Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн шөнийн 00 цаг 55 минутад гадагшаа нисэхээр онгоцны тийзээ авсан байжээ. Учир нь АНУ-ын Вашингтон муж орж, монголоос оффшор данс эзэмшдэг хүмүүсийн мэдээллийг бүрэн эхээр нь авах хүсэлтэй байсан гэнэ. Гэтэл явахынх нь өмнөхөн түүнийг Эрүүгийн цагдаагийн ахмад Баасанжав байцаалт өгөхийг шардсан байна.

Ингээд Л.Мөнхбаясгалан байцаалт өгөхөөр очсон аж. Гэтэл түүнд эрүүгийн хэрэг үүсгээд, хил гарах эрхийг нь хязгаарласан байна. Харин энэ нь ямар учиртай эрүүгийн хэрэг байсан талаар өнөөдөр Л.Мөнхбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал Л.Мөнхбаясгалан 2013 онд МИАТ компанитай хамтран ажиллаж, тухайн компанийн талаарх эерэг мэдээлэл зэргийг түгээхэд бусад хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарт зөвлөгөө өгнө гэдэг тохироогоор 40 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр МИАТ-аас 40 сая төгрөг авчихсан гэсэн үг. Ингээд гэрээ ёсоор ажиллаж чадааагүй гэдэг үндэслэлээр МИАТ-ын зүгээс түүнийг цагдаад өгчихжээ. Харин Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав түүнийг “Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж буй тухайгаа хэлжээ. Тэгэхээр Л.Мөнхбаясгалан ийм хэрэгт холбогдсоноо мэдээд гадагшаа зугтаах гэж байсан байж болзошгүй гэж зарим нэг нь харджээ. Учир нь тэрбээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй уулзах гэж байсан гэх ямар нэгэн баримт нотолгоог сэтгүүлчдэд харуулж чадаагүй.

Харин ямар мөнгөөр, хэний санхүүжилтээр явах гэж байсан тухайг нь асуухад C1телевизэд хоёр нэвтрүүлэг нийлүүлээд сард 15 сая төгрөг авдаг учир ийм хэмжээний мөнгө надад бий гэв. Тэрбээр нөхөртэйгээ хамт явах байсан бөгөөд Вашингтон ороод ирэх хоёр хүний зардал 26 сая юм билээ. Уг нь жижиг зах зээлтэй манай улсын нэгэн жижиг телевиз нэг хүнийг 15 сая төгрөгөөр цалинжуулна гэдэг эргэлзээтэй. За тэр яахав МИТ-тай гэрээ хийсэн нь үнэн гэсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэх ёсгүй тухай баримт нотолгооны талаар сэтгүүлчид хэд дахин асуусан ч тоймтой хариулсангүй. Тэрбээр ярианыхаа дунд эрх чөлөөтэй үгээ хэлж буй сүүлийн боломж байх гэж олон хэлэв.

Тэгэхээр МИАТ-ын хэргээр хоригдох болсноо гадарлаж буй юм байна гэж ойлгогдлоо. Үүнээс гадна тэрбээр “оффшор данстай хүмүүс надад эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байх гэж хардаж байгаа” гэдгээ хэлээд ч амжив. Түүнийг эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажилтай нь холбоотойгоор цагдаагаас шалгаж байгаа гэж олон нийт ойлгосон ч хэрэг дээрээ тэрбээр зар сурталчилгаа хийж, бусад сэтгүүлчдэд зөвлөнө гэдэг тохироогоор МИАТ-аас 40 сая төгрөг авсан юм байна. Тодруулбал эрэн сурвалжлах биш, маркетинг, бизнестэй нь холбогдолтой хэрэг ажээ. Харин МИАТ- ынхан түүнийг залилангийн хэрэгт буруутган шалгуулж, Эрүүгийн цагдаагийн газар болохоор “Бүлэглэсэн залилангийн хэрэг” гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна.

Н.Ганаа