"Хувьсал” продакшны жүжигчин СТА А.Ганчимэг чадварлаг жүжигчдийн нэг билээ. Тэрбээр “ Халуун сэтгэл ”, “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” “Помогите нам”, “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’, “Гамлет” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ бататгаж байсан.

Тайзны урлагаасаа хөндийрч “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүрхээр наадагч", "Атганд үлдсэн эрдэнэ" дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж яваа. Тэрбээр "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд тоглож байхдаа мэргэжил нэгт Б.Энхтүвшинтэй хайр сэтгэлийн холбоотой болсон билээ.Энэ тухайгаа тэд олноос нуугаагүй ч хүүхэдтэй болсноо ихээхэн нууцалж байсан юм. Харин нуух болсон шалтгаан нь хосууд хамтдаа байж чадахгүй болсонтой нь холбоотой гэдэг нь удахгүй тайлагдсан.

Жүжигчин бүсгүй хайртаасаа яагаад салсан тухайгаа ярих ихээхэн дургүй. "… Хүний нөхөр хань ижил гэж ямар хүнийг хэлэх ёстой юм бол доо… Би энэ сэдвээр нэг их ярих дуртай биш. Ямар ч байсан одоогоор би охинтойгоо хоёулаа амьдарч байна. Яагаад салах болсон тухайд бүх л зүйлсийг тоочоод ярих нь утгагүй. Миний охин удахгүй хоёр нас хүрэх гэж байна. Нэлээд цаг хугацаа өнгөрсөн байгаа биз дээ. Энэ хугацаанд сайхантай, муухайтай өдрүүд олон л байсан. Магадгүй би арван жилийн дараа ч энэ талаар ярихгүй байх. Миний охин төрснөөсөө хойш нэг ч удаа тэр хүнтэй уулзаж байгаагүй. Ямар ч байсан охин бид хоёр сайхан амьдарч байгаа…

Яахав өнгөрсний сүүдэр ирээдүйд тусдаг гэж айхтар үг байдаг ш дээ. Болоод өнгөрсөн нь үнэн. Би өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэй сайхнаар хараад л явж байна. Охиноо эрүүл энх өсгөхийг хичээж байна. Миний охин л эрүүл саруул байгаасай, янз бүрийн хэл ам хүрэх вий гэж боддог болохоор энэ талаар би тэр болгон ярихыг хүсдэггүй. Бид хоёр намайг жирэмсэн байхад хоёр тийшээ болсон. Эмэгтэй хүний хувьд хамгийн хэцүү бөгөөд хамгийн аз жаргалтай мөчүүд жирэмсэн байх үе байдаг. Хэн нэгэн хажууд нь байж хайрлаж халамжлах мэдээж сайхан л байх. Миний тархинд хүүхдээ л эрүүл саруул төрүүлэх юмсан гэдэг л бодол байсан. Төрсний дараа үнэхээр хэцүү үеүд надад байсан. Гэхдээ одоо ард хоцорсон болохоор ярихыг хүсэхгүй байна. Ганчимэг гэдэг хүн яг одоо байгаадаа маш их сэтгэл хангалуун жаргалтай амьдарч байгаа. Намайг хайрлаж, надад аз жаргал бэлэглэдэг сайхан хүмүүс дэргэд минь байна" хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

О.Ариун