АТГ-ын дарга бол гүйцэтгэх ажиллагааны төв болж, түүнд хяналт тавьдаг албан тушаалтан. Дэд даргын хэмжээнд гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хяналт сулрах эрсдэлтэй.

Авлигатай тэмцэх газар албан ёсны бус орлогч даргатайгаар үйл ажиллагаа явуулаад нэг сарыг үдэв. Өмнөх буюу тус газрын гурав дахь даргаар ажиллаж байсан тэргүүн комиссар Н.Ганболд Ерөнхийлөгчид өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснийг УИХ ёсоор болгосноос хойш орны нь хүнийг оруулж ирж, шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь энэ. Уг нь Ерөнхийлөгчийн зүгээс хурандаа Х.Энхжаргалыг тус газрын даргад санал болгосон ч Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд дөнгөлүүлсээр саяхныг хүрээд байв.

Улмаар Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан ч АН-ын бүлгээс авсан завсарлагад дахин хүлэгдэж ээлжит долоо хоногтойгоо золгоод байна. Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын даргын түр эзгүйд түүний шийдвэрээр дэд дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ гэж заасан байдаг ч нэгэнт чөлөөлөлсөн хүнийг орлох нь учир дутагдалтай.
Ялангуяа, сонгууль дөхсөн энэ үед хууль зүйн чухал гэж хэлж болох салбарыг зөвхөн орлогч даргын хэмжээнд удирдах нь тус газрын үйл ажиллагаанд гаднын тэр дундаа улстөрчдийн нөлөө орохгүй гэсэн баталгаа байхгүй юм.

Учир нь, АТГ-ын дарга бол гүйцэтгэх ажиллагааны төв болж, түүнд хяналт тавьдаг албан тушаал. Харин зөвхөн дэд даргын хэмжээнд гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хяналт сулрах нөхцөл үүсгэх эрсдэлтэйг хуульчид хэлж буй. Тэгэхээр Н.Ганболдын орных нь хүнийг нөхөн томилохгүй, тус газрыг сар орчмын хугацаанд даргагүй явуулж байгаагийн цаана ямар шалтгаан, хэний ашиг сонирхол нуугдаж байна вэ. Мэдээж хэд хэдэн гаргалгаа гарч ирж байна.

Өөрийн хүнээ томилох замаар АТТ-ыг халаасандаа хийх, одоогийн нөлөөгөө улам тэлэх З.Энхболдын сонирхол, түүнд нь дэмжлэг үзүүлэх учраас ирэх сонгуульд сонгогдох эрхээ олж авах гэсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын сонирхол талаас нь харвал дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь оргүй биш ортойл яриа.

Эхнийх нь АН-ын дотоод зөрчилтэй шууд биш ч зарим сэжмээр холбогдож байна. Тавантолгой, төмөр зам тойрсон хэргийн зангилаа сонгуулийн өмнөх АН-ын фракциудыг хэдэн талд гарч суух шалтгаан болоод буй. Үүн дээр Ерөнхийлөгч ба УИХ-ын дарга гэсэн төр, засгийн удирдагчдын тэмцэл ч нэмэгдэнэ. Уг нь сонгуулиас өмнө фракциуд нь учраа ололцох, байр сууриа нэгтгэж, нэг завин дээр гарах нь АН-д л хэрэгтэй. Гагцхүү нам доторх байр суурь, нөлөөллөө улам бэхжүүлэхээр зорих болсон Ерөнхийлөгч, АН-ын дарга хоёрын сонирхол АТГ-ын даргын томилгоон дээр илүү тодорч эхэллээ. Үүнд нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан ч татагдан оролцох болсон тухай мэдээлэл улс төрийн хүрээнд хэдийнэ гараад буй.

Ингэхдээ АТГ-ын даргыг Ерөнхийлөгчөөс бус УИХ-аас нэр дэвшүүлэх заалт бүхий хуулийн төслийг боловсруулж З.Энхболдод өргөн барина гэх. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар АТГ-ын даргыг Ерөнхийлөгчөөс санал болгосноор УИХ-аас томилох заалт бий. Өөрийн хүнээ томилох замаар АТГ-ыг халаасандаа хийх, одоогийн нөлөөгөө улам тэлэх З.Энхболдын сонирхол, түүнд нь дэмжлэг үзүүлэх учраас ирэх сонгуульд сонгогдох эрхээ олж авах гэсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын сонирхол талаас нь харвал дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь оргүй биш ортой л яриа. Ингэх нь хэн хэнийх нь ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх учраас товчруулын олонхоо гаргаад л баталчих бүрэн боломжтой. ИЗНН, МҮАН-ын дөрвөн гишүүнийг эгнээндээ нэгтгэж сонгуулийн газрын зургийг зурсан АН-д, намын дарга З.Энхболдод хамгийн байж болох бодит хувилбар.

Гэхдээ эсрэг талд байгаа сөрөг хүчин МАН, цаашлаад Ерөнхийлөгчийг хэтэрхий басаж болохгүй. Тэр тусмаа Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой шүүмжлэл намжаагүй энэ үед хуулийн өөрчлөлтөөр хүчний байгууллагын үйл ажиллагааг сулруулах нь АН-д төдийгүй Н.Энхбаярт халтай тусна Адаглаад МАН-ынхан ийм боломжийг зүгээр сууж байгаад тэдэнд олгочихгүй. Сонгуулийн өмнө намын харьяалалтай аймгийн Засаг дарга нарыг нь ээлж дараалан саатуулж сонсогчдын саналд нөлөөлж байсан гашуун туршлага МАН бий. Шөнөжин хуралдсан намын Бага хурлаасаа нэр дэвших эрхээ өвөртлөөд гарч ирсэн нэгнийг АТГ-аас шууд саатуулж байсан бэлээхэн жишээ байгаа болохоор МАН-ынхан энэ удаад гэнэ алдахгүй нь лав. Энэ бүгдээс харахад Сонгуулийн хуулийн өөрчлөлт, тойргийн газрын зурагтай энэ зэрэгцэхүйц улс төрийг халаах сэдэв яах аргагүй АТГ-ын дарга тойрсон томилгоо байх бололтой.

 

 

Ё.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/