Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, валютын ханш урд хожид байгаагүйгээр буюу 20 хувь өссөн, төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьдралд нөлөөлөхүйцээр нэмэгдчихээд байхад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн Шинэчлэлийн Засгийн газраас явуулсан бодлогоос болоогүй.

Өмнөх Засгийн газарт ч буруу бий.  Гэхдээ эдийн засгийн өсөлт буураагүй, энэ оны есдүгээр сарын байдлаар 15 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орсон нь өнгөрсөн жилийнхээс 3000 айлын орон сууцаар илүү давж байгаа. Валютын нөөц багассан гэж шүүмжилж байна, багасаагүй. Одоогоор 2.7 тэрбум ам.долларын нөөц бий. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа” гэж хэлснээрээ улстөрчдийн төдийгүй иргэдийн бухимдлыг ихэд төрүүлээд байгаа. Гэсэн ч өчигдөр болсон УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны үеэр бодит байдлыг хэлсэн гишүүдийн өмнөөс улалзан байж мөн л тас гүрийсээр гарсан.

Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үйлдлээсээ гадна хэд хэдэн нөхцлөөр сайдын суудлаасаа унаж мэдэхэд хүрээд байна. Эх орондоо их бүтээн байгуулалтыг эхлүүлэх “Чингис” бондыг олж ирлээ хэмээн өнгөрсөн хугацаанд цээжээ дэлдэж байсан тэрбээр одоо урт хэл хүзүү ороохын үлгэрт унаад байгаа гэнэ. Түүгээр ч үл барам”Чингис” бондоор санхүүжүүлж буй “Гудамж” төслөөс “Хувь хүртсэн” хэрэгт ч унаж мэдэх тухай зарим эх сурвалж хэлж байна. Эх сурвалжийн өгүүлснээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Гудамж” төслийн удирдагчаар өөрийн найз Б.Батболдыг тавьжээ. “Гудамж” төслийг хэрэгжүүлэхийн тулд “Чингис” бондоос 200 сая ам.доллар зарцуулахаар болсон. Үүнээс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Олон тэрбумаар хэрэгжиж буй энэхүү төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд “Портуна” Н.Батбаяр найзынхаа гарт атгуулсанд учир байгаа гэнэ.

Тэгвэл “Гудамж” төслийн удирдагч Б.Батболд гэж хэн бэ.
”Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Бадрахын Батболд. 1981~1986 онд Политехникийн Дээд Сургуулийг архитектор мэргэжлээр, 1994~1995 онд АНУ-ын Лос Анжелес UCLA Их сургууль “American Language Center”, Montana Их сургуулийн Архитектурын тэнхим, 1995~1997 онд Хоккайдо Их сургуульд суралцаж Архитектурын Мастер, (Housing Policy), 1997~2001 онд Хоккайдо Их Сургуульд “Скандинавийн орнуудын хот төлөвлөлт” сэдвээр Техникийн Ухааны Доктор, 2004 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, 2004~2007 онд Барилга, Хот Байгуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2013 онд Эдийн засгийн хѳгжлийн сайдын зѳвлѳх болжээ. Тэрбээр 2007-2013 онуудад хаана юу хийж байснаа өөрийн анкетдаа бичээгүй байна. 

Харин зарим эх сурвалжийн мэдээснээр Б.Батболд нь энэ хугацаанд “Мүүди” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэх. Тэгвэл тэрхүү “Мүүди” ХХК нь өнгөрсөн жил бяцхан охины аминд хүрсэн газар юм. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд хичээлээ тараад явж байсан бяцхан охин III эмнэлгийн баруун талд баригдаж буй “Мүүди” ХХК-ийн захиалгаар “Төгс гүрэн” ХХК-ийн барьж байсан барилгын бетон зуурмаг шахагч машины цемент дамжуулах хоолойнд даруулж амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Гэхдээ эмнэлгийн эзэмшлийн газарт барилга барьж байсан “Мүүди” компанийн удирдлагууд охины амиа алдсан хэрэгт ямар нэгэн хариуцлага тооцоогүй үлдэж чадсан байдаг. Харин аймшигт хэрэг шүүхийн шатандаа явж байхад хэргийн эзэн “Мүүди” компанийн захирал төрд шургалж, түүгээр ч үл барам 200 сая ам.долларын төсөл хэрэгжүүлээд явж байгааг юу гэж ойлгох вэ.

 

Н.БУДСҮРЭН