-Н.Энхбат захирал “Самсунг Си энд Ти” компаниас тусгай зөвшөөрөл шаардсан аж. Гэтэл ЗТЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа “Ерөнхий туслан гүйцэтгэгчээс тусгай зөвшөөрөл шаардахаа зогсоо. БНСУ, Япон улсын эрх бүхий байгууллагаас өгсөн ижил төрлийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл байвал дүйцүүлэн ажилла” гэдэг чиглэлийг өгч байжээ-


Ирэх онд монголчууд бид Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаа ашиглалтад хүлээн авч дэлхийн улс орнуудын өмнө нүүр бардам байна хэмээн омогшиж байсан цаг саяхан.
Гэтэл юун шинэ нисэх онгоцны буудалтай болох дэлхийд шившгээ тарих ноцтой асуудал үүсчээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Зам, тээврийн яамны удирдлагаас шалтгаалан Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ манай талд мэдэгдсэн байна.
Уг нь дээрх бүтээн байгуулалтын ажил төгсгөлийн шатанд орж олон улсын агаарын тээврийн холбооноос нисэх онгоц хүлээн авах, хөөргөх зөвшөөрөл хүсэх үед ерөнхий гүйцэтгэгч компанийн тусгай зөвшөөрөл, бичиг баримтууд шаардлагатай болсон аж.
Гэтэл монголчууд ерөнхий туслан гүйцэтгэгч гарган ирж өөрсдийн нөлөөгөө оруулснаас болж асуудал улам ээдрээтэй болж иржээ.
Өөрөөр хэлбэл, Япон Улсын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Мицубиши-Чиёода” түншлэл шалгарсан байдаг аж. Олон улсад мөрдөгддөг зарчмын дагуу буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдэд эзэн орны компани ерөнхий гүйцэтгэгчээр оролцох зарчим үйлчилдэг бол монголчууд ерөнхий туслан гүйцэтгэгч гарган ирж өөрсдийн нөлөөгөө оруулсннас болж асуудал хурцаджээ.
Анх Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхболд 2006 оны гуравдугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ тус улсын Засгийн газарт Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг санал болгосон байдаг юм. Ингээд энэхүү төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар 2006 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Япон Улсын Засгийн газарт албан ёсоор тавьжээ. Үүний дүнд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал бари хтөсөл”-ийг хэрэгжүүлэх Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох “MON-P 8” хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-нд байгуулж, мөн сарын 29-нд УИХ-аар баталсан юм.
Ингээд Япон Улсын Засгийн газраас “дээрх төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт 28 тэрбум 807 сая иен (ойролцоогоор 300 сая ам.доллар)-тэй тэнцэх хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байдаг байна. Зээлийг тус улсын засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны банк олгож байсан ба 2008 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээл, тусламжийн функц Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай нэгдсэнээр, нэгдсэн нэг “ЖАЙКА” нэрийн дор уг төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг юм.
Ингээд 2009-2011 онуудад олон улсын шинэ нисэх буудлын барилгын зураг төсөл боловсруулагдаж баталгаажсан бол 2012 онд төслийн барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлагджээ. Улмаар 2013 онд төслийн барилгын ажлын гүйцэтгэгчтэй албан ёсоор гэрээ байгуулагдаж Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөлд Японы “Азуса Секкей, Ориентал Консалтантс” зөвлөх компанийн түншлэл, ерөнхий гүйцэтгэгчээр “Мицубиши-Чиёода” түншлэл шалгарсан ч тэдэнд Монгол Улсын Зам тээврийн яамнаас ерөнхий туслан гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компанийг авахыг тулгасан аж. Улмаар төслийн ажлыг гацаанаас гаргахын тулд талууд ойлголцон бүтээн байгуулалтын ажил эхэлж байжээ.
Гэтэл барилгын ажлын гүйцэтгэлийн хугацаанд “Самсунг Си энд Ти” компани үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө танилцуулалгүй ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяад байгаа хэмээн хойшлуулсаар ирсэн аж. Уг нь гадны хөрөнгө оруулалттай компани манай улсад барилгын үйл ажиллагаа эрхлэх бол зайлшгүй дотоодын холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах хууль дүрэмтэй. Гэтэл салбар яамны ивээлд орсон солонгос ноёнтон Ли Жон Ёл үүнийг үл ойшоож монголын хууль дүрмийг уландаа гишгэжээ.



Ерөнхий гүйцэтгэгч Япон Улсын “Мицубиши-Чиёода” түншлэлээс ЗТЯ, “Самсунг Си энд Ти” компанид тусгай зөвшөөрөлтэй эсэхээ нэн яаралтай нотол гэсэн албан бичиг олонтаа илгээж байжээ.

Барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй “Самсунг Си энд Ти” компани бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж эхэлсэн тул Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат төсөлд шалгарсан Японы “Азуса Секкей, Ориентал Консалтантс” зөвлөх компанийн түншлэл, ерөнхий гүйцэтгэгч “Мицубиши-Чиёода” түншлэлтэй уулзалт хийжээ. Энэ үеэр зөвлөх болон ерөнхий гүйцэтгэгч талууд хуулийн энэ ноцтой зөрчлийг анхааралдаа авч, олон улсын агаарын тээврийн холбооноос тусгай зөвшөөрөлгүй компанийн барьсан онгоцны буудалд хөөрөх, буух зөвшөөрөл олгогдох эсэхийг судалж эхэлжээ. Гэтэл мэргэжлийн байгууллагаас японы “Мицубиши-Чиёода” түншлэл нь олон улсад онгоцны буудал барих тусгай зөвшөөрөлтэй тул 100 жилийн баталгаа гаргах боломжтой, Харин “Самсунг Си энд Ти” компанийг өөрийн улсдөө төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй тул баталгаа гаргаж өгөхгүй, мөн онгоц хөөрөх, буух эрх олгохгүй гэдгээ мэдэгдэж байжээ. Ингээд 300 сая ам.долларын өртөгтэй бүтээн байгуулалт огт ашиглагдахгүй обьект болон хувирах аюулд орсон тул талууд ЗТЯ болон “Самсунг Си энд Ти” компанид яаралтай тусгай зөвшөөрлийн асуудлаар хандсан ч тусыг эс олжээ.
Хамгийн хачирхалтай нь Н.Энхбат захирал “Самсунг Си энд Ти” компаниас тусгай зөвшөөрөл шаардсан аж. Гэтэл ЗТЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Ерөнхий туслан гүйцэтгэгчээс тусгай зөвшөөрөл шаардахаа зогсоо. БНСУ, Япон улсын эрх бүхий байгууллагаас өгсөн ижил төрлийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл байвал дүйцүүлэн ажилла” гэдэг чиглэлийг өгч байсан байна. Энэ нь Монгол Улсад мөрдөгдөж буй бүхий л хууль, журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэдэг нь албан бичигт дурьдагдсан үг үсэг өгүүлбэрүүд нотолж буй юм. Тэгвэл үүнийг жишээгээр тайлбарлавал Монгол Улсад найман нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүн БНСУ, Японд очоод би Монголд ижил үйлчилгээтэй ажил эрхэлж байсан тул Монгол зөвшөөрлөөр надад эрх олго гэсэнтэй агаар нэг сонсогдож буй юм. Угтаа бол дэлхийн аль ч оронд ийм зохицуулалт байхгүй.



Уг албан бичигт ЗТЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа “ерөнхий туслан гүйцэтгэгчээс тусгай зөвшөөрөл шаардахаа зогсоо. БНСУ, Япон улсын эрх бүхий байгууллагаас өгсөн ижил төрлийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл байвал дүйцүүлэн ажилла” гэдэг чиглэлийг өгсөн бичиг


Юутай ч “Самсунг Си эндТи” компани, түүний охин компани болох “SCTECM” ХХК-ийг шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилд хууль бусаар ажиллуулсан гэдгийг гэрчлэх баримт бичгүүд хангалттай нотолж болохоор байна.
Угтаа бол “SCTECM” ХХК-ийг 2012 оны арванхоёрдугаар сард 139.000 /Нэг зуун гучин есөн мянга/ ам.долларын дүрмийн сантайгаар, менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээ байгуулж гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн Ли Жёон Ёл ажилласан. Мөн оны аравдугаар сарын 1-нд “Самсунг Си энд Ти” корпорацийн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Жунг Ён Жу “Самсунг Си энд Ти” компанийг төлөөлж “Энержи ресурс” ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх долоон үүргийг хүлээлгэн Ли Жонг Ёлыг төлөөний хүнээр томилон итгэмжлэл олгосон байна. Түүнчлэн Ли Жёон Ёлын өөрт нь олгосон долоон үүрэгт итгэмжлэлд түүнийг зөвхөн төмөр замын төсөл дээр “Энержи ресурс” ХХК-тай гэрээ хэлэлцээ хийх эрхийг өгсөн. Харин шинэ нисэх онгоцны буудал барих итгэмжлэл бусдад өгөх, төмөр замын төслийг гүйцэтгэх ажилд “МТЗ” ТӨХК-тай гэрээ үзэглэх эрхгүй байсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох байх.



Ли Жонг Ёл эрх мэдлээ хэтрүүлэн өөрийн ажилтандаа “Самсунг Си энд Ти” компани Шинэ нисэх онгоцны буудал төсөлд ерөнхий туслан гүйцэтгэгчээр оролцоно. Төслийг Сон Юнг Ха хариуцна гэж итгэмжлэл олгожээ. 300 сая ам.долларын төсөлд ЗТЯ-ны дэмжлэгтэйгээр оролцох болсон албан бичигт компанийн тамга дарагдаагүй, нотариатын тамга байгааг харж болно


Уг нь компанийн тухай хуулиар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжийн хариуцлага компанийн дүрмийн сангийн хэмжээгээр тогтоогддог. Гэтэл дүрмийн сан нь 139.000 ам.долларын компанитай ямар хариуцлага ярих вэ гэдэг асуудал үүсч байна.
Тэгэхээр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Монголд хэн ч үл таних солонгос эр Ли Жонг Ёл хоёр хамжаад энэ том төсөлд толгой мэдэн шийдвэр гаргана гэж үгүй. Мэдээж эрх мэдэл бүхий албан тушаалнууд салбар хариуцсан сайд, нөлөө бүхий дарга л хийж чадна гэдгийг бид сайн мэднэ.
Ямартай ч эрх мэдэлтэй эрхмүүдийн буянаар Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ манай улсад мэдэгдчихлээ. Үүний хариуцлагыг хэнтэй ярих вэ.

Эх сурвалж: