УИХ-ын сонгууль 2016 оны 06-р сарын 29-ны өдөр болно. Энэ удаагийн сонгуульд 13 нас, 3 эвсэл оролцохоо мэдэгдээд байгаа. Одоогоор олонх болоод байгаа Ардчилсан нам 2012-2016 оны бодлогоо хэрэгжүүлэхээр болсон. Тэдний хувьд Монгол улсыг элгээр нь хэвтүүлсэн нь багадаад “сэхээнд” оруулахаар төлөвлөөд байгаа бололтой. Үүнийг гурван багц жишээгээр тайлбарлъя:

Нэгт. Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилт нь хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэж байсан. Үүнийгээ Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод тусгаж байсан түүхтэй. Түүхийг эргэн сануулбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна. Жендерийн зохистой харьцаа алдагдсан салбарыг онцгой анхаарч ажиллана гэснийг нэмж тусгасан байдаг. Гэвч энэ бүхэн огт хэрэгжээгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 4 жил орчмын хугацаанд улирал дараалан буурч, 2015 оны эцэст урьдчилсан байдлаар 2,9 хувьд хүрсэн бөгөөд эдийн засгийн гүн хямралд орсон. Монгол улсын өрсөлдөх чадвар 2012-2013 оны тайланд 3,9 оноо авч байсан бол 2015-2016 онд 3,8 болж буурсан. 2012 онд 142 орноос 93-т орж байсан нь 2015 онд 140 орноос 104-т орж, 11 байр ухарсан. Тооцоо судалгаагүй, алдаатай төрийн санхүү, мөнгөний бодлого хэрэгжүүлсэн нь эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг ноцтой дордуулсан.

Хоёрт. Бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийнэ гэж амалж байсан нь нуухыг нь авах гэж байгаа нүдийг нь сохолж, дутуу дулимагдуулсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл хийсэн шинэчлэл нь томоохон ААН-үүдэд болон татвараас зугтаж, хөрөнгө орлогоо нуусан этгээдүүдэд давуу эрх олгосон, харин татвараа шударгаар төлдөг ААН-үүд бизнес эрхлэгчдийг илт ялгаварлан гадуурхсан, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг хааж боосон шинэчлэл хийгдээд байна.

Тухайлбал:

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга

  • Босго 50 сая төгрөг
  • НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгч буюу хувь хүн
  • НӨАТ төлөгчид 20 хувийг буцааж өгөх
  • Үндсэн хөрөнгийн худалдан авалтанд хасалт хийхгүй
  • Хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх зардлын хасалтыг хийхгүй
  • Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл – 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй эд хөрөнгө, үйл ажиллагаагаа мэдүүлж, татварын өршөөлд хамрагдсан.
  • “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, 2013.10.03-ны өдөр батлагдсан, 2013.11.01-нээс мөрдсөн : Татварын тогтворжуулалтын гэрчилгээ, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан 5-18 жил байхаар заасан гэх мэт болно.

Гуравт. Зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулна гэдгийг амалж байсан нь хэрэгжээгүй. Харин ч иргэдэд гай болж байгаа. 2011 онд зээлийн дундаж хүү төгрөгийнх 15,5%, харин валютынх 12,1% байсан бөгөөд өнөөгийн байдлаар төгрөгийнх 21,5%, харин валютынх 13 хувьд хүрээд байна. Өөрөөр хэбэл зээлийн хүү төсөв, мөнгөний алдаатай бодлогын улмаас буурах биш, харин өссөн.

Ийм байхад бодлогоо зөв байсан хэмээн улсын өрийг нэмэгдүүлэх гээд байгаа цаад санаа нь юу вэ? З.Энхболд дарга аа