МАХН-ын дарга Н.Энхбаяр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, намын дэд дарга Э.Эрдэнэжамъяан, нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийлээ. Тус нам сонгуульд аль ч намтай эвсэхгүй ганцаараа оролцохоор болсон гэдгийг энэ үеэр мэдэгдсэн юм.

Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН-тай эвсэх ажлын хэсэг байгуулагдаж эвсэх асуудлаар хэлэлцсэн. МАН энэ сарын 19-ны 21.30 минутын үед дангаараа сонгуульд оролцоно гэдэг шийдвэрийг гаргасан. Сонгуульд эвсэл болж орох тухай асуудлыг 29-нд эцэслэн шийднэ гэсэн хуулийн заалт байгаа. Тиймээс бид 19-ны өдрийн орой МАН-д хандаж уриалга гаргасан. Тус уриалгад "Хоёр нам сонгуульд эвсэж орох асуудлыг яаран битгий шийдээч" гэсэн. Харин МАН-ынхан бидний уриалгад одоог болтол хариу хэлээгүй. Бид өчигдөр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайгаар дамжуулж МАН-ын дарга М.Энхболдод энэ асуудлыг сануулаад эцсийн байр сууриа илэрхийлээч гэсэн. Харин тэрбээр Бага хурлын шийдвэр гарчихсан байгаа учраас эргэж, буцах зүйл байхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэд өнөөдөр СЕХ-нд "МАН дангаараа сонгуульд орно" гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Үүнээс харвал хэн эвсэхийг хүсч байсан, хэн хүсэхгүй байсан нь ойлгомжтой болсон байх. Тодруулбал, МАН анхнаасаа МАХН-тай эвсэж орох хүсэлгүй байсан нь батлагдлаа. Манай нам Ногоон намтай эвсэх тухай асуудлыг ярьж байсан. Ногоон нам Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсээд тамгаа барьцаалуулчихсан гэж дуулсан. Тийм учраас Ногоон намтай эвсэх тухай асуудлыг дахин яриагүй. Өчигдөр ИЗНН-тай эвсэх тухай асуудлыг ярилцаж намын дарга С.Оюун, Ц.Ганхуяг нартай уулзсан. Ц.Ганхуяг дарга нь манай намтай эвсэх сонирхолтой байгаа. Ажлын хэсэг байгуулсан гэдгээ ч хэлсэн. Харин С.Оюун, С.Дэмбэрэл дарга нь өөр, өөр байр суурьтай байгаа юм билээ. С.Оюун даргын хувьд Ардчилсан намтай нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс өөр намтай эвсэх тухай асуудлыг дэмжихгүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд бид ойлголцоод, энэ асуудал мухарлагдсан. Бид хуулинд нийцүүлээд өчигдөр орой 17.00 цагаас Бага чуулганаа хуралдуулаад 19.00 цагт дангаараа сонгуульд оролцоно гэсэн байр сууриа баталгаажуулаад бичиг баримтаа бэлдсэн. Маргааш СЕХ-нд энэ асуудлаа албан ёсоор хуулийн дагуу, хугацаанд нь өргөн барина. МҮАН-ынхан хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаад намын удирдах зөвлөлөө хуралдуулаад 2016 оны УИХ-ын сонгуульд Шударга ёс эвслийн бүлгийг энэ хэлбэрээр нь хадгалах боломжгүй гэж үзсэн байгаа. Сүүлд албан бус маягаар уулзахад өөр намтай эвсэх тухай яригдаж байгаа бол бид гуравдагч юм уу, дөрөвдэх нам болж хамт орох саналтай байна. Нэгэнтээ МҮАН энэ хэлбэрээрээ сонгуульд оролцох боломжгүй гэж зарласан учраас бид хамтарч оролцохгүй гэсэн” гэв.

 

Үүний дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Үндэсний Аудитын газарт Мөрийн хөтөлбөрөө хэзээ өгсөн бэ. Дангаараа оролцох шийдвэрээ гаргаад өчигдөр, өнөөдрийн аль нэгэнд нь өгсөн гэж ойлгож болох уу. Хуулийн хугацаандаа амжиж өгсөн үү?

 

-Бид МАН-тай энэ сарын 19-ны өдөр уулзаж мөрийн хөтөлбөрөө хамтран боловсруулья, 20-ны өдөр өгөөрэй гэсэн зөвлөмжид нь нийцүүлье гэсэн. МАН татгалзсан. Тэгээд юу ч гэсэн СЕХ, Аудитын газартай зөвлөөд үзэхэд тэд юу ч гэсэн өгчихсөн дээр, эвсэх тухай асуудлыг хуулийн хугацаанд эцэслэн шийдээд дараа нь нийлүүлээд ч юм уу, тодруулаад ч юм уу өгч болно гэж хэлсэн. Бид зөвлөмжийн хугацаанд нь нийцүүлээд 20-ны өдрийн 17 цаг 25 минутад өгсөн. МАН-ыг жаахан харж байгаад Э.Эрдэнэжамъяан дарга аваачиж өгсөн.

 

-Та энэ сонгуульд нэр дэвших үү. Ялтайд тооцох хугацаа байгаа, байхгүй гэсэн зүйл ярьж байгаа. Хууль эрх зүйн хүрээнд сонгуульд дэвших боломжтой юу?

 

-Намайг ялтай, ялгүй гэх асуудлыг ярьж байгаа. Гэхдээ яриад байх зүйл байхгүй. Би Ялгүй. 2009 оны Өршөөлийн хуулиар надад хүчээр тулган, хэлэмэгдүүлж байсан 263 гэдэг зүйл өршөөлд хамрагдсан. Тиймээс ялтайд тооцох асуудал байхгүй. 2015 оны Өршөөлийн хуулиар надад тулгаж байсан 150.3 гэдэг зүйл хамрагдсан учраас ялтай байдал өршөөгдсөн. Гэтэл үүнийг улс төржүүлээд, Н.Энхбаяраас айгаад сонгуульд оруулахгүй гэсэн атгаг санаа өвөрлсөн өндөр албан тушаалтнууд энэ асуудлыг хиймлээр бий болгож, эргэлзээ төрүүлж, сонгуульд оролцуулахгүй байх хүслээ биелүүлэх гэж зүтгэж байгаа. Гэхдээ энэ сонгууль бол Н.Энхбаяргүй болвол ардчилсан биш сонгууль болно. АСЕМ-ын хурал болох гэж, Монголд үнэхээр ардчилал байгаа гэж үзүүлэх гэж байгаа юм бол үүн дээр хуулийг будилуулж, ойлгомжтой асуудлыг үймүүлж, ард иргэдэд эргэлзээ төрүүлж удирдаж явуулах гэж байгаа бол энэ бүтэхгүй. Би сонгуульд орно. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй. Гэхдээ зохиомол хэрэг үүсгэж, сонгууль болохоос өмнө шийдвэр гаргах гэж улайрч байгаа. Утгагүй асуудлуудыг над дээр тулгаж, айлган сүрдүүлэх ажиллагаа явагдаж байгаа. 2012 онд миний мэдлэг боловсрол УИХ-ын гишүүнээр ажиллахад хүрэхгүй гэсэн үндэслэлээр намайг сонгуулиас хассан. Энэ хугацаанд би мэдлэгээ жаахан дээшлүүлсэн.

 

-Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор “Шударга ёс” эвсэл дотроо зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Танай намын гишүүн Д.Тэрбишдагва үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ хугацаанд асуудлыг нам дотроо хэлэлцсэн үү?

 

-Ямар нэгэн асуудал дээр намын гишүүд санал зөрөлдөх асуудал айдаг. Үүнийг тийм айхтар зөрчилтэйгөөр шийдэгдэхгүй байх гэж бодож байна. Цэцийн дүгнэлт хоёр талтай. Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт Сонгуулийн хуультай зөрчилдөж байна гэсэн дүгнэлт гаргасан Цэцийн гишүүд хэдхэн сарын өмнө үүнээсээ эсрэг шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр нэг байгууллага нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт гаргана гэдэг захиалгатай, луйврын шинжтэй, төрийн гэмт хэрэг, төрийн эрхийг хууль бусаар хэн нэгэн улс төрийн хүчинд өгөх гэсэн увайгүй оролдлого. Төрийн хямралыг зориудаар бий болгож байна. Төрийн хямралыг бий болгож байгаа учраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдрал маш хүнд байна. Иймэрхүү маягаар төрийн бүх байгууллага ажиллаж ирсэн учраас өнөөдөр Монгол гүн гүнзгий хямралд ороод байна.

Т.Хулан