Өнөөдөр хэн нь хэнээсээ урах бол...?
2016/05/26
Энэ сонгуулиар өмнөх шиг элдэв бие даагч, эсэн бусын нам эвслийн эрээвэр хураавар төлөөлөл гарч ирэхгүй. 2016 оны УИХ-ын сонгууль хоёр намд ээлтэй өрнөх нь тодорхой болчихсон.
Сонгуулийн хуулийн саяхны өөрчлөлтийн онцолж хэлэхээр гол агуулга нь энэ. Манай сонин ч Монголд хоёр нам л хэрэгтэй гэж байнга бичсээр ирсэн. Цэнхэр гаригт, манайх шиг ардчилал хөгжсөн улсуудад олон намын өрсөлдөөн хэрэгтэй энэ тэр гээд шүүмжилдэг л дээ. Гэхдээ дэлхийд болж бүтээд байдаг олон зүйл Монголд таардаггүй. Хүн ам цөөн, чадалтай боловсон хүчин бага гэх мэт дурдвал цөөнгүй шалтгаан бий.
Хоёр намыг дэмжсэн агуулгатай хуулийн өөрчлөлт АН, МАН-аас бусад намын үнэн царайг илчлээд эхэлчихлээ. Зүгээр л нам болж тоглож байсныг нь, хоёроос бусад нь ганц хүний нам гэдгийг нь баталсан үйл явдал та бидний нүдэн дээр өрнөж байна. Товчхондоо намын дарга нар нь урваад байх юм. “Эрэл”-ийн нам АН-д орлоо л гэнэ. Либериал ардчилсан нам АН-ыг сонголоо л гэнэ. МАХН-аас МАН руу явлаа л гэнэ. Намын дарга нар нь л намаасаа урваж гүйлдээд жигтэйхэн. Тэднийг явлаа, урвалаа гээд араас нь хэл ам, нэхэл дагал болж байгаа нь ч алга. Ганц хүний нам байсныг нь нотлох тодоос тод жишээ үүнээс өөр юу байхав.
Жижиг намуудад өчнөөн “но” бий. Нэг бол саналыг чинь хуваана гэж гол хоёр намыг шантаажилна. Мэдээж амин зорилго нь мөнгө. Эх орноо хөгжүүлнэ, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ гэх мэт чин хүсэл бол хорь, гуч, дөчдүгээр асуудал нь. За тэгээд аз нь гийж, ганц нэг суудал авчихвал сайд болно гээд зүтгэчихнэ. Жижигчүүдийн мөн чанар нэг иймэрхүү үнэ цэнээр хязгаарлагддагийг төдийгөөс өдий хүртэлх бүх л сонгуулиас харж болно. Тэдэнд үндсэн хөрөнгө гэж байхгүй. Боловсон хүчин бол бүр таг. Ганц нэг олонд танигдсан хүнээс хэтрэхгүй. Хөдөө орон нутагт салбартай энэ тэрийн тухайд яриад ч хэрэггүй. Монголын зүг бүрт амьдарч буй иргэдийн зовлон жаргалыг сонсох “чих” аль ч жижиг намд байхгүй. Жижиг нам тойрсон сүүлийн үеийн сонин гэвэл тэр урвалаа, энэ урвалаа гэсэн шальдир бульдир мэдээ л байна. Ядаж урвахдаа жудагтай харагдмаар юм. Хүний мөс чанарыг эрхэмлэсээр ирсэн уламжлалтай монголчуудын хувьд урвалт гэдэг тэгтлээ гайхуулаад байхаар эд биш. Орчин үед урвалтыг үзэл бодлоо илэрхийлэх орон зай, сонголтоо хийх эрх чөлөө гэх мэт гоё үгээр тайлбарлаж болох л юм. Гэхдээ эцсийн цэг, хязгаарыг нь харахаар, утга учир, мөн чанараар нь тунгаагаад үзэхээр ёс суртахууны доройтол гэж хэлэхээс өөр аргагүй.
Дөнгөж өчигдөр уржигдархны жишээ. Тэрбишдагвын тэлээний хэд яаж толгой нь эргэхээрээ МАХН-аас урваж буйгаа намаа муулан байж зарладаг байна аа. Намаа зүхэн зүхэн гарахаар тэднийг “Зоригтой, сайн байна” гэж магтах уу. Яг нарийндаа хэн ч ингэж магтахгүй. Урвалт л гэж харна. Ер нь тэгээд урваж байгаагаа хэвлэлийн хурал хийж, олонд гайхуулан байж мэдэгдэх хэрэг байсан ч юм уу. Урвалт бахархал биш гэдгийг монголчууд бултаараа хэлнэ. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцийнхөн хэн нь хэнээсээ урваж байгааг бичиж, мэдээлж гүйцэхээ болилоо. Өнөөдөр гэхэд л хэн нь хэнээсээ урвах бол...?
Зочин · 2016/05/26
муулсан хүмүүс их байна билээ.
Зочин · 2016/05/26
Энэ сэтгүүлч нийтлэлийнхээ нэрийг ч зөв бичиж чадахгүй байж бусдад сургааль айлдах санаатай. Гол зорилго нь хоёр том намуудыг дэмж гэсэн маягтай зүйл бичжээ. МАНАНд угаасаа ард түмэн дургүй болчихсон ийм үед энэ нийтлэл нэх их хэрэг болохгүй л болов уу! Сая хөдөөгүүр хэд хэдэн аймгуудаар явахдаа орон нутгийн сонгогчидын байдлыг танадахад хэнд саналаа өгөхөө мэдэхгүй МАНАНН