Энэ парламентын сүүлийн чуулган өндөрлөхөд хэдхэн өдрийн хугацаа үлдлээ. Тодруулбал, УИХ-ын сонгууль дөхсөн байгаа учраас хаврын чуулганыг зургаадугаар сарын эхээр завсарлуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, хаврын ээлжит чуулган өндөрлөхөд ердөө 14 хоногийн хугацаа л үлдээд байна.

 

Тэгвэл 2016 оны сонгуулийн өмнө УИХ болон Засгийн газар ямар нэгэн том шийдвэр гаргах уу гэх хүлээлт болон болгоомжлол үүсээд байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ УИХ элдэв том шийдвэр гаргаж, гай болоогүй байгаа дээрээ эртхэн тарах хэрэгтэй” гэсэн удаатай. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үлдсэн хэдхэн сарын хугацаанд гай болчихолгүйхэн шиг, энэ УИХ-аа аятайхан тараачихаарай” хэмээн хэлсэн.

 

Энэ удаагийн УИХ-ын хувьд бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө шийдэх ёстой тулгамдсан асуудлууд мэдээж бий. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой цогц хуулийн төслүүд, татварын багц хуулиуд гэх зэргээр нэрлэж болно. Энэ бүхнээс гадна хамгийн том хүлээлт үүсгэж байгаа нь Тавантолгойн асуудал болж хувирлаа. Учир нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг даваа гарагт Тавантолгойн ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Ингэснээр нэг жил гаруйн хугацаанд нам гүм байсан Тавантолгойн асуудал эргээд анхаарлын төвд орлоо. Одоогоос яг нэг жилийн өмнө УИХ-аас Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой гэрээг Засгийн газарт буцааж байсан. Тухайн үед Тавантолгойн гэрээ ард түмний эрх ашигт нийцээгүй, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй, маш олон хууль, тогтоомжуудыг зөрчсөн гэх зэргээр шүүмжилж буцааж байсан. Тэгвэл Л.Эрдэнэчимэг нарын УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөр бол Тавантолгойн ордыг ашиглахдаа юун түрүүнд үндэсний компани болох “Эрдэнэс Тавантолгой”-н оролцоог хангана. Мөн төрийн эзэмшлийн хувь 51-ээс доошгүй байх, Монголын ард түмний хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, төмөр замд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож өгөх гэх зэрэг агуулгатай хуулийн төслийг өргөн барив.

 

Чуулган өндөрлөхөөс өмнө хэмээн яаран сандран өргөн барьсан хуулийн төслийн ард ямар санаа нуугдаж буйг таамаглах хүмүүс цөөнгүй. Голыг нь олоод хэлчихэв үү? гэсэн ганц таамаг нь АН мөрийн хөтөлбөртөө стратегийн орд газруудыг Монголын ард түмэнд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж амласан. Тэгвэл энэ нь АН-ын хамгийн чухал амлалтуудын нэг. Тийм учраас сонгуулиас өмнө Тавантолгойн асуудлыг ард түмэнд ашигтайгаар эргэлтэнд оруулах нь эрх баригчдын тулгамдсан асуудал болоод байна гэх “шуум” яриа юм.

 

Гэхдээ сонгуулийн өмнө яаран сандран баталсан тогтоол эдийн засагт чухам ямар нөлөөлөл үзүүлэх бол гэдгийг л бодох ёстой. Тэгэхээр тавантолгойн асуудлыг дараагийн парламентад үлдээх зөв болов уу? гэж санагдана. Ямартай ч ирэх хоёр долоо хоногт Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг хэлэлцэж нэг шийдэлд хүрэх нь лавтай.

 

О.Заяа