаадын олон хэлэнд ч Элчин сайд, Элчин сайдын яам хоёр ийм л холбоо хамаарал, учир жанцантай байдаг. Тийм учраас бүх хариуцлага, бүхий л эрх мэдэл Элчин сайд дээр тохоостой. Элчин сайдын яамныхаа хашаанаас гараад чи тусгаар улсаа төлөөлөх бүрэн эрхтэй.
Харин хашаан дотроо бол яамныхаа ажилтнуудын ажил, амьдралыг зохицуулах бүрэн үүрэгтэй. Аль аль нь амаргүй ажил. Удаах нь урдахаасаа илүү адармаатай болох үе таарах вий. Манайхныг хэт их завтай байлгахаар хоорондоо хэмлэлцэх гээд байдаг. Ажлаа зөв хуваарилж, аавын олон хүүхдийг алаг үзэхгүй байвал үндсэндээ болно. Чамайг томилсон зарлиг нь хөрш улстайгаа харилцаа хөгжүүл гэснээс хөрш хэдэн айлынхаа хэрүүл зохицуул гэж гараагүй нь үнэн. Гэхдээ аль алийг нь тэгш анхаарч яваарай” гэж билээ. Тэр захиасыг нь би эхнээсээ л яс дагахыг хичээв. Тэрнээс болсон уу, хамт зүтгэх гайгүй улс надад таарсан уу, яамны хашаан дотор тулга тойрсон элдэв асуудал бараг гардаггүй байв.
Наадмын маргааш нь үнэхээр ажил ихтэй өдөр болов. ОХУ-ын төр засгийн байгууллагын төлөөллүүд зуны амралтаараа тараад явчихаас нь өмнө амжиж хэд хэдэн асуудал хэлэлцэж тохирох шаардлагатай байлаа. Үдээс өмнө, үдийн цайгаар, үдээс хойш хэд хэдэн уулзалт угсруулж хийгээд ажил тарах алдад яамандаа ядарч уухилсан амьтан буцаад иртэл туслах залуу маань “Тантай Шереметьево нисэх буудлын гаалиас ярья гэж хэд хэд залгасан” гэлээ. “Зөвлөхүүдээс хэн нэгнийг нь яриулчихгүй дээ” гэтэл “Өөр хүнтэй ярихгүй. Заавал тантай ярина гээд байсан. Нисэхийн гаалийн газрын дарга нь өөрөө ярьсан. Уржигдар наадмын хүлээн авалтаар манай элчин дээр ирж байсан хүн байна билээ. Таныг ирэнгүүт холбоорой гэсэн, холбох уу” гэж асууж байна. “Тэг тэг” гээд өрөөндөө оров.
“Дипломат ёс жаягаараа бол ийм зиндааны орос түшмэл шууд л Элчин сайдтай ярина гэж зүтгэх учиргүй. Шууд харилцдаг аль нэг зөвлөхтэй л ярина гэмээр юм. Ноцтой л юм болж дээ, янз нь. Манай хэдээс болох, болохгүй юм зөөж байгаад эдний гаальд нь журамлагдсан юм биш байгаа” гэсэншүү юм бодож суутал туслах маань нөгөө орос хүнтэй холбоод өглөө. Яриа их л найрсгаар эхлэв. Орос дарга надад наадмын баярын мэнд дахин хүргэж, хүлээн авалт маань найрсаг, сайхан болсон тухай баахан магтан сайшаав. Тэгснээ “Уучлаарай, ноён Элчин сайд аа, эвгүй нэг юм болжээ. Гэхдээ манай ажилтнууд журам, дүрмийнхээ л дагуу ажилласан шүү. Та үүнийг зөв ойлгоно гэж найдаж байна” гэлээ. Би дотроо “За тэр, манайхны нэг нь баригдаж дээ” гэж бодсоноо “Юу болоов” гэж түүнээс лавлав.
“Танай нэг иргэнийг манайхан саатуулжээ. Улаанбаатараас Москвагаар дайраад Будапешт нисэх ёстой байсан гэсэн. Гэтэл Будапештын онгоцонд суухаас нь өмнө гар тээшийг нь шалгах төхөөрөмжөөр оруултал индүүний зурагтай, ханз бичигтэй цаасан хайрцаг дотор ямар нэгэн амьтны толгой байсан нь илэрчээ. Төхөөрөмжийн зургаар бол хохимой толгой юм уу гэж андуурмаар байж. Ээлжтэй байсан манай ажилтан бүсгүй ухаан алдаж унах шахжээ. Тэгээд ээлжийн ахлагчаа дуудаж тэр хүнээс яг юу авч явааг нь асуутал тэр нь оросоор бараг ярьдаггүй, “Не знаю” гэсэн л залуу байжээ…” гэж ярив.
Бүх юм ойлгомжтой. Ажилдаа дарагдаад анд найзынхаа илгээнэ гэж байсан хонины чанасан толгойг тосож авах хүн явуулахаа би таг мартжээ. Тэрнээс болоод манай нэг нөхөр Оросын гааль дээр асуудалд ороогдсон нь тодорхой. Гэмшиж гаслах уу, эсвэл инээж хөхрөх үү гэдгээ мэдэхгүй харилцуураа чагнах зуур нөгөө орос дарга илтгэсээр л байна… “Манай дүрмээр бол онц сэжигтэй тээш илэрсэн, тээшийн эзэн нь тодорхой мэдүүлэг өгөхгүй байгаа нөхцөлд төвөөс шинжээч дууддаг. Өөрсдөө бол тэр тээшийг задлах эрх байхгүй. Шинжээч ирэх гэсээр байтал нөгөө залуугийн онгоц хуваарь ёсоороо нисээд явчихжээ. Манайхан харин тэр онгоцноос залуугийн ачааг нь аваад үлдсэн байгаа юм.
Тэгээд индүүний хайрцаг задалтал дотроос нь хэдэн давхар гялгар уутанд битүү ороосон, хамаг үсийг нь хуйхалчихсан, хиншүү үнэртсэн хар толгой гарч ирсэн. Манайхан “Что это” гэхэд нөгөө залуу “Не знаю” гэсэн хэвээр. Манай байцаагч нар “Яагаад “не знаю” байдаг билээ. Та үүнийг авч яваа биз дээ. Энэ тэгээд хэний гар тээш юм, хэний толгой юм бэ. Это чья голова?” гэж асуугаад байж. Тэгтэл нөгөө залуу “Не знаю. Это не мой голова” гэж байснаа “…это голова посла” гэж манайхныг бүр сандаргажээ. Тэд энэ тухай надад шууд илтгэсэн. Манай шинжээч хонины хуйхалж чанасан толгой юм байна гэдгийг энэ зуур тогтоосон. Бодоод байх нь ээ, танай наадам болж байгаа, тэгэхээр Элчин сайд танд зориулан авчирч байгаа өвөрмөц бэлэг болж таарах нь, үндэсний ийм ёс заншилтай байж магадгүй юм гэж таасан” хэмээн орос дарга ярьсаар байлаа.
Савж унамаар юм ярих юм…“Это голова посла” гэхээр Элчин сайдынхаа толгойг тасдаад аваад явж байна гэж энэ оросууд ойлгодог юм байх даа гэж бодсоноо “Тэгээд тэр залуу одоо хаана байгаа вэ” гэж түүнээс асуув. “Та санаа зоволтгүй, ноён Элчин сайд аа. Бид түүнийг нисэхийн албан контортоо байлгаж байгаа. Хүлээлгийн камерт хориогүй. Шаардлагатай бол бид түүнийг танай Элчин сайдын яаманд хүргээд өгье. ОХУ-д нэвтрэх визгүй ч, бид хилийн шалганыхантай ярьж байгаад нэг удаагийн виз дараад оруулчихъя. Будапештын дараагийн нислэг нь маргааш өдөр юм билээ” гэж байна. Би хариуд нь “За танд баярлалаа. Тийм боломж байгаа бол тэр залууг манай Элчин сайдын яаман дээр хүргээд өгнө үү. Маргааш өдөр цааш нисэх асуудлыг нь бид хариуцъя” гэлээ.
Нөгөө орос “Та биднийг зөв ойлгоорой, жижиг юман дээр сүржигнэв гэж бүү бодоорой. Дүрэм, журам маань ийм юм. Тэгээд ч одоо хүний биеийг салгаад, мөчлөөд, шатаагаад хаяж байгаа тухай элдэв аймшгийн гэмт хэргийн сэдэвтэй кино их хийдэг болж. Хонины толгой энэ насандаа үзээгүй, тийм юм гар тээшиндээ авч явна гэж төсөөлж байгаагүй манай тэр бүсгүй хүний толгой байна гэж айж, андуурсныг би хувьдаа ойлгож байна.
Хар цагаан тэр зурагнаас нь үзвэл хоёр нүдний хонхорхой нь онгойгоод, шүд нь ярзайгаад тун эвгүй харагдах юм билээ. Уучлаарай. Бид албан үүргээ л гүйцэтгэсэн шүү” гэж учирласаар л байв. Би инээдээ барьж ядан хариуд нь “Ойлгож байна. Ажил удсанд уучлаарай. Та наад залуугаа манайх руу явуулчих. Тэр толгойг нь болбол өгөөд явуулчихаарай” гээд “Баяртай” ч гэж бараг хэлж амжилгүй утсаа таслаад элгээ хөштөл инээлээ. Тэр хар цагаан зургаар нь юу харагдсан бол гэж бодохоос л буйдан дээрээ савж унаад байв. Туслах залуу маань үүдээр шагайж гайхсан нүдээр намайг харж байна. Би үг хэлэх ч тэнхэлгүй буйдан дээрээ хэвтээстэй “гар гар” гэж гараа савж байж түүнийг гаргав. Туслах залуу маань намайг “Элчин сайд бие муутай дээрээ ухаан муу болж байгаа юм байна даа” гэж тэр мөчид бодсон байж магадгүй.
Инээдтэй, хөгтэй юм болох нь болжээ. Гэхдээ маньдаа бол инээд, танихгүй тэр залууд бол ханиад. Наадмаар хонины толгой амсчихъя гэсэн биш гэмгүй нэг иргэнээ хэлмэгдүүлжээ, би. Суух ёстой онгоцондоо сууж чадаагүйгээс гадна Оросын гаалийнханд олон цаг ээрүүлж, муугаа үзжээ, тэр нөхөр. Одоо нүглээ яаж наминчилдаг билээ. Юутай ч яамныхаа тогоочийг дуудан “Гэрийн хөргөгчинд монгол хонины жаахан мах байгаа. Сайхан шөл гаргаад жигнэсэн гурилтай лапшаа хийгээд орхи. Мөн хүлээн авалтад бэлдэн чимхэж, хөлдөөсөн хэдэн бууз үлдсэн гэсэн байх аа. Над дээр нэг хүн ирэх ёстой. Ирмэгц нь буузаа жигнээрэй” гэлээ.
Гэртээ орж албаны хувцсаа тайлж, тэрлэгээ нөмрөөд зочны өрөөндөө зурагт үзээд сууж байтал үүдний харуул утсаар “Оросууд нэг хүн хүргэж ирэв” гэж байна. “Дагуулаад ороод ир. Зочны өрөөндөө байгаа шүү” гэлээ. Удалгүй харуул нэг залуу дагуулаад ороод ирэв. Сэргэлэн нүдтэй бондгор бор залуу байна. “Энэ хүний онгоцны тийзийг аваад ёслолын ажилтанд өгчих. Маргааш өдөр Будапешт нисэхээр ярьж зохицуулаад, тийзний үнийн зөрүүг нь надаас суутга гэж хэлээрэй” гээд харуулыг явуулав. Нөгөө залууг урьж буйдан дээр суулгаад, цайгаар дайлж яриа өдөв. Жийрхээд байгаа бололтой, хэг ёг гээд онцын юм ярьсангүй. Бага сага бизнес эрхэлдэг, Булганаас ирж хотод суурьшсан, хоёр хөгшин, авгай, хүүхэдтэйгээ амьдардаг гэдгийг нь хэлүүлэх гэж нэлээд удлаа.
Тэгтэл хоол ч болж том ширээнд суув. Залуу аргагүй өлсчээ. Айргийн том хул дүүрэн лапшаг тэр дор нь сорчихоор нь “нахих уу” гэж асуухад толгой дохиж байна. Араас нь бууз ч оруулаад ирлээ. Ёсыг бодож хундага дүүргээд барив. “Нутгаас нэг найз маань надад хонины толгой явуулна, тосоорой гэж байсныг нь би мартаж орхиж. Чамайг хэлмэгдүүлчих шиг боллоо. Оросуудтай учраа олох гэж нэлээд ядраа биз. Наадмын өдөр байна, нэг сайхан тогтоочих. Ах нь эмчилгээтэй тул ёсолж орхиё. Маргааш чамайг хуваарь ёсоор нисгэнэ. Манайхан гаргаад өгнө. Ажил удсанд уучлаарай” гээд хундагаа өргөв. Буцдаггүй нөхөр байна. Том хундагаар угсруулаад гурав татуулчихлаа. Бие нь тавирч буй бололтой, хөлсөө арчиж байна.
Тэгснээ дуу орж эхлэв. Чанга хэхэрснээ гэнэт “Энэ ямар мангар том өрөө вэ. Биеийн тамирын заал шиг. Тааз хүртлээ арван хэдэн метр элбэг байна шүү” гэж байна. “Тийм байна уу. Энэ байранд хувьсгалын өмнө нэг том язгууртан сууж байсан юм гэдэг. Дайны дараа засаж янзлаад манай элчинд Сталин даргын шийдвэрээр өгсөн гэсэн. “Дайны хүнд жилүүдэд эхнээс нь дуустал туждаа хамт байсны шагнал ч гэж ойлгож болно” хэмээн Сталин хэлсэн гэдэг” гэж надаас болж хэлмэгдсэн түүнийг хэрэндээ л аргадах санаатай хууч дэлгэв. “Оросууд ч ханилгаатай улс шүү. Би нэг хэсэг Оросоос мотоциклийн дугуй зөөдөг байсан. Шатаж, босож л явлаа. Нэг итгэсэн хүндээ ч оросууд сайн шүү” гэж байна. Би түүнд “Оросуудтай наймаа хийдэг байж оросоор яагаад ярьдаггүй юм. “Не знаю” гэж гүрийж, байснаа гэнэт “Элчин сайдын толгой” гэхээр чинь тэд сандралгүй яах юм. Гар тээшээ шалгуулаад л “Энэ толгойг Элчин сайдад хүргээрэй гэж өгүүлсэн гээд хэлчихэж болоогүй юм уу” гэв.
“Би уг нь тэгж хэлсэн санаатай. Гэтэл “Элчин сайдын толгой” гэж ойлгож л дээ, муу дуракууд. Хүний толгой зөөж байв л гэж. Миний орос хэл ч гэж орос хэл. Гэхдээ наймаа хийхэд орос хэл нэг их хэрэг болдоггүй ш дээ. Үнээ тохирох хэдэн тоо мэдэж байхад л болдог. Тэгээд ч надад хонины толгой атгуулчихсан гэж хэн мэдлээ. Өглөө нэг ах “Москвад хүн тосоод авна. Элчин сайдад хүргүүлж байгаа юм” гэхээр нь эхлээд би татгалзсан. Тэгтэл зуун доллар шургуулаад байхаар нь авчихсан чинь баларчихлаа. Хэнд хүргэх ёстой гэдгээ мэдсэнээс яг юу хүргэж байгаагаа би мэдээгүй. Индүүний зурагтай, солонгос бичигтэй хайрцаг нь хөнгөхөн юм болохоор нь авчихсан. Оросууд яагаад сүржигнээд унасныг би эхэндээ ойлгоогүй. Тэр нэг хүүхэн шууд л “Что это” гэж хашгичаад эхэлсэн. Би яаж мэдэх юм, тэр цаана байгаа дэлгэцний зураг дээр нь юу гарч байгааг. Сүүлд надад харуулсан чинь шүд нь ярзайсан толгой байна гэж мэдсэн. Тэр зурган дээрээ ч хонины толгой гэхээргүй эвгүй л харагддаг юм билээ” гэхийг нь сонсоод би тэсэлгүй инээв.
Мань хүн ч намайг даган маг маг инээснээ “Ах хүү дахиад нэг тонгойлгож орхи. Сайхан ордог архи байна. Элчин сайдын толгой зөөсөн хэрэгт ингэж унах гэж, ха ха ха“ гээд хөхөрч байна. Би ч зочноо сэргээд ирсэнд баярлаж болсон нэгэн явдлаа санаж түүнд ярив. Тэр жил, зах зээлд шилжээд удаагүй байсан цагт найз Авираатай хамт хөдөө загасанд явах бэлтгэлээ базаах гээд хүнсний зах явж билээ.
Хүн амьтан пиг дүүрэн, шахцалдсан, орилолдсон олон дунд ороод явчихав. “Маагнаагаа аваарай, Маагнаагаа аваарай” хэмээн орилж, тэр үед түгээмэл байсан “Магна” тамхийг ширхэглэн зарж буй хүний дэргэд хонины хэдэн толгой лангуун дээр тавьсан нэгэн бүдүүн авгай “Чанасан толгойгоо аваарай” гэж гэнэт чанга хашгирч олныг цочоов. Хамаатуулахын тийн ялгалыг хонины толгойн жижиглэн худалдаандаа ийн хамаа намаагүй хэрэглэнэ гэж бодоогүй явсан Авираа бид хоёр нирхийн инээж билээ. Үүнийг ярих зуур мань залуу хундагаа дүүргэн ойр ойрхон хэд татаад, үг нь олширч, ярьснаа дахин дахин давтаад, сүүлдээ бүр босож ирж найган “Ах хүүгийн толгойноос ч нэг боллоо…” хэмээн дал мөр алгадахаар нь харуулаа дуудаж курьерын хэмээх дэн буудлын өрөөнд оруулж унтуулав.
Өглөөний цайгаа бид хоёр хамт уулаа. “Өчигдөр орой би яасан бол” гэж зовниж, гэмшиж буй бололтой үг дуу цөөтэй байна. Би ч элдэв юм асууж зовоосонгүй. Элчин сайдын яамныхаа гол хаалганы өмнө, алтан соёмбот төрийн далбааныхаа дор хамт зогсож зургаа даруулчихаад, нөгөө солонгос индүүний хайрцгийг нь баавгайтай чихрээр дүүргэж өгөөд “Ар гэрийнхэндээ аваачиж өгөөрэй” гээд үүднээсээ үдэж мордуулав.
Хожим хойно, намайг нутаг буцаж ирээд намын байранд контоорлож байхад тэр над дээр Цагаан сарын дараахан нэг боодолтой юм барьчихсан ирж, “Булган нутгийн идээ юм шүү, ах хүү” гээд золгож билээ. Тэр боодол дотор нь чанасан хонины толгой, өрөм, ааруул тэргүүтэн байв. Бид хоёр эртний танилууд шиг нөгөө хөгийн явдлаа санан хөхрөлдөж, жаал хууч хөөрлөө. Бага сага бизнес нь гайгүй яваа ч тэр залуу амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилж, эрсдэл хүлээхээр шийдсэн тухайгаа ярив. “Дүү хүү нь Америк явдаг юм бил үү гэж бодож байна. Нас танагтай дээрээ ядаж нэг хэл суръя, авгайтайгаа хамт америк маягийн амьдрал үзье, хүүхдээ ч тэнд сургуульд оруулъя. Миний виз бол гарчихсан. Харин авгай, хүүхдийнх яах юм, бүү мэд. Аз таарвал явна даа” гэж ярьж байв. Сүүлд сураг дуулах нь ээ, тэр одоо гэр бүлээрээ АНУ-ын Чикаго хотод суудаг, хот хоорондын тээврийн том тэрэг барьдаг болсон гэсэн. Түүнтэй дахин уулзаж хуучлах завшаан гарах байх гэж найднам.
Надад наадмын бэлэг болгон түүний оруулж ирсэн хонины толгой үлэмж үнэтэй идээ болж таарлаа. Олон хүний цаг зав, мэдрэлийн эд, эсийг нь барж, овоо зардал, чирэгдэл учруулж, урт зам туулсан учраас үнэтэй байлгүй яах вэ. Ийм идээг ганцаараа цохиж болохгүй нь ойлгомжтой. Нөгөө залууг явуулсан тэр өдөр би Коля гэх орос найз руугаа утасдав. “Нутгаас хонины чанасан толгой ирсэн. Амсах уу” гэлээ. “Яриа байхгүй. Орой очно.
Харин би өөрөө толгойг халааж янзална шүү. Өөр хүн битгий хүргээрэй” гэж байна. Коля гэдэг маань Николай Викторович Павлов. ХХ зууны эцэс, шинэ зууны эхэнд ОХУ-аас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд. Тэрбээр Монголд албаа дуусган, Москвад буцаж ирээд ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж байв. Коля бол тухайн үедээ МУИС-ийн монгол хэлний анги төгссөн, Монголд насаараа шахам амьдарсны улмаас үлэмж монголжсон нөхөр. Монгол дахь Элчин сайдын яамандаа зараалын ажилд чавхаддаг залуу ажилтнаас зарлигаар томилогддог Элчин сайд хүртэлх бүх шатыг нь дамжсан ясны дипломат. Оюутан байхдаа Улаанбаатар хотын боксын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан нэгэн. Тэр ганц медалиа төрийн ямар ч том шагналаас дээгүүр үнэлдэг этгээд.
Коля гар хоосон ирсэнгүй. Тэр ямар ч хоолоо элдэв халуун ногоо, дарш, хурц амтлагчаар хачирлаад сурчихсан эр. Ямар сайндаа Монголд “СОТ-2” гэх байгууллагад ажиллаж байсан хоол сайн хийдэг нэг армян нөхрийг Элчин сайдын яамныхаа тогоочоор авч байх вэ. Тэр армян тогооч нь Колягаас бүр салахаа больж хаана л явна, түүнийг дагаж явдаг болсон байв. Дипломат албаа дуусгахад нь нөгөө армян нөхөр нь Коляг дагаад Москвад суурьшиж байсан. Дараа нь Коля Новосибирск хотод ОХУ-ын Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоход нөгөө армян нөхөр бас л дагаад очсон харагдсан. Сүүлд Коля маань Армен улсад Элчин сайдаар томилогдсоны ачаар нөгөө армян тогооч эх нутгийнхаа барааг олон жилийн дараа харсан гэдэг.
Тэр үдэш Коля армян нөхрийнхөө бэлдэж өгсөн бололтой, сийрсэн торх дүүрэн ногоо цагаа, бастурма гэх адууны утаж давсалсан борц, ямааны сүүний бяслаг, олон төрлийн амтлагч юугаа барьсаар хүрэлцэн ирж, наадмын бяцхан ширээг минь чимэв. Мань мэтийн чадварт эргэлзсэн үү, өөрөө тэр ажлаасаа таашаал авах гэсэн үү, их үнээр олдсон нөгөө хонины толгойг битүү жигнэн халаах ажлыг Коля өөрөө хариуцна гэснээрээ гардан хийв. Хонины толгой халааж буй битүү саванд Коля ямар нэгэн анхилуун ногоо, атга дүүрэн сармис, бас бус юм хийсэн нь амтыг улам тансаг сайхан болгожээ. Гэтэл мань хүн жаахан голонгуй дуугарч байна. “Толгойг уг нь сайхан хуйхалж. Гэхдээ арай л ялз чанасан байна. Уг нь зажлууртай нь бүр гоё” гэж тэр оношлов. Мэдэхгүй, минийхээр бол яг сайхан болсон санагдсан ч би түүнтэй маргасангүй. Учир нь, Коля өөрийгөө монгол махны том мэргэжилтэн гэж боддог, үүнийгээ монгол нутгийн буян хишиг гэж үздэг орос товарищ.
“Монгол махаа санаад байна, Москвагийн мах ёстой хэрэг алга” гэж тэр үе үе үглэнэ. Тиймээс нутгаас мах ирсэн нөхцөлд Коляг дуудаж бор ходоодыг нь заримдаа баярлуулна. Шереметьево нисэх буудлын гаалийн нөхөдтэй Коля л намайг танилцуулж, тэр “арын хаалгыг” надад нээж өгсөн тул “аяганы хариу өдөртөө” байхаас өөр яах ч билээ.
Ганц толгой хувааж идэнгээ бид хоёр Монголын наадмаа дурсан ярьж, би түүнд сая хувааж хүртсэн идээнийхээ урт хийгээд бартаат замынх нь паянг дэлгэж, инээж хөхрөлдөн суухад ганц л юм сэтгэлийг минь дундлав. Тэр нь ходоод халаах юмны “хорио” маань. Өөрөө уухгүй ч нөхрөө дайлах гэтэл татгалзав. Уг нь архи уудаггүй орос гэж юу байх билээ, Коля ч бас сайн татна. Сайхан ч даана. Архинаасаа илүү даруулгыг нь анхаардаг зан бол энэ талбарт Колягаас сурвал зохих хоёр зүйлийн нэг нь. Нөгөө нь архиар нөхрөө шахдаггүй хэвшил. Эмчилгээтэй хэмээн надад ч нүүр өгсөнгүй, өөрөө ч хүртсэнгүй. “Уухгүй байж савлаад яах юм. Илүү ажил. Эр цэрэг сэлмээ сугалбал цавчих ёстой. Эр хүн архиа задалбал уух ёстой. Чи ууж болохгүй. Би ганцаараа уухдаа тулаагүй. Чамайг эдгэрсний дараа л болъё” гэв.
Бусдаар бол бид хоёр сайхан найрлаж, тэр жилийн хонины толгойтой хосгүй наадмаа ёслол төгөлдөр үдэв. Хүний нутагт тэмдэглэсэн гэхэд дэлгэр сайхан наадам болж билээ
зочин · 2016/04/21
Баяр ийг дэмжиж б н а шүү
зочин · 2016/04/21
сайн б н ай уу одоол л татий занграгтай улс тэр хэрэгтэй байншүү монголын адт түмэн дэмжиншүү шүү з
Иргэн · 2016/04/20
Муухай хар ЛУЙВАРЧИН+БУЗАР
Зочин · 2016/04/20
haha
Баяраа · 2016/04/20
сайхан дурсамж уншиж дуусаад ийм сэтгэгдэл бичиж байдаг тэнэг новш вэ. амидаа ахдаа амжилт
Зочин · 2016/04/20
eh ornoo zaraagui bol naadamaa uzehgui yu ke ke ke
Зочин · 2016/04/20
luiwarchin khulgaichiig shalgakh kheregtei