УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувьд сүүлийн үед барцадтай байгаа.  Түүний жилийн нийт орлогоо 10978.26 мянган төгрөг бол гэр бүлийн нийт орлого нь  561721.93 мянган гэж мэдүүлсэн байдаг. Энэ их хөрөнгөөсөө тэрбээр Тусгаар тогтнолын ордныг баригдсны дараа компьютер, сүлжээний иж бүрэн тоноглолыг үнэгүй хийж байсан гэх яриа бий.

Үүнээс гадна тэрбээр 46 сая ам.долларын өртөгтэй тендерийг будлиулж хэтэвчээ зузаатгасан сураг бий.  Энэ мэтээр түүний зузаан халаасаа дахин зузаатгасан байж болох  бор шувуу их бий.

Харин түүний энэ их мөнгө өнөөдөр  асуудал дагуулаад байна. Эхнэр О.Эрдэнэсолонго нь дөрвөн банкин дахь өөрийн эзэмшлийн 26 дансаар их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож шалгагдаж эхэлсэн. Тэгтэл эхнэрийн хэргээс эхлээд түүний сайд байх үеийн өдий төдий хэрэг ар араасаа цуварч, шалгах тусам  хэрэг нь нэмэгдээд байгаа билээ.  

Тэгэхээр  УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр улс төрөөс арчигдаж байна гэж хэлж болно. Энэ хүнд үед тэрбээр өөрийг нь улс төрд оруулсан улс төрийн загалмайлсан эцэг болох Н.Энхбаяртаа хандаад байгаа. Тодруулбал олоон жилийн өмнө улс төрд оруулсан хүн нь одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр ажээ.  Үүнийг ч тэрбээр хэлж байсан удаатай. Харин хэрэг төвөгт орооцолдоод ирэхээрээ хоолны хордлого болж  Н.Энхбаярынхаа яг хажуугийн өрөөнд хэвтсэн гэж байгаа. Тэр үеэрээ улс төрийн загалмайлсан эцгээсээ тусламж гуйсан, зөвлөгөө авсан л  байж таарна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр шалгагдаж эхэлснээсээ  хойш нам гүм байна. Тэрбээр сүүлийн үед намынхаа ажилд оролцоогүй бөгөөд  МАН-ын бага хуралд ч ирээгүй юм. Мөн сүүлийн үед намынхаа байраар ч үзэгдэхээ байсан  бөгөөд  утсаа ч авахгүй байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Ё.Отгонбаярын хувьд МАН-аасаа гарч МАХН-д орохоос өөр гарц үгүй болж байх шиг байна.  Өөрөөр хэлбэл МАН түүнээс нүүр буруулж байгаа эсвэл тэрбээр намаасаа өөрийнхөө ухамсараар нүүр буруулахаар төлөвлөөд байгаа байх.

МАН-ын гишүүдээс энэ асуудлаар ярилцлага, тодруулга өгөх хүн ч байхгүй байгаа нь Ё.Отгонбаярыг хэрхэхээ хараахан шийдээгүй бололтой юм.  Хэрвээ МАН Ё.Отгонбаяраас нүүр буруулбал  тэрбээр дараагийнхаа хувилбар болох  МАХН-д орох талаар бодоод эхэлчихсэн нь тодорхой.  

Өөрөөр хэлбэл энэ удаад Ё.Отгонбаяр “аав”-ын хаалга татсан ч татаагүй ч  улс төрийнхөө орон зайг алдахад хүрээд байгаа юм.  Түүний хувьд улс төр дахь өөрийнхөө орон зайг алдалхгүйн тулд  Н.Энхбаярын байгуулсан МАХН-д хүч нэмж, өөрөө нэр цэвэр үлдэх шаардлагатай болж байгаа юм.  Тэгэхээр  УИХ-ын гишүүний суудалдаа хазгай мурий сууж байгаа Ё.Отгонбаярын улс төрийн түүхэн замналд  нам сольсон гэх өгүүлбэр орох эсэхийг хараад л суух л үлдэж байна.  

А.Баярмаа