Их бичгийн хүмүн Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” зохиол энэ хаврын улс төрийн нэгээхэн сэдэв болж байна. Тодруулбал, намаасаа “Гологдсон” нөхдүүд бие даан нэр дэвших шийдвэрийг гаргаад байгаа нь ийнхүү нэрлэхэд хүрчээ.

 

Бие даан нэр дэвшигчдийг харвал нээрээ л намаасаа “Гологдсон хүүхнүүд” болж ялгарсан нөхдүүд байх аж.

 

ХҮН-ын “Гологдсон хүүхэн” нь Б.Найдалаа

 

Саяхан шав сууриа тавьж залуу сэхээтнүүдээр намаа тэлнэ гэсэн бодлого барьж энд тэндэхийн нүүрээ тахалдаг шижигнэсэн залуусаар багаа бүрдүүлсэн ХҮН-ын “Гологдсон хүүхэн” нь Б.Найдалаа. Намаа бужигнуулсан “дайснуудын” толгойлогчоор тодорсон түүнд намаас нэр дэвших орон зай даанч байхгүй. Намаасаа нэр дэвшье хэмээн хэлэх ч нүүр байхгүй болсон гэхэд болно.

 

Түүнийг СЭЗДС-д Эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад Япон улсад хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Анод банк болон Хаан банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, MCS групп, Юнител ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал, MCS Холдинг ХХК Хөрөнгө оруулалтын ахлах менежер, МЭЗФ-ийн Гүйцэтгэх захирал, 2012 оноос Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эдийн засгийн салбарын нэгэн юм. Тэрээр сүүлийн жилүүдэд улстөрийн ажилд идэвхтэй оролцож, ХҮН-ыг бараадсанаар карьер нь дээшлэх боломж олдсон хэдий ч хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчийн үлгэр болсон болж намаасаа хөөгдөж туугдахаа хүрсэн нэгэн. ХҮН-ын даргын байр суурийг булаацалдсан түүний “Баастсан” нэр хүнд эргэн сэргэнэ гэхэд дэндүү богино хугацаа үлджээ. Сайн нэрийг хүсэвч олддоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй гэж үг бий дээ.

 

ХҮН-ын дарга С.Боргил яах аргагүй орно

 

Тус намыг бужигнуулсан хүмүүсийн тоонд ХҮН-ын дарга С.Боргил яах аргагүй орно. Тэрбээр тус намын гол хөрөнгө оруулагч гэгддэг Т.Ганболдыг хөөсөн гэдгээрээ алдаршсан нөхөр дөө. Намын тамгаа булаацалдсан тэрбээр Ганболд, Одонгуа нарын хүмүүс ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх 90 хувийн ажлыг хийсэн. Тийм учраас бид намын дүрмэнд заасны дагуу хуралдан ХҮН-ын гишүүн Ганболдыг хөөж явуулсан. Ер нь бид эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор, мөн АН-ыг дэмжинэ гэх мэдээлэл гарсныг сонгуульд оролцуулахгүй байх гол шалтаг боллоо гэж үзэж байна” гэсэн хэдий ч энэ асуудал нь түүнийг шоу хийж байна гэж дүгнэхэд хүргэсэн юм.

 

Дараагийн “Гологдсон хүүхэн” нь Ховдын Ш.Адьшаа

 

“Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаа 2012 оны сүүлчээр Ардчилсан намын гишүүн болж сүр дуулиантай гэгч нь аргагүй батлахаа гардан авч байсансан. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ховд аймагт бие даан нэр дэвшиж, тойргийн нийт сонгогчдын 33 хувийн санал авсан үүндээ нэлээд эрдэж бардан, бараг л сонгогдчихсон юм шиг хөөрч байсан юм. Үүнийхээ дараа улс төрийн намуудаас санал ирээд л байгаа, би татгалзаад л байгаа ухааны юм ярьж чамгүй сурталчилгаа хийгээд авсан ч түүнд намын төлөөлөл болон нэр дэвших боломж олдсонгүй. Тиймдээ ч бие даан нэр дэвших шийдвэрийг гаргаж. 2012 оны сонгуулийн дараа Ховдын ард түмэнд хандаж хэлсэн үг цаашаа, цаашаа. Уг нь “Надад итгэл хүлээлгэсэн энэ олон мянган сонгогчийн өмнө хариуцлага хүлээж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө энэ сонголтыг хийж Ардчилсан намын гишүүн болж байгаа юм. Монгол Улс, Ховд нутгийн хөгжил дэвшил, Ардчилсан намын эрх ашиг гэж байхаас бус нам доторх фракцуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавих нь зохимжгүй. Тийм учраас би аль нэг бүлэглэл фракцийн эрх ашгийг бодолгүй нийтлэг ард түмний төлөө намын бодлогыг дэмжиж та бүхэнтэй хамтарч ажиллахыг хичээх болно” хэмээн цээжээ дэлдэж байсан нь зүүд байсан байлгүй.

 

Дараагийн “Гологдсон хүүхэн” нь М.Ичинноров

 

Урвасан, шарвасан тухай асуудлыг энд ярихын ч хэрэггүй байх. Тээр жилийн гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдрийг их л мундаг тэмдэглэснийг ард түмэн санаж байгаа байх. Энэ өдөр МАХН-ынхан баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн юм шүү дээ. Энэ өдөр олон залуус тус намд элсэн батлахаа гардан авсны дотор Хүний эрхийн хуульч М.Ичинноров байсан нь цөөнгүй хүний гайхшийг төрүүлээд авсан юм. Ингээд л хүний эрхийг хамгаалагч, ард түмний дуу хоолой гэгдэж байсан нэгэн бүсгүй маань МАХН-ын жигүүр дор хоргодож эхэлсэн түүхтэй. МАХН-ын баярын индэр дээр яралзтал инээж байгаад батлахаа гардан авсан түүнийг “Хайран хүн” хэмээн харууслын шүүрс алдан харж зогссон нь олон гэж байгаа. Үүнээс өмнө бол Иргэний Хөдөлгөөний намаас УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж байсан гээд ярьвал олон юм бий.

 

За тэгээд араас нь жагсаавал эрээвэр хураавар, энд тэндэхийн босогчид, тэмцэгчид зөндөө зөндөө.

 

Дуучин Нара ч аль эрт шийдвэрээ гаргаж нэр дэвшинэ гэдгээ илэн далангүй дэлгэчихсэн. Харин өмгөөлөгч Г.Батбаяр гэж эрүүл согтуу нь мэдэгдэхгүй юм ярьдаг хэмээн шүүмжлүүлж, бусдыг дургүйг хүргэдэг “Сайхан гар” Их Хуралд бие даан нэр дэвшинэ. Ёстой л залуусын хэлдэгээр нэр дэвшинэ л гэнэ шүү.

 

Аа бас Арго багш энэ мөрөөдлийн багт нэмэгдэж байгаа. Түүний араас "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, "Гал Үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр "Шударга шvvх" ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт, УИХ-ын гишvvн СГанбаатарын дvv С.Гантуяа, өмгөөлөгч Ц.Монгол, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар гээд л “Мөрөөдлийн баг”-ийнхан хаяагаа тэлж аваад, хадгаа барьж сонгуулийн ерөнхий хороонд очсон юм байх. Дахиад л залуусын үгийг зээлэн “Мөрөөдлийн баг”-ийнхандаа хэлэхэд дээрх нөхдүүд УИХ-ын гишүүн болно л гэнэ шүү.

 

24tsag.mn