...Хүн мартаж

Газар гэсэх амархан юм.

Тэр дундаа Монголын ихэнх ард түмний ой санамж дэндүү богинохон болж. Бид гурав, дөрөвхөн жилийн өмнөх үйл явдлыг мартаж, өдөр тутам болж буй шинэ үйл явдалд хэт автдаг учраас өчигдөр, өнөөдөр хоёрыг дүгнэж цэгнэх, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, онцлог ялгааг ч салгаж ялгахаас төвөгшөөдөг бололтой юм. Ингэж хэлж буйн учир нь, хүмүүний сэтгэлд буусан хар толбо хэзээ ч баларч арилдаггүй. Тиймээс бид мартах гэхээс илүүтэй тэрхүү сэтгэлийн хөндүүр сэдвийг санаж, сэдэхээс айдаг ч байж мэднэ. Өнөөдөр бид хүссэн ч, эс хүссэн ч санаж, сэрэхээс өөр аргагүй болжээ. Монголын эрх баригчид ээлжит луйвраа эхлэх гэж байна.

Эд хөрөнгөний хэт шуналд автсан, хэдэн жилийн өмнө худал амлалт өгснөө бүгд мартсан улс төрчид өнөөдөр дахиад л өнгө өнгийн сайхан зүйл амлаж, монголчууд бидний хуурах гэж байна. Уучлаарай улс төрчдөө, хэрэг хуучирдаггүй гэдэг шиг мэдээлэл хэзээ ч устдаггүй гэсэн мөнхийн дүрэм байдгийг та нар л харин мартаж.

Дөpвөн жилийн өмнө АН: Улс шиг хөгжье

Хүн шиг амьдаръя

МАН: Зугтаж биш ЗҮТГЭЖ

Үгүйсгэж биш БҮТЭЭЖ

ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДАРЦГААЯ

МАХН-МҮАН-ын ШУДАРГА ЁС ЭВСЭЛ: Төрөө МАНАН-гаас салгаж

Түмнээ ЯДУУРЛААС гаргая... гэсэн сүрхий уриа лоозонгоор иргэдийн тархийг угааж байсан. Итгээд сонготол, өнөөдөр бас л хууртлаа. Нөгөө хүн шиг сонгож, хог шиг хаягдлаа гэдэг шиг юм болов.

Одоо болье, монголчууд бид 26 жил хулхидууллаа, гүйцээ. Найман жилийн өмнө УИХ-ын ээлжилт сонгуулийг мажоритар системээр явуулав. Гэвч санал хураалтын дүнд үл итгэсэн олон хүн эсэргүүцлээ илэрхийлэн цугласан нь сүүлдээ эмэгнэлт явдлаар төгсч, үймээн самуун дэгдэж, хэд хэдэн хүний халуун амь эрсэдсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн төлөөх шударга тэмцэлд таван эр халуун амиа өгсөн. Гэсэн ч УИХ ээлжит молигоо өмхүүлсээр 2012 онтой золгов. Энэ удаа улс төрчид сонгосон иргэдийнхээ нүүрийг харах эрхгүй болсноо мэдсэн тул, сонгуулийн хуулийг холимог тогтолцоотой болгож, саарал ордонд, сандал ширээний буг болсон архагууд нь намын жагсаалтаар зөөлөн суудалдаа дахин заларцгаав. Уг сонгуулийн үр дүнд Т.Уянга тэргүүтэй цөөн хэдэн гишүүн сонгогдож, улс орны хөгжилд жинтэй нэмэр болоогүй ч, эрх баригчдын булхайг чадлаараа илчилсэн. 2016 он сонгуулийн жил. Энэ удаад эрх баригчид сурсан зангаараа хуулийг өөрчлөхгүй бол, хуйвалдааныг нь дэлгэгчид сонгогддогийг харчихлаа. Өнөөдөр бид дахин луйварчдыг сонгох уу, жинхэнэ лидерийг сонгох уу гэсэн хоёр сонголтын дунд тархиа ажиллуулах, хүнээ таних чухал цаг үе дээр ирээд байна. Ирэх сонгуульд 10 нам, нэг эвсэл зуун хувь мажоритар системээр өрсөлдөх гэж байна.

Гэвч эрх баригчид хувийн явцуу эрх ашгаа бодно уу гэхээс, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хөгжлийг бодох сэтгэл “түй” ч алга. Нөхдүүд ямар нэг аргаар дахин их хуралд сууж, сая саяар төгрөг хүүдийлдэг, сайхан амар ажлаасаа салмааргүй байгаа. Тэр ч бүү хэл өмнөх сонгуульд зориулж цацсан мөнгөө олигтой арвижуулж амжаагүй зарим гишүүд ямар нэг аргаар дахин сонгодохын төлөө улайрч байна. Энэ зуны сонгуулийг энгийнээр тайлбарлавал, увайгүй УИХ-ын гишүүд мөнгөтэй, хүчтэй тул уралдаанд Ферари машинтай, харин нийгмийн эрх ашгийн төлөө нэр дэвшигчид ямбий УАЗ-469 машинтай уралдах гэж буйгаас ялгаа алга. Иргэд зөвхөн гарааны зурхайд туг дохигч болох нь холгүй байна.

Гэхдээ Ардчиллын гол үнэт зүйл нь засгийн эрх мэдэл ард түмний гарт бий гэдэг учир бидэнд гарц байж л таарна.

Үүнд;

  • Сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг Герман болон европын орнууд хэрэгжүүлсэн учир иргэд нь ямар нам, нэр дэвшигчийг сонгохоо төвөггүй мэддэг, сонголт нь зөв байж чаддаг байна.
  • Мөн нам, эвслүүд хариуцлагатай байж, иргэдэд мэдээлэл хангалттай өгч, аль тойрогт, ямар намаас, хэн нэр дэвших нь тодорхой, дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь үнэн бодид байх шаардлагатай.
  • Санхүү олигархын бүлэглэлийн нөлөө улс төрд орж, авилгад ихээр өртдөг. Үүнийг таслан зогсоож, сонгуульд зарцуулах намын санхүүжилтийг төрөөс гаргах хэрэгтэй байна.

Хамгийн чухал нь бид бүгд сонгуулиа заавал өгөх ёстой юм. Та тойрогтоо нэр дэвшигчдээс бидний эрх ашгийг төлөө арай дээр шийдвэр гаргах хүнийг дугуйлахгүй л бол, таны тойргоос хамгийн увайгүй нэг нь сонгогдож, улсын хөгжлийг дахин дөрвөн жилээр хойшлуулна. Та бидний амьдрал ч одоо байгаагаасаа дордон уу гэхээс дээрдэхгүй. Цаг хугацаа гэдэг алтнаас үнэтэй тул элгээрээ хэвтэж, ядуурлын туйлд хүрч буй эх орноо өвдөг дээр нь сөхрүүлчихгүй, өөд нь татъя гэвэл өнөөдөр иргэд та бид сонголтоо зөв хийх л гарц үлдэж. Энэ сонгуулиар урвагчдаас татгалзъя, тэднээс нэгийг нь ч Монголын төрд сонгохоо болье гэдгийг монгол хүн бүрт уриалж байна. Ялангуяа эх орныхоо хөдөлгөгч хүч болсон оюунлаг залуус аа эх орныхоо, гэр бүлийнхээ, өөрийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө, сонгуульдаа бүгд маш хариуцлагатай, идэвхтэй оролцоцгооё.

П.Бат-Эрдэнэ