МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудыг хэлэлцсэн байна.

Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд: “Энэ удаагийн ээлжит бус чуулганаар эдийн засгийн хямрал,  төсвийн орлого тасарч байгаа, валютын ханшийг хэрхэн тогтворжуулах асуудлыг хэлэлцэх байх гэж бодсон ч зөвхөн ашигт малтмалын хуулийг хэлэлцэх гэж байна. Манай бүлгийн зүгээс Засгийн газраас өргөн барьсан таван хуулийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Дэмжихийг нь дэмжинэ. Багц хуулиас нэг л зүйлийг дэмжиж байгаа. 

Урт нэртэй хууль болон ашигт малтмалын тухай хуулийг МАН засаг барьж байхад  батлагдсан, өнөөдөр энэ балгийг нь засах гэж байна хэмээн  УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр хэлсэн. Үнэхээр алдаатай байсан гэж үзэж байсан юм бол өмнөх Засгийн газрын үед цөөнх байсан АН-ынхан хугацаагүй завсарлага аваад асуудлыг хэлэлцэхгүй байх боломж байсан. Тэгтэл тухайн үед завсарлага аваагүй байж өнөөдөр ингэж мэдээлж байгаа нь шударга бус. Өнөөдрийн эдийн засгийн хямрлд МАН-ыг буруутгах шаардлагагүй.

Өнөөдөр Монгол улсын гадаад өр 15 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь Монгол улын ДНБ-ээс давсан байна. Үүнээс гадна өнөөдөр Монгол улсын гадаад дотоод өр болон бусад эдийн засгийн тооцоо судалгааг эрх баригч нам болон бусад эх сурвалжууд өөрөөр мэдээлж байгаа. Тиймээс бүлгийн зүгээс үүнд анхаарал хандуулан ажиллаж байгаа” гэдгийг мэдээллээ.

МАН-ын зүгээс эдийн засгийн нөхцөл байдалтайгаар холбоотлойгоор мэдэгдэл гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

А.Баярмаа