АНУ-ын Монгол муж улс. Вашингтон ямар учраас Улаанбаатарын сайн найз болохоор зүтгэнэ вэ?
2016/06/09
МОСКВА. /asiarussia.ru.news/. Орос, Хятад хоёрын нэгэн адил Монголын сайн найз болохыг АНУ хүсч байна. Ингэхдээ Москва, Бээжин хоёрын аль нэгийг нь сонгохыг Монголд уриалахгүй байгаа юм. Энэ тухай Төв Азийн орнуудад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ.
Гэхдээ уул нурууд, нуур цөөрмүүд, хязгааргүй уудам тал бүхий энэ орныг тэрбээр “ардчиллын баянбүрд” гэж нэрлэсэн нь хамгийн ихээр анхаарал татсан юм.
Ази тивийг чиглэсэн Америкийн гадаад бодлого өмнөхөөс илүү идэвхжиж байгаа нь нууц биш ээ. Харин өөр зүйл сэтгэл зовоож байна. Вашингтоны элч нар хаа нэгтээ очоод “ардчилал” гэдэг үгийг чангаар хэлж байвал тэнд төдий удалгүй заавал нэг муу юм болдог юм даа...
АНУ-ын хувьд Монголд идэвхжиж байгаа нь юутай холбоотой вэ гэдэг тухайд Оросын Эдийн засгийн их сургуулийн Дорно дахины судлалын сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Алексей Маслов ингэж ярьж байна.
-Энэ асуудал дэлхий нийтийн /глобал/ болон бүс нутгийн гэсэн хоёр талтай. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд, ялангуяа Обамаг ерөнхийлөгч байсан он жилүүдэд АНУ-ын хувьд Ази дахь, тэр дундаа Төв Ази дахь байр суурь, нөлөөгөө алдсан гэдгийг хэлэх нь зүйтэй. 90-ээд оны үед америкчууд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд улс орнуудад , тухайлбал, Киргизэд байр сууриа амжилттай бэхжүүлээд байсан юм. Тэд Манас нисэх онгоцны буудлыг хяналтандаа оруулсан байлаа. Тажикистанд ч мөн адил. Улс төрийн хувьд ч тэр, цэргийн тал дээр ч тэр эдгээр нь томоохон баазууд байв.
Гэтэл Обамагийн үед америкчуудын оролцоо тэнд мэдэгдэхүйц суларсан юм. Үүнээс улбаалаад бараа эргэлт, мөнгө санхүүд тавих хяналт ч дагаад суларсан. Энэ салбарын суларсан орон зай руу Хятад, Орос хоёр идэвхтэй нэвтрэх болов. Манай улсын тухайд гэвэл, урьд нь найрамдалт харилцаатай байсан орнуудтай сүүлийн үед харилцаагаа сэргээж байгаа билээ.
Харин бүрэн эрхийнхээ сүүлийн саруудыг өнгөрөөж буй АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд ямар нэгэн эерэг сэтгэгдэл үлдээгээд явах хэрэгтэй байгаа юм. Барак Обамагийн хувьд Азийг алдсан сул улстөрч хэмээн дуудуулж, шүүмжлэлийн бай болохыг хүсэхгүй нь мэдээж. Тэгэхээр Керригийн энэ удаагийн айлчлал болон түүний хийсэн мэдэгдлүүд нь гадаадынханд төдийгүй дотоодын сонгогчид руу хандан хийсэн үйлдэл юм.
-Монголд Америкийн ямар ашиг сонирхол байна вэ?
-АНУ бол удаан хугацааны туршид Монголын хувьд томоохон хөрөнгө оруулагчдын нэг байсаар ирсэн. 90-ээд оны үед ЗХУ томоохон тоглогч байхаа болих тэр үед Зөвлөлтийн байгуулсан үйлдвэрүүдийг Монголын тал Хятад болон АНУ-тай хамтран ашиглах болсон юм. Жишээ нь, зэс-молибдены үйлдвэр гэх мэт.
Монгол бол зэс, молибден, вольфрам, нүүрс, алт зэрэг байгалийн баялагтай гэдгээрээ сонирхол татахаар улс юм. Хямд ажиллах хүчин, өртөг багатай, экологийн хувьд цэвэр хөдөө аж ахуйн салбар, хүн амын нягтрал бага гэх мэтчилэн олон зүйл бий.
Түүнчлэн газар зүйн маш өвөрмөц байрлалтай. Монголоор дайруулан Хятад, Орос хоёрын хооронд бараа таваар тээвэрлэх нь маш их ашигтай. Одоогоор, байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй Оросын Алс Дорнодоор дамжуулан хоёр орны хооронд бараа зөөж байгаа билээ. Зөөж буй бараа нь Оросын хүн ам цөөтэй бүс нутагт очиж байгаа юм. Харин Хятадаас Орос руу бараа тээвэрлэхдээ Монголоор дайруулан хүн ам олонтой Өвөр Байгалын хязгаарт шууд хүргэх боломж бий. Түүнээс гадна, энэ бүс нутаг бол Оросын төв нутагт илүү ойрхон юм. Ингэснээр тээврийн зардлыг багасгаж, барааг хэрэглэгчдэд шууд хүргэх давуу тал бий болно. Ийм учраас Монголд томоохон боломжууд байгаа юм.
Дашрамд хэлэхэд, ЗХУ-тай тогтоосон найрамдлаа олон монголчууд тун сайнаар дурсдаг бөгөөд Орос улстай бүрэн хэмжээнд хамтын ажиллагаагаа сэргээх нь зүйтэй гэж үздэг юм шүү. Шалтгаан нь нэн тодорхой. Учир нь, тэд АНУ-ын ч тэр, Хятадын ч тэр аль алиных нь хатуу нөлөөн дор байхыг хүсдэггүй юм.
Шинэ үеийнхний хувьд арилжааны ашиг бол хамгийн гол зүйл хэмээн үздэг. Ийм учраас Монгол нь талуудын алинтай нь ч дотносон ойртолгүйгээр өөрийн нөөц баялаг, зуучлан үйлчлэх давуу талаа идэвхтэй арилжих боломжтой.
—Тэгэхээр “ардчиллын баян бүрд” гэдэг тодорхойлолт нь энэ бүхэнтэй хэрхэн уялдаж байгаа нь нэг л ойлгомжгүй байна л даа?
— Миний бодлоор, ардчиллын талаарх Керригийн хийсэн мэдэгдлүүд бол Монголд чухам юу болж байгаа, энэ улс юуг хүсч байгааг америкчууд огт ойлгохгүй байгааг харуулж буй хэрэг юм. АНУ-ын гадаад улстөрийн бодлого нь ямагт маш сайн бодож тооцоолсон зүйл байдаг гэсэн дүгнэлтэд бид нэгэнт дасчихжээ. Керригийн магтаал нь өнөөдөр Монголд үүсээд буй асуудлыг харалгүйгээр хажуугаар нь өнгөрөөд явчихаж байгаа хэрэг юм. Тэгэхээр уг магтаал нь цухалдуулсан гэхэд хаашаа юм, гэхдээ түүний энэ тодорхойлолтыг сонсоод жуумалзаад өнгөрсөн гэвэл зохилтой.
Монгол Улс өнөөдөр тэс ондоо асуудлуудыг шийдэж байна. Энэ нь юуны өмнө, нийгмийн тогтвортой байдлын асуудал юм. Шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй байна. Технологийн шинэчлэлийн асуудал бий. Энэ тал дээр, тодруулбал, боловсролын салбарт Монголтой хамтран ажиллах талаар Орос, Хятад хоёр АНУ-аас илүү амжилттай яваа. Монголд Оросын дээд сургуулиудын хотхонууд байдаг бол Америкийнх огт байхгүй гэдгийг хэлэхэд хангалттай.
Монголд олон хүн оросоор ярьдаг, орос хэл бол тэдний хувьд хоёрдахь хэл нь юм.
Яг үнэн хэрэгтээ бол, Керригийн энэ удаагийн айлчлал нь Азийн орнуудтай харилцах харилцаагаа Орос улс хэрхэн шинэчилж байна вэ, түүний үр дүн ямар байна вэ гэдгийг тандах зорилготой байсан гэж миний хувьд санагдаж байгаа юм.
—Үүнийгээ тодруулан тайлбарлана уу?
-Тухайлбал, 2014 он болон 2015 оны эхэн үе бол Оросын хувьд Азийн талаарх бодлого амжилтгүй байсан үе юм, учир нь бид Хятадтай харилцах харилцааг чухалчилж байлаа. Хятадыг өөрийн улстөрийн түнш хэмээн үзэж найдаж байсан нь эдийн засгийн зорилтоо шийдвэрлэх боломжийг бидэнд олгоогүй.
Москвагийн хувьд Бээжинтэй харилцаагаа дахин эмхлэх гэж ур дүй муутайхан оролдож байсан нь АНУ-ын санаанд нийцэж байлаа. Харин Орос улс өөрийн алдаа дутагдал чухам юунд байв гэдгийг маш түргэн ойлгосон юм. Ингээд 2015 оны 6 дугаар сараас хойш манай гадаад бодлогын хүрээнд Азийн орнуудтай хэлэлцэх сэдвүүд нэлээд өөрчлөгдсөн билээ.
Орос улс өнөөдөр Хятадыг цорын ганц түншээ гэж харахгүй байгаа. Манай улс Монгол болон АСЕАН руу илүү гүнзгий нэвтэрч, Японтой хэлэлцээ хийж байна. Өөрөөр хэлбэл, олон чиглэлт дипломат бодлого явуулж байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, хамтын ажиллагааны эдийн засгийн агуулгын талаар олонтоо ярих болсон. Бараа эргэлт, хөрөнгө оруулалт зэрэг тоогоор илэрхийлж болох зүйлийн талаар шүү дээ. Ер нь бол, ийм талын үг яриа Азийн тивийнхэнд ойлгомжтой байдаг юм.
Эцэст нь, Орос улс тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах түвшинд хүрч ирлээ. Миний бодлоор энэ бүхэн нь ойрын 5-7 жилийн хугацаанд зөвхөн бараа эргэлт төдийгүй Оросын Ази дахь байр сууринд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болов уу. Энэ бодлогыг эцэст нь хүртэл хэрэгжүүлсэн нөхцөлд шүү дээ.
Үйл ажиллагааны ийм тодорхой байдал нь америкчуудыг цухалдуулж байгаа бололтой гэж би бодож байна. Удаан хугацааны турш Орос улс Азийн талаар хоосон зүйл ярьж байсан нь тэдэнд ашигтай байсан юм.
Харин тодорхой байдал үүсч эхлэнгүүт Керри айлчлал хийж байна. Түүний хачирхалтай мэдэгдлүүд нь АНУ-ын хувьд Азитай харилцах харилцаагаа эмхлэн сайжруулахад бэлэн биш байна гэдгийг нь харуулж байгаа юм.
-Ер нь ингэхэд, Монголд байр сууриа бэхжүүлэх боломж хэнд нь илүү байна вэ?
-Америкийн бизнесийнхэн Монголд хөл дээрээ баттай зогсч чадсан. Харин улстөрийн хувьд Орос, Хятад хоёрт боломж илүү байгаа. Монгол бол энэ хоёр улсын хооронд хавчуулагдсан гэхэд болно. Монголын хувьд “Талын зам” төслөө маш идэвхтэйгээр урагшлуулж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ бол Хятад, Оросын хоорондохь тээврийн магистраль шугам юм. Энэ хоёр улстай харилцаагаа бэхжүүлэхгүйгээр уг төслийг хэрэгжүүлэх аргагүй. Төслийг хэрэгжүүлэхэд АНУ-ын хэрэг огт байхгүй юм.
Монголын эдийн засаг бүхэлдээ Хятад, Орос гэсэн хоёр улсаас хамаардаг болсон нь үнэн. Газар зүйн байршлаас шалтгаалан ашигт малтмалаа зөвхөн Орос эсвэл Хятадаар дамжуулан зөөхөөс өөр аргагүй. Зэсийн хүдрийг онгоцоор тээвэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ нь ямар ч ашиггүй.
Ийм учраас Монголын хувьд бүгдээс нь мөнгө авах нь чухал байгаа, ингэхдээ Орос, Хятад хоёртой харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй болж байгаа юм.
-ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгос, Монгол судлалын тасгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан В.Грайворонский хэлэхдээ, 2017 онд АНУ болон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо гэж байсан?
— Энэ бол тийм ч урт хугацаа биш ээ. Гэхдээ америкчууд саяхнаас л Монголыг сонирхож эхэлсэн гэж хэлж болохгүй л дээ. Сүүлийн үед Америкийн компаниуд Хятадтай залгаа хилийн ойролцоох зэсийн ордуудыг ашиглах тендерүүдэд маш идэвхтэй оролцож байсан.
Гэхдээ миний үзэж байгаагаар, Монгол бол АНУ-ын хувьд эдийн засгийн гэхээсээ илүүтэй геополитикийн сонирхлыг нь татаж байгаа юм. Энэ улс Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд орших стратегийн өвөрмөц байрлалтай учраас тэр шүү дээ. Америкчууд байдлыг хянаж байхын тулд энд ажиглалтын цэг байгуулахыг хүсч байж магадгүй юм. Гэхдээ Монгол ийм зүйлийг зөвшөөрөх нь юу л бол.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Зочин · 2016/06/12
Америкуудыг гэснээс нутаг ус ойр хэзээнии эртнии түнш орос ах нар минь өлзиитэй америкыг дагаад юу хожсон юм новшнууд газар нутгииг минь цэргиин бааз сургуулалтын талбар болгохыг санаархаж байгаа юм америкиин визииг үнэгүй өгсөн ч би авахгүй новш орос саихан орон ард түмэн NICE
Зочин · 2016/06/10
Янкуудын явсан газар ямар нэг муу зүйл заавал болдог юм даа юу л сэдээд байгаа бол
БОДОЛ · 2016/06/09
МОНГОЛ УЛС АНУ-ЫН САНАСНААР ХӨРӨНГӨТНИЙ НИЙГМЭЭР ЗАМНАЖ БАЙГАА. ХАРИН ОРОС, ХЯТАДЫГ ХЯНАХЫН ТУЛД МОНГОЛЫН ГЕОПОЛИТИКИЙН БАЙРШЛЫГ АШИГЛАХ НЬ ТЭДНИЙ ХУВЬД ЗӨВ Ч МАНАЙ ХУВЬД АЦАН ШАЛАА ЮМ. 90 -Д ОНД БЭЙКЕР ҮҮНИЙГ ХИЙХ БАЙВ.
Зочин · 2016/06/09
Нэгийг бодоорой Оросууд яагаад манайд хэтэрхий их анхаараад АНУ 3дагч тvншлэгч болоход цухалдаад байна вэ, утгагvй хэрэг
Зочин · 2016/06/09
Уважаемый Алексей Маслов вы очень правильно оценили настояшую Монголию.Молодец.Манай улсын улс төрийн бодлого 2 хөрштэйгээ зөв болсон үед "Сибирийн хүч-3" манай улсаар дайрч өнгөрөх ч юм билүү.Одоо "Сибирийн хүч-1,2" төсөл нь манай улсыг тойроод хэрэгжиж байна шүү дээ.
Zochin · 2016/06/09
Yankuud mini Mongoloos savraa tat.Mongol uls sanasnaar chini ih zamnahgui l baih