З.Энхболд “тоглоом”-ын дүрмийг өөрөө зохиож, жокерыг атгаж сууна уу
2016/05/25
УИХ-ын хаврын чуулганыг өчигдрөөс эхлэн ирэх сарын 23-ны өдөр түр завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд гаргалаа. Харин улс орны ирээдүйг авч явах, эдийн засгийн хөшүүрэг гэгдэж буй “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах” тухай тогтоолын төсөл, олны анхаарлыг татаад буй АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх нь ийнхүү сураг алдрав.
“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар өргөн мэдүүлсэн. Нэр бүхий гишүүд энэ асуудлыг өмнө нь гацааж, түүнийгээ хэд дахин сайжруулсан хэмээн уг тогтоолын төслийг өргөн мэдүүлээд байгаа.
Ингэхдээ М.Энхсайханы “алдаа” болох хэд хэдэн заалтыг өөрчилсөн гэх. Тухайлбал Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоосон бөгөөдхамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоосон байна. Мөн Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөрконцесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол буюу Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хүчингүй болгох саналыг тусгажээ.
Энэ нь нэг үгээр хэлбэл 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байсныг хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусгасан аж.
Л.Эрдэнэчимэг нарын өргөн мэдүүлээд буй Тавантолгойн тогтоолын төслийг эхнээсээ зохион байгуулалттай хийгдсэн, тодорхой бүлэг нөхдүүдийн ажил болохоор З.Энхболд дарга “ok” үнэлгээ тавиад энэ удаагийн чуулганаар шудруулах магадлалтай. Ингэж эцэслэн хэлэлцвэл өөрсдөд нь ч ашигтай байх хувилбар учир өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй хойш тавьж байна гэх яриа ч шаргал орноор нисэх боллоо.
Үнэндээ ч улс орны чухал асуудал, олны анхаарлын төвд байгаа Тавантолгойн асуудлыг энэ удаагийн чуулган хэлэлцвэл тийм ч үр дүнтэй, боловсронгуй төсөл болохгүй байх магадлалтай. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах” тухай тогтоолын төслийг энэ удаагийн парламент эцэслэн батлахыг чухалчлаагүй байгаа гэнэ. Гэхдээ олны анхаарлын төвд уг асуудлыг дахин оруулах, зөв мэдээллээр хангахад анхаарч ийнхүү тогтоолын төслийг өргөн мэдээлсэн аж.
Ямартай ч жил гаруйн хугацаанд гацаан байж оруулж ирж буй УИХ-ын даргын “захиалсан” хуулийн төслийг энэ хаврын чуулганд амжиж батлах эсэх нь хэдхэн хоногийн дараа тодорхой болно.
АТГ хэдий болтол "толгойгүй" явах вэ
АТГ толгойгүй сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч АТГ-ын даргын томилгоо энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна. Учир нь, УИХ дахь АН уг асуудлаар таван хоногийн завсарлага авсан ч бүлгийн хуралдааны ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа юм. Ирэх долоо хоногт энэ бүтцээрээ дөрвөн жил ажилласан парламент сүүлийн хуралдаануудаа хийнэ. Ингэхдээ цаг хугацааны хувьд тулсан бусад хуулиадаа батлана гэх хүлээлт байгаа юм.
Харин энэ бүхэн нь мөн л З.Энхболд даргын хүсэлд нийцэхгүй байгаа тул ийнхүү хэлэлцэхгүй хойш тавьж байгаа гэх яриа хэдийнэ дэлгэрсэн. Учир нь тэрбээр энэ суудалд “өөрийн хүнээ” томилуулахын тулд суудлыг хадгалж байгаад чуулганы хаалтаас өмнө оруулан ирж батлахыг хүсэмжилж байгаа аж. Энэ ч АТГ-ын даргын суудлыг авч үлдэх гарц. Хэрэв энэ асуудлыг өнөө маргаашгүй оруулж ирээд “өөрийн хүнээ” чуулганаар батлуулсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай. Энэ хоригоос эмээсэндээ хэлэлцэхгүй байгаа гэдгийг ч хэлэх хүн байна.
Уг нь АТГ-ын даргын хэлэлцэхгүй, тус байгууллагыг толгойгүй удаах нь тийм ч ашигтай байх хувилбар биш. Чоно борооноор гэгчээр энэ сиймхийгээр ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал хариуцлагыг нь хэн үүрэг гэгчлэн асуудал зөндөө бий. Тэгэхээр хэн нэгний эрх ашиг, сонирхлын төлөө улс орны чухал асуудлыг хойш тавигдахгүй учиргүй юм. Харин энэ удаагийн парламентад ямар дүн тавихыг удахгүй болох сонгуулийн дүн харуулах буй за.
24tsag.mn
Зочин · 2016/05/25
okay