2016 оны нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр дууслаа. Өчигдөр бүх нийтээр амарсан ч 23.59 цаг хүртэл ажиллаж нэр дэвшигчдийн баримт, материалыг хүлээн авчээ.

Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн аль, аль нь хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, үүнийг нь нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт, намтар, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримт бичиг бүрдүүлэх ёстой. Харин нам, эвслүүдээс нэр дэвшигчдээ тодруулсан хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг хамгийн түрүүнд шаарддаг бол бие даан нэр дэвшигчдийн хувьд 801-ээс доошгүй дэмжигч, сонгогчийн гарын үсэг цуглуулах нь хамгийн том ажил болдог. Сонгуульд нэр дэвшигчдийн дээрх материалыг Сонгуулийн Ерөнхий хороо хянаж үзээд энэ сарын 4-ны өдөр сонгуульд оролцуулах эсэхээр эцсийн хариугаа өгөх юм. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс хамгийн олон буюу 90 бие даагч сонгуульд нэр дэвшиж байна. Манай улсын түүхэнд өнгөрсөн зургаан сонгуульд хамгийн цөөндөө 18, ихдээ 45 хүн бие даан өрсөлдөж байсан ч УИХ-д сонгогдсон рекорд нь ердөө гуравхан. 2004 онд 15 хүн бие даан нэр дэвшээд Д.Одхүү, Р.Амаржаргал, Я.Санжмятав гурав гарч ирсэн. Тэд бол АН-ын гишүүд. Гэхдээ тухайн жилд нэр дэвших боломж олдоогүй учраас бие даасан юм. 2012 оны сонгуульд 26 бие даагч өрсөлдөөд Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар сонгогдсон. Тэдний хоёр нь МАН-ын гишүүн ч мөн дээрх шалтгаанаар бие дааж нэр дэвшсэн юм. Харин одоо дээрх гишүүд бүгд намтай болжээ.


Энэ жилийн сонгуульд бие дааж буй хүмүүстэй танилц.

 

Х.Бат-Ялалт-Хуульч- “Шударга шүүх" ТББ-ын тэргүүн

 

Б.Ариунболд- Арго багш. 27 орны хэл мэддэг. Хэлний гүн мэдлэгтэн. /Баянзүрх дүүрэгт/

 

Г.Баасан-Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн. /Баянзүрх дүүрэгт/

 

Л.Наранбаатар- Дарханы АН-ын экс дарга. Намын дарга З.Энхболд руугаа оймс шидэж шуугиан тарьсан тэрбээр энэ удаа намгүй болжээ. Тэрбээр Баянгол дүүрэгт АН-ын дарга З.Энхболдтой өрсөлдөх гэж байна.

 

М.Нарантуяа-Дуучин Нара. Түүний талаарх танилцуулга энд илүүдэнэ. /Баянгол дүүрэгт/

 

С.Боргил- Хүн намын дарга асан. /Баянзүрх дүүрэгт/

 

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр- Топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр Бэки энэ удаа Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшихээр болжээ.

 

Ц.Монгол- Монголын хуульчдын холбооны гишүүн. Хуульч, өмгөөлөгч. /Баянзүрх дүүрэгт/

 

Д.Хишигжаргал- Дамбын Хишигээ гэдгээр нь олон нийт түүнийг андахгүй. Гурван булаг сумын харьяат. Тод манлай уяач цолтой түүнийг Булганд АН-аас нэр дэвшихээр болжээ. /Булган аймагт/

 

М.Болормаа- Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга.

 

Д.Цогтбаатар- ТӨХ-ны дарга асан. Тэрбээр АН-аас нэр дэвшихээр горилж байсан ч бүтэлгүйтэж бие даахаар болжээ. /Дорнод/

 

Б.Баярмагнай- Хошууч генерал. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч даргаар ажиллаж байсан тэрээр улс төрд хүч үзэхээр ХҮН-д элссэн юм. Харамсалтай нь ХҮН нь тарснаар бие даан дэвшихээр болжээ.

 

Ч.Бямбаа-АН-аас Увсад нэр дэвшиж байсан. Д.Дорлигжавын ойрын хүн. /Орхон аймаг/

 

М.Наранбаатар- МҮОНРТ-ийн захирал асан. Мөн л З.Энхболдтой том маргааныг эхлүүлсний үр дүнд ажилгүй болсон нэгэн. /Өвөрхангай/

 

С.Буджав- Дундговь аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын гишүүн. Гэхдээ энэ удаад бие даан нэр дэвшихээр бүртгүүлснээс нь харахад намаасаа нэр дэвших магадлал яаж ч магадгүй гэж үзэж шийдвэр гаргажээ гэж таамаглаж болно. Бас үүнтэй адил тохиолдол Ховдын Ш.Адьшаа дээр харагдаж байна. АН-ын гишүүн түүнийг намаасаа нэр дэвшинэ гэж ярьж байгаа ч бие даагчаар бүртгүүлснээс харахад юмыг яаж мэдэхэв гэсэн хаширлал харагдаж байна.

 

П.Шинжээравдан-“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн.

 

М.Чимгээ- Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга. Өмнө нь МАН-аас нэр дэвшиж байсан боловч энэ удаад бие дааж байгаа нь мөн л намын квот ирэхгүй байж магад гэж хаширласантай нь холбоотой байх. Тэрбээр мөн ХҮН-д элсэж байсан юм. /Сүхбаатар дүүрэгт/

 

Т.Доржханд- ХҮН-ын генсекээр ажиллаж байсан түүнийг манай шинэ цагийн эрдэм боловсролтой залуусын нэгд зүй ёсоор оруулдаг. МУИС-ийг Төрийн санхүүгийн чиглэлээр төгсч Японы Хитоцубаши их сургуульд Төрийн бодлого, эдийн засгийн онолоор магистр хамгаалсан бөгөөд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажилладаг.

 

М.Ичинноров- Хүний эрхийн хуульч. /Сүхбаатар дүүрэгт/

 

П.Хангал- 2004 онд Нийслэлийн ИТХ-ын гишүүнээс улс төрийн карьераа эхлүүлсэн түүнийг Төрийн өмчийн хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан Л.Пүрэвдоржийн хүү гэдгээр нь хүмүүс анддаггүй. 2004, 2008 онд МАН-аас НИХТ-д Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан тэрээр 2012 онд МАХН-аас нэр дэвшсэн ч Н.Энхбаярыг шоронд орсны дараа намаасаа гарсан билээ. Гэхдээ түүнийг энэ удаад МАХН-аас нэр дэвших магадлалтай гэж байсан ч бие даагчаар бүртгүүлсэн нь анхаарал татаж байгаа.

 

Ө.Мөнхбат- “Монгол 999” ХК-ийг үүсгэн байгуулагч гэдгээр нь улс төр, бизнесийн хүрээнийхэн мэддэг. Эх орон” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай тэрээр сошиал ертөнцөд идэвхтэй байдаг бөгөөд олон мянган дагагчтай. ХҮН-ыг анхнаасаа авч яваа залуусын нэг.

 

Б.Найдалаа-ХҮН-ын даргаар сонгогдож тамгаа гардаж авсан ч С.Ганбаатар мөн ХҮН-ын дарга хэмээж тус нам хоёр даргатай болоодохсон. Тэрээр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байсан нэгэн.

 

Б.Мөнхсоёл-ҮСХ-ийн гүйцэтгэх захирал. ХҮН-ын анхны гишүүдийн нэг. Тэрээр сүүлийн үед эдийн засгийн байдал, төсөв санхүүгийн талаар үзэл бодлоо илэрхийлж дуугарч байгаа. Шийдвэр гаргах түвшинд манлайлж чадах эмэгтэй гэдэг юм билээ.

 

С.Гантуяа -УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарын дүү. Оюу толгойд ажиллаж явсан энэ бүсгүй Рио Тинтогийн үйл ажиллагааг буруушааж Оюу толгойн эсрэг шүүхдээд шат шатны шүүх дээр ялалт байгуулж олон түмэнд танигдсан. Гэвч түүний энэ үйлдлийг ажлаасаа халагдсан хүний шаралхсан үйлдэл гэж зэмлэдэг хүмүүс ч бий. /Баянзүрх/

 

Т.Алтаншагай- “Eagle” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч.

 

О.Алтангэрэл- Хуульч. Долдугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонссон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлж байсан тэр үеэс мэргэжлийнхээ хүрээнд танигдсан тэрээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн шавь. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад газрын даргаар нь ажиллаж байсан.

 

Д.Миеэгомбо-Хуульч, өмгөөлөгч. ХҮН-ын гишүүн. “Дотно” телевизэд хөтлөгч


 

Бие даагчдын хэн нь үлдэж, хэн нь явах нь энэ сарын 4-ны өдөр тодорхой болно. Тэдний хэн нь шаардлага хангасан тэр нь сонгуульд өөрийгөө сойх буй за.

24tsag.mn