Авилгатай тэмцэх газраас ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг яллагдагчаар татсан. Тодруулбал, түүнийг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн юм. Тиймээс Р.Ононд Эрүүгийн хуулийн 270.1 дүгээр зүйлийн 270.1.2-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Тэгвэл уг мэдээллийн мөрөөр түүнийг яг ямар хэрэгт холбогдсон талаар эрэн сурвалжиллаа.

Баримт1. 2009-2010 онд Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн авто замд Гёозураглал ХХК зөвлөхөөр хяналт тавин ажиллаж байжээ. Уг компанид Зам тээврийн яамны Авто замын газрын дарга Р.Онон нь 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгохдоо өмнө нь авто замын ажлын тодорхой хэсэг хийгдсэн байдлыг шийдвэрлэхгүйгээр олгосон байна. Ингэхдээ тус компаниас өөрийн үүсгэн байгуулсан Эн Би СИ Си ХХК-иар дамжуулан 2 удаа 200 сая төгрөг шилжүүлэн авсан байна.

Баримт2. Тэрбээр цалингаас өөр орлогогүй хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Тэгвэл өдгөө гэр бүлийн хамтаар ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Ривер гарден хотхонд амьдардаг. Уг байрны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 800 сая орчим төгрөг.

Баримт3. Р.Ононгийн аавын нэр дээр БЗД-ийн 12 дугаар хороонд байрлах Кристалл таун хотхоны 801-609 тоот 3 өрөө байр бүртгэлтэй байдаг аж.

 

Баримт4. 2015 онд “Таван Богд” ХХК-иас 150 орчим сая төгрөгөөр Ланд круйзер 200 маркийн авто машин худалдан авчээ. Тэрбээр уг байр, машинаа ямар орлогын эх үүсвэрээр худалдан авснаа тайлбарлаж чаддаггүй талаар эх сурвалж мэдээлж байна.