УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар уржигдар Төв аймгийн цагдан хорих газарт ажиллажээ. Энэ үеэр С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Б.Булгантай уулзсан байна. Тэр талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та Б.Булганыг эргээд иржээ. Нэлээд урт хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээ авахуулан хоригдож байна. Газар дээр очоод байдалтай нь танилцсаны хувьд ямар байна?

-Юуны өмнө хэлэхэд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн төсөл одоо УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Үүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэдэг нь ямар байгууллага байх юм. Тэр байгууллагад ямар эрх хэмжээ өгөх, статус, үйл ажиллагаа явуулах дэг журам нь ямар байх юм гэдгийг одоо хууль болгож батална. Энэ хуулийг батлахын өмнө одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөхцөл байдал ямар байгааг харах зорилготой хорих газруудаар явсан. Ялангуяа Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд Тахарын албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяалуулахаар байсан эдгээр байгууллагууд зохицож ажиллаж чадах эсэхийг үзэх зорилготой хариуцах обьектуудаар нь явж үзсэн юм. Бид гурав, дөрвөн обьектоор явахаар төлөвлөсөн байсан боловч ажлын шаардлагаас болоод эмэгтэйчүүдийн хорихоор орж чадаагүй. Төв аймгийн хорихыг үзээд орой болсон тул буцсан байгаа.

Төв аймгийн хориход очих маршрут гарсан учраас тэнд хоригдож байгаа иргэн Б.Булганы асуудлаар ээжээс нь ирсэн гомдлын дагуу түүнтэй уулзах гэсэн. Төв аймгийн хориход хоёр өөр коридороор явж, хоёр өөр газар хоригдож байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай танилцсан. Яг ний нуугүй хэлэхэд Төв аймгийн хорих бол иргэний ардчилсан оронд байдаг жирийн нэгэн хорих биш болчихож. Энэ бол дээр үеийн НАХЯ-ны шорон тийм байдаг байх гэмээр их өөр дэг журам, дарамт, нөхцөл байдалтай газар байсан. Мөн өөр байгууллагын харьяаны обьект болчихож.

-Өөр байгууллагын харьяаны обьект болчихож гэдгээ тодруулбал?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын обьект биш болжээ. Тагнуулын ерөнхий газрын харьяаны обьект болсон байна. Тэнд үүдний харуулаас эхлээд хийж байгаа бүх ажил өөр байна. Бидэнтэй хамт ШШГЕГ-ын дэд дарга явсан. Түүнийг хариуцсан обьектдоо ажлаа хийгээд явж байхад бидний бүх үйл ажиллагааг Тагнуулын ерөнхий газраас бичлэг хийж байсан. Дээрээс нь биднийг Б.Булгантай уулзуулахгүй гээд коридорт гурван хүн нуруугаа үүрээд хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихож байна. “Маш нууц, таныг нэвтрүүлэхгүй” гэж байгаа юм. Хэрэг нь л маш нууц байдаг юм байгаа биз. Хүн нь маш нууц болно гэж байхгүй шүү дээ. Хэзээ ч Монгол Улсын иргэн хүн маш нууцад орох ёсгүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүний ил амьдрах эрх, нийгэмд байх эрх гэж байдаг. Б.Булган гэдэг хүн нь өөрөө маш нууцын обьект болчихсон байна. Энэ нь хамгийн аймшигтай. Би хараад л цочирдсон. Монгол Улсын иргэн хүн маш нууц зүйл болж болохгүй. Иргэн хүн хэлье гэсэн үгээ ил тод хэлж, гаргая гэсэн өргөдлөө гаргах ёстой. Хоригдож байсан ч тэр иргэн хэвээрээ л байгаа. Тэр тусмаа шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг бол ямар ч гэм буруугүй гэсэн өнцгөөс бид хандах ёстой. Гэтэл улсын маш нууцын зэрэглэлийн обьект мэт хүн нэвтрүүлэхгүй байдалд байлгаж байгаа юм. Тэгэхээр нь би эсэргүүцлээ илэрхийлсэн. “Уучлаарай, УИХ-ын гишүүний хувьд үзье, харъя гэсэн юмаа үзээд хараад гарна. Таныг намайг битгий оруул гэсэн дарга байдаг юм бол тэр дарга нар руугаа утасдаад зөвшөөрлөө аваад ир. Тэр зөвшөөрлийг иртэл би сууж байя” гээд шалан дээр нь суучихсан юм.

-Таны шалан дээр нь сууж байгаа зураг цахим орчинд харагдаж байсан нь тийм учиртай байх нь. Тэгээд яаж зөвшөөрөл авсан юм бэ?

-20 гаруй минут суусан. Түүний дараа зөвшөөрөл нь утсаар ирсэн. Утсаар зөвшөөрөл авсныхаа дараа нэвтрүүлсэн. Тэгээд Б.Булгантай уулзаад шууд ярилцсан. Би эмэгтэй хүний нүдээр харахад бол тэнд эмэгтэй хүний нандин, эрхэмсэг байдлыг яаж алдагдуулах вэ гэсэн байдлаар л хорьсон байна лээ. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байна. Мөн тэнд хоригдогсод бүгдээрээ төмөр сараалжин хаалгатай тасалгаануудад байгаа юм. Тэд гаднаас нь бүх зүйлийг нь харж байна. Гэтэл Б.Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй учраас тэнд жоомоо ч нуухын аргагүй. Тийм л байнгын хяналт дор ил тод байна даа, тэр хүний амьдрал.

-Эвгүй юм аа...

-Эвгүй шүү дээ. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгдээрээ эрэгтэй. Тийм нөхцөлд тэнд ганц эмэгтэй байж байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь тэр жижигхэн дөрвөлжин дотор бие засах өнцөг булан гэж байна шүү дээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байгаа юм. Харин Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ, яг сараалжныхаа хажууд байсан. Өөрөөр хэлбэл тэр хүн одоо хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байгаа байхгүй юу. Тийм байдлаар хүний эрхэмсэг оршихыг үнэхээр дордуулсан нөхцөл, залхаан цээрлүүлэх хэлбэр ажиглагдаж байна лээ.

-Та эрх бүхий хүмүүст албан бичиг явуулсан байна лээ. Түүндээ энэ талаар дурдсан уу?

-Сая дээр дурдсан бие засах хэсгийн талаар бол албан бичигтээ дурдаагүй. Гэхдээ би өнөөдөр (өчигдөр) Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт хандаад, УИХ-ын гишүүддээ хувийг нь явуулаад хүний эрхийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээллийг албан бичгээр хийж хүргүүлсэн. Энэ албан бичигтээ Л.Болд гишүүн бид хоёр хамт гарын үсгээ зураад хоёр зүйлийг эрх баригчдынхаа анхааралд шуурхай хүргэе гэж шийдсэн. Нэгдүгээрт, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар маань өөрөө Тагнуулын ерөнхий газрын дарамт дор ажилладаг болсон байна гэдгийг бодитойгоор нөхцөл байдлыг нь танилцуулж бичсэн. Хоёрдугаарт, хүний эрхийн байдал үнэхээр дордсон байна. Ялангуяа Б.Булганы эрх бол олон талаас зөрчигдөж байна. Хүний эрхийг ингэж их зөрчдөг ардчилсан улс байж болохгүй. Ямар нэгэн байдлаар хүний эрхийг ингэж дордуулж, ингэж доош нь авчрах юм бол Монгол Улсын ардчилсан хүний эрхийн үнэ цэн огт байхгүй болно.

Талийгаач нөхрийнхөө байлдаж авчирч өгсөн. Байлдана гэдэг ур дүй, сэтгэл, зүтгэлийг хэлж байна шүү дээ. Талийгаач С.Зоригийнхоо ард түмэндээ тайван замаар авчирч өгсөн эрх чөлөөний өчүүхэн хэсгийг л Б.Булган эдэлж чадахгүй байна шүү дээ. Ардчилсан хувьсгалын анхдагчид бидэнд хүний эрх, эрх чөлөөг авчирлаа гэж бид баярладаг. Түүний дараа улс төрийн хэлмэгдэл зогслоо гэж бид ярьдаг. Ардчилсан Үндсэн хуулийнхаа буянаар бид үг хэлэх, өргөдөл гаргах, шударга шүүхээр шүүлгэх, өмгөөлүүлэх гээд бүх төрлийн иргэний улс төрийн эрхтэй болсон. Энэ эрхүүдийн өчүүхэн төдий нь ч Б.Булганд үйлчлэхгүй байна. Зүгээр нөхрийнхөө авчирч өгсөн зүйлээс эхнэр хүн хүртдэг дээ. Аавын өсгөсөн малыг хүүхэд нь үржүүлдэг биз дээ. Аавын өсгөсөн адуу юм чинь миний сайхан адуу гэдэг. Ээж, аавынхаа буян гэр орныг хүүхдүүд нь өмчлөөд үлддэг. Яг түүнтэй ижил С.Зориг агсан Б.Булганд их баялаг үлдээгээгүй байж магадгүй. Гэхдээ бүгдээрэнд маань, ард түмэнд маань эрх чөлөө үлдээсэн байхгүй юу. Түүний өчүүхэн хэсгийг эдлэх эрх эхнэрт нь байхгүй байна гэдгийг харахад бол үнэхээр хоолой зангирмаар байна лээ. Гэхдээ тэнд хоолой нь зангирах эрх ч хөөрхий Булганд алга. Яагаад гэвэл тэр хүний бүх амьдрал, минут тутам нь камерт бичигдэж байна. Төв аймгийн хорихын бүх өрөөг камержуулсан байсан.

-Б.Булган яг ямар байдалтай харагдаж байв. Уулзахад юу хэлж байна?

-Був буурал үстэй, 60 настай, нүднийх нь гал бөхөөгүй. Тэгсэн мөртлөө бясалгал хийж, өөрөө өөрийгөө тэр хүнд хэцүү нөхцөлд ганцаардлаас аварч, аль болохоор оюун ухааны хувьд нийгэмтэйгээ холбогдохыг хүсч байгаа тийм л хүний дүр төрх харагдаж байна лээ. Яагаад гэвэл тэр хүнийг аль болох нийгмээс таслах, маш нууцын зэрэглэлд байлгах, нийгэмд муухай харагдуулах бүхий л зүйлийг маш сайн хийж байгаа юм байна. Тэр олон ханыг нэвтэлж Б.Булган гэдэг Монгол Улсын жирийн нэгэн иргэн би энд байна шүү, би хэвээрээ байна шүү гэж хүний эрхэмсэг байдлаа хадгалж үлдэх гэж маш их хичээж байгаа нь харагдаж байсан. Яагаад гэвэл тэр хүн бясалгал хийж, ном уншиж байгаа юм билээ. Одоо хэрэг нь үнэн мөнөөрөө шийдэгдэнэ. Би бол хохирогч хүн, гэрч хүн. Би ямар ч байсан энэ хэргийг зохион байгуулаагүй, хийгээгүй, захиалаагүй. Тийм учраас хэрэг нь үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэсэн итгэл нь бөхөөгүй тийм л хүн байсан.

-Өөрөө ингэж хэлсэн үү?

-Өөрөө тэгж хэлж байна лээ. “Би бол үнэн мөн нь олдох байх гэж найдаж байна. Та нар үнэн мөнийг нь олдог болгож энэ хуулийнхаа байгууллагыг ажиллуулах байлгүй. Би бол өгдөг бүх л мэдээллээ өгч байгаа. Гэхдээ надад ямар ч эрх гэдэг юм байхгүй байна шүү” гэж байсан.

-Ер нь хүнтэй уулзуулахгүй нэлээд удаж байгаа шүү дээ. Ар гэртээ ч юм уу үг дайж байх юм уу?

-“Ээж минь өндөр настай учраас би ийм байдалд байгаагаа ээждээ харуулаад яахав дээ” гэж байх шиг байна лээ. Бид Төв аймгийн хорих дээр очихоосоо өмнө 461 дүгээр анги дээр очсон л доо. Сая өршөөлийн хуулийн дараа 461 дүгээр ангийн хоригдогсдын тал хувь нь гараад одоо маш олон өрөө суларсан юм байна. Тэр олон өрөө суларч байхад Төв аймгийн хорихоос нэг ч хүнийг тийш нь аваачаагүй юм шиг байгаа юм. Б.Булганыг 461 дүгээр ангид олон сул өрөө байсаар байтал заавал залхаан цээрлүүлсэн байдалтайгаар Төв аймагт хорьж байгаа нь өөрөө маш ойлгомжгүй санагдсан. Ер нь цаашдаа Төв аймгийн хорихыг хаах хэрэгтэй газар байна лээ. Тийм нууц байдалд Монгол Улсын иргэнийг яаж байгаа нь мэдэгдэхгүй алга болгодог. Тав, зургаан сараар ямар ч эрхийг нь, яаж ч зөрчиж болдог тийм нүх сүв Монгол Улсад байх ёсгүй. Үнэхээр бусдын адил эрх эдэлж чадахгүй, бусдын адил өмгөөлүүлж чадахгүй тэр байтугай бусдын адил унтаж чадахгүй байна гэдэг чинь өөрөө залхаан цээрлүүлэлт шүү дээ. Тэгэхээр бид шүүхийн шийдвэр биелүүлэх хуулийнхаа төсөлд энэ бүхнийг оруулна, ярина. Энэ хууль дээр ямар санаа оруулах вэ гэдгийг л судлах гэж сая биечлэн очиж үзлээ. Ингэж явахдаа бид Монгол Улсад сүүлийн 25 жил байгаагүй, би л лав сүүлийн 25 жил олж хараагүй тийм зүйлийг олж харлаа. Тэнд тэс өөр систем, дэглэмийн дэг журмыг амилуулчихсан байна шүү дээ. Тэгэхээр энэ амилуулсан зүйлийг бид яавч үргэлжлүүлж болохгүй, таслан зогсоох хэрэгтэй гэж бодогдож байсан. Хүнийг байцааж, мөрдөж болно. Гэхдээ хэргийг тэгж мөрдөхийг ардчилсан орон зөвшөөрч болохгүй шүү дээ.

Ж.БАЯРСАЙХАН