УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорч өнөөдөр албан ёсоор СЕХ-ноос батламжаа гардаж авна. Тэгвэл намуудын нэр дэвшигчид тодорсонтой холбоотойгоор УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ? гэдгийг товч танилцуулж байна.

 

Тус тойрог нь гурван мандаттай бөгөөд Ардчилсан намаас Хөвсгөл аймагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нар нэр дэвшихээр болсон бол Монгол ардын намаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар нэр дэвшиж байгаа аж.

 

37 дугаар тойрог: Л.Мөнхбаатар VS П.Цагаан

 

МАН-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар нэр дэвшихээр болсон. Тэрээр хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул хуульч, цагдаагийн хурандаа, хуулийн ухааны доктор боловсролыг эзэмшсэн бөгөөд “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх гээд түүнд ажлын туршлага багагүй бий. Харин АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайд, БСШУ-ны сайдаар ажиллаж байсан юм.

 

38 дугаар тойрог: Ц.Даваасүрэн VS Ц.Оюунгэрэл

 

МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, АН-аас УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, МАХН-аас Б.Санчир, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Л.Дорпалам нар өрсөлдөнө. Тус тойрогт УИХ-ын хоёр гишүүний хооронд багагүй өрсөлдөөн болно гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өмнө нь бие даан нэр дэвшин сонгогдож байсан бол сонгуулийн өмнөхөн МАН-ын гишүүнчлэлээ сэргээн улмаар тус тойргийн мандатыг авсан. Харин АН-аас нэр дэвшиж буй Ц.Оюунгэрэлийн тухайд 2012 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт ялалт байгуулан гишүүн болж улмаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан.

 

39 дүгээр тойрог: Л.Энх-Амгалан VS Б.Эрдэнэбат

 

Хөвсгөл аймгийн 39 дүгээр тойрог хамгийн ширүүн өрсөлдөөн үүсэх нь. Учир нь энэхүү тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, АН-аас УИХ-ын гишүүн асан, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат, МАХН-аас Н.Саранхүү нар нэр дэвшинэ. Юнител, Юнивишн, МСS компаниудын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тухайд өнгөрсөн 2012 онд Хөвсгөлчүүдийн итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон гишүүн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо багагүй бүтээн байгуулалтыг санаачлан хийж, хэрэгжүүлсэн гэдгээр нь сонгогчид нь түүнд ам сайтай байдаг юм билээ. АН-аас УИХ-ын гишүүн асан, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат нь 1998 онд “Эх орон –МАШСН” нам байгуулж, тэргүүнээр ажиллаж, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүн болсон. Мөн 2004 оноос Батлан хамгаалахын сайд, 2006 оноос түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байсан юм.

 

 

О.Заяа