Эх орны хөгжил цэцэглэлт болон хүн амын бодлогод эерэгээр нөлөөх хууль хэлэлцэгдэх гэж байна
2016/05/02
Монголчууд олуулаа болохыг хүсэн мөрөөдөж, нэг сая болон хоёр сая, гурван сая дахь иргэдээ шагнаж, мялаан “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөдөг ард түмэн. Бид саяхан гурван саяуулаа боллоо гэцгээж байсан бол Дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудаа тоолвол хангалттай олуулаа.
Гэвч гадаадын иргэнтэй гэрлэсэн хүмүүсийн хүүхэд болон эх орноосоо гараад удаж буй иргэд Монгол улсын иргэнд тооцогддоггүй зэрэг харамсалтай асуудал байсаар байгаа. Эл асуудлаас болж, эх орондоо ирж чадахгүй байх тохиолдол ч бий. Иймд үүнийг зохицуулах хуулийн төсөл үгүйлэгдэж буй юм.
Тэгвэл зайлшгүй шаардлагатай яг ийм хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан өргөн барьжээ. Тодруулбал тэрбээр улс эх орныхоо хөгжлийг урагшлуулах, хүн амаа нэмэгдүүлэх, соёл уламжлалаа хадгалж түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэлээд ашигтай хуулийн төсөл санаачилсан байна. Өөрөөр хэлбэл энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт буцаасан байгаа. Одоогоор манай улсад 1995 онд батлагдсан “Харьяатын тухай” хууль хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд уг хуульд дөрвөн удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан хэдий ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй болжээ.
Учир нь манайхан иргэдээ гадагшаа алддаг бус авч үлдэх бодлого баримтлах хэрэгтэй болж байгаа юм. 1995 оноос хойш гэхэд л давхар харьяалал үүсгэсэн 16000 гаруй иргэн, 6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм байна.
Өнгөрсөн 20 жилд 59 мянган хүн Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан бол 221 хүн манай улсын харьяат болсон ажээ. Мөн манай улсын 16 мянган иргэн давхар харьяалалтай байгаа бөгөөд 252 хүүхэд гадаадын иргэний гэр бүлд үрчлэгдсэн байна.
Тиймээс одоо хэлэлцэгдэх дээрх хуульд Монгол Улсын иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй, Монгол улсын иргэн гадаадын улсад амьдран суух нь иргэншлээ алдах үндэслэл болохгүй, давхар харьяалал үүсгэсэн Монгол улсын иргэнийг Төрийн албанд ажиллуулахгүй байх ёстой гэдэг асуудлыг тусгасан байна. Тиймээс хүн амын болон эх орны хөгжил, цөөхөн Монголчуудаа гадаадын улс руу алдахгүй байх зэрэг чухал асуудлуудыг хөндсөн уг хуулийг батлуулах зайлшгүй шаардлага бий. Харин УИХ-ын гишүүд үүнд ямар тайлбар хийж, хэрхэн хандахыг иргэд харах л үлджээ.
Н.Чимэг