С.Жавхлан: Малчны зээлд хатуу шалгуур байхгүй
2016/05/19
Хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга С.Жавхлантай ярилцлаа.
-Малчны зээлийн хүүг 10 хувь болгож бууруулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэчнээн малчин бага хүүтэй зээлийг аваад байна вэ?
-Жилийн 29.8 хувийн хүүтэй олгож байсан малчны зээлийг энэ оны хоёрдугаар сараас 18 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Дараа сараас нь Засгийн газраас баталсан “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар дамжуулан малчдад 10 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Хаан банк хөтөлбөрт хамрагдсанаар дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс хөнгөлөлттэй зээлийг мөн олгож эхлээд байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 22 гаруй мянган малчинд нийт 86 тэрбум төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон бөгөөд хүсэлт гаргасан нийт малчдын 95 хувьд зээл олгосон талаар мэдээ байна. Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд 200 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан. 2015 оны жилийн эцсийн байдлаар малчны зээлийн багц 240 орчим тэрбум төгрөг байсан. Харьцуулбал, өнгөрсөн оны хэмжээнд дөхөхүйц малчны зээлийн эх үүсвэрийг Засгийн газраас шийдсэн. Онцлог нь хүү бага, зээлийн дарамт байхгүй, зориулалт нь өөрчлөгдсөн.
-Өмнө нь өндөр хүүтэй зээл авч байсан иргэд 10 хувь болгох процесс хийгдэж байгаа юу?
-Өмнөх зээлийн хүүг 10 хувь руу шилжүүлэх ажлууд хийгдэж байгаа. Зээлийн ерөнхий шаардлага, зориулалтыг хангасан иргэд зээл олгож буй банкиндаа хүсэлт гаргасан тохиолдолд хүүг 10 хувь руу шилжүүлж байгаа. Харин малчны хэрэглээний зээлийг шилжүүлэхгүй. Малчдад олгож буй 10 хувийн хүүтэй зээл бол үйлдвэрлэлийг дэмжих зориулалттай. Өмнөх зээлээс хүү гурав дахин бага, хугацаа хоёр дахин урт болсон. Нэг малчин өрхөд тав хүртэлх сая төгрөгийн зээл өгч болохоор журамласан. Өмнө нь хамгийн ихдээ 3.5 сая төгрөгийн зээлийг олгож байсан. Таван сая төгрөгийн зээл авсан малчин сарын 0.8 хувийн хүүтэй буюу жилдээ 500 мянган төгрөгийг төлнө. Өмнө нь таван саяын зээл авсан малчин жилдээ 1.5 сая төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг байлаа. Малчдад ирэх зээлийн дарамт багассан нь хүү буурсны хамгийн том давуу тал юм.
-Нийт зээл хүсэгчдийн 90 гаруй хувь нь зээлээ авч чадаж байна гэж та ярилаа. Энэ нь малчид зээлийн шалгуурыг хангаж чадаж байгааг харуулж байна л даа. Гэхдээ зарим иргэдийн хувьд малчны зээлийн үндсэн гурван шалгуур нь өндөр байна гэж ярьж байсан?
-Зээл хүсэгчид тавих хамгийн энгийн гурван шалгуурыг малчдад тавьж байгаа. Нэгт, тухайн зээл хүсэгч малчин өөрийн нэр дээр “малчин данстай” байх, түүгээрээ гүйлгээ хийдэг байх ёстой. Өнөөдөр бүх малчин “малчин данс”-тай байгаа. Учир нь ноос ноолуур, арьс ширний урамшуулал уг дансаар дамждаг болсон. Энэ дансаар дамжуулж байгаа нь малчдын орлогын эх үүсвэрийг тодорхойлох боломжтой болж байгаа. Банк тухайн малчинд зээл олгохдоо орлогын эх үүсвэрийг чухалчилж хардаг. Тиймээс малчдын хувьд орлогыг тодорхойлох гол баримт нь “малчин данс” болдог. Хоёрт, малчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөг байх шаардлага тавьж байгаа. Шинэ хуулиар малчдад эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөх уян хатан боломжийг нээсэн. Сар бүр заавал нийгмийн даатгал төлөхгүйгээр жилдээ нэгээс хоёр удаа төлөх боломж юм. Малчны 10 сарын хөдөлмөрийг 12 сараар үнэлдэг болсон. Тэгэхээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь тухайн малчны ирээдүйд хэрэгтэй, иргэний үүргээ биелүүлж буй шаардлага юм. Гуравт, зээл хүсэгч нь малдаа тарилга туулга, угаалгыг технологийн хугацаанд хийлгэж байх шаардлага тавьж байгаа. Энэ үндсэн гурван шаардлагыг хангасан тохиолдолд 10 хувийн хүүтэй малчны зээлд хамрагдах бүрэн боломжтой.
-Малчид байнгын хот суурин газар орж амжихгүй учраас эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөх асуудал нь орхигддог. Тиймээс огт төлөөгүй хүмүүст энэ нь өндөр шалгуур шиг санагдаж байгаа байх. Тэгэхээр нэг сар эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн бол зээлд хамрагдаж болох уу?
-Болно. Малчны зээл авахаас нэг сарын өмнө нийгмийн даатгал төлж эхэлсэн бол зээлийн шаардлагыг хангасан гэсэн үг. Байнгын ажилтай иргэд заавал зургаан сар тасралтгүй нийгмийн даатгал төлж цалин болон бусад зээлд хамрагдах боломж нээгддэг. Гэтэл малчны зээлд тийм хатуу шалгуур байхгүй. Тодорхой хэмжээгээр нийгмийн даатгал төлсөн байна гэсэн шаардлагыг тавьж байгаа. Малчдын орлого улирлын чанартай учраас малчид орлоготой үедээ нийгмийн даатгал төлөх боломжтой шүү дээ.
-Малчдын үйлдвэрлэлийг дэмжсэн зээл гэдгийг та тодотгож хэлсэн. Тэгвэл эргээд зээлийн зарцуулалтыг хэрхэн хянах юм бэ?
-Малчид зээлийн хүсэлт гаргахдаа юунд зарцуулахаа тодорхой илэрхийлж байгаа. Малын эрүүл мэнд чанар үйлчилгээг сайжруулахдаа зээлийн эх үүсвэрээр ямар үйлчилгээ авах нь тодорхой, тоног төхөөрөмж авах бол хаанаас, хэнээс авах нь тодорхой, бизнес, үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ гэвэл төсөл нь бэлэн байх ёстой. Энэ шаардлагыг зээл олгох банк давхар шаардаж, зээлийн мэргэжилтнүүд үр ашгийг нь судалдаг. Энэ нь зээлийн зарцуулалтын хяналт болно. Манай яам болон Монголбанкны зүгээс эргээд зээл олгож байгаа банкууд зээлийн мэдээг хянаж, эх үүсвэрийн хуваарилалтыг хянана. Малчдад тавих өдөр тутмын хяналтыг банкууд хийнэ.
-Малчны зээлийн хүүг гурав дахин бууруулснаар малчдын нийгэм, эдийн засгийн байдалд ямар өөрчлөлт гарах бол?
-Энэхүү зээл нь зөвхөн малчныг дэмжиж байгаа зүйл биш. Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн том бодлого юм. Малчдыг малаа тарилга туулгад хамруулах шаардлагыг дагаж монголын мал эрүүл, эрсдэлгүй болж, тэндээс гарч байгаа түүхий эд, бүтээгдэхүүн нь чанартай болно. Ингэснээр урт хугацаандаа хөдөө аж ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжууд бий болно. Манай ноолуурын ширхэг бүдүүн байна гэж шүүмжилдэг. Тэгвэл энэхүү зээлийн үр дүнд ноолуурын ширхэг нарийсна. Эрүүл малаас эко- чанартай бүтээгдэхүүн гарна. Энэ нь эргээд эдийн засгийн өндөр өгөөжийг бий болгоно. Манай улсын нийт ажиллах хүчний гуравны нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Тэгэхээр энэ олон мянган хүмүүс зээлийн дарамтаас гарч байна гэсэн үг. Малчдын хувьд хэрэглээний зээл нь 18 хувь, үйлдвэрлэлийн зээл нь 10 хувь боллоо шүү дээ. Хамгийн гол нь малчдад сэтгэхүйн хувьд том өөрчлөлт авчирч, “Би бол үйлдвэрлэгч шүү” гэсэн хариуцлага, эдийн засгийн ухаанаар ханддаг болно гэж найдаж байгаа. Нөгөө талд бага хүүтэй зээл авч боловсруулалт, үйлдвэрлэл эрхэлснээр малчин өрхийн амьдрал сайжирна. Инноваци шингэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн олширч, экспортын чиг баримжаатай болсноор улсаараа уул уурхайгаас хамаардаг байдал арилах юм.
-Тэтгэврийн насны малчид үйлдвэрийн зориулалттай зээл өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ үнэн үү?
-Тэтгэврийн насны малчдыг зээлд хамруулахгүй гэсэн албан ёсны заалт журамд ч, банкин дээр ч байхгүй. Шалгуур хангасан бүх малчин зээлд хамрагдах боломжтой. Хамгийн сүүлд авсан мэдээгээр тэтгэврийн насны малчдыг оруулсан байсан. Харин зээлийн ерөнхий шаардлага хангахгүй байгаа малчид хамрагдаж чадахгүй байгаа. Түүнээс биш насаар нь ангилж зээл олгож байгаа зүйл байхгүй.
-Төрөөс малчдын амьжиргааг дэмжихийн тулд зээл татаас, урамшууллын тогтолцоог байнга хэрэгжүүлдэг. Гэхдээ малчдын бодит байдал дээр амьжиргаа нь дээшилж, малын тоо толгойгоо өсгөсөн нь ховор байна гэдэг. Тэгвэл арван хувийн хүүтэй зээл хэр үр дүнтэй байж чадах болов уу?
-Малчны зээлийн бодлого нь их малтай малчин бий болгох бус энтерпренер (шинийг санаачлагч, бүтээгч) малчин бий болгох, цаашлаад дотоодын харьцангуй давуу тал, үндэсний үйлдвэрийг дэмжсэн бодлого болж байгаа. Малчид малаа эрүүл бойжуулбал үйлдвэрлэгчид өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн гаргана гэсэн бодлого юм. Том зургаар нь харвал эдийн засгийг дэмжсэн бодлого.
-Энэ жилийн хувьд малчны зээлийн хүүг 10 хувь болгох асуудлыг төсөвт суулгаагүй, Засгийн газар үнэт цаас босгож эх үүсвэр татсан. Цаашид эх үүсвэрээ яаж тасралтгүй хангах юм бэ?
- Хөтөлбөрийг баталсан тогтоолын дагуу улсын төсөвт жил бүр санхүүжилт суугаад явна. Засгийн газрын бодлого залгамж чанартай урт хугацаанд үргэлжилдэг учраас малчны зээлийн бодлого тогтвортой үргэлжилнэ.
Эх сурвалж: www.itoim.mn