Бидний хэтэвчинд орсон гэх 1072 хувьцааны 30 хувийг төсөв нь онгорхой Ч.Сайханбилэгийн Засгийн газар 30 хувийг нь худалдаж авна гэж цээж хөдөлгөх юм. Миний мэдэхээр хүүхдийн мөнгөний 130 тэрбумыг төсвөөс “хусчихсан” тэр нь онгорхой байдаг.

Яагаав, өнөөх Б.Болорыг Сангийн сайд болгосон доо. Энэ даруйд цаадхи нь сайд болгосон ах нартаа чанга гартай хүн болж таалагдах гээд хүүхдийн мөнгөнд хязгаар тавьчихаагүй юу. 2015 оны төсөвт суулгаагүй гэсэн үг. Гэтэл түмний эсэргүүцэлтэй тулгарсан ах нар нь сандрахдаа төсвөөс “хусчихсан” юм. Энэ бол үнэндээ хулгай юм шүү дээ. Төсвийн хуулиа ч зөрчсөн гээд олон зүйл ярьж болно. Одоо зөв шударгаар 1072 хувьцааны 30 хувь болох 300 мянган төгрөг хүрэх эзэндээ хүрвэл бид нар лавтай энэ оныг дуустал идэхгүй, уухгүй, өмсөхгүй, сурахгүй, боловсрохгүй байх тийм л дүр зураг шууд санаанд бууж байна. Магадгүй 2017 оны эхний хагаст ч байдал үргэлжилж мэдэхээр. Яагаад гэхээр энэ оноос гаднаас авсан өндөр хүүтэй бондын зээлийн төлөлт үргэлжилнэ. Би эдийн засагч тооны хүн биш, жирийн нэг бичгийн хүн. Гэхдээ барагцаалж бодоход энэ мөнгө чин шударгаар очих насны эзэддээ очно гэвэл Монгол Улсын төсвийн чамгүй хувьтай тэнцэнэ. Тэгэхээр бид бүсээ чангалахаас өөр арга байхгүй. Гэхдээ энэ мөнгөний олголт энэ сарын 29-ийг хүртэл настай учраас ийм зүйл болохгүй байх гэж найдая. Ямартай ч төсөвт их бага хэмжээгээр дарамт учруулна даа, харж байгаарай.

Мэдээжийн хэрэг энэ бол эрх баригч намынхан санал зулгаах гэж ийм балай тактик барьж байна л даа. Маргааш бидний идэж уух, өмсөх зүүхийг эс тооцон сонгуульдаж байна. Харамсалтай байна. Ийм хэмжээний мөнгийг Монгол Улсын төсөв яагаад ч гаргаж чадахгүй, зургадугаар сарын 29-нөөс эхлээд та банкин дээр оочёрлохоо больж санаа чинь амрах байх. Гэхдээ бид энэ мөнгийг эргээд төлнө гэдгээ санах хэрэгтэй. Юун эх орны баялаг эзэмшигч. Яагаад гэхээр Тавантолгойн орд газрын ашиглалт ерөнхийдөө зогсонги байна. Олигархиуд авах гээд байгаа юм уу, эсвэл ард түмэнд өгөх гээд байгаа юм уу, нөгөө бол хятад, оросуудад өгөх гээд байгаа эсэх нь үнэндээ эргэлзээтэй. Тавантолгойн төлөөх дайн энэ удаагийн сонгуулиар ч илэрхий талбайд гарч ирж байгааг мэдэх нэг нь харж байгаа.

Нөгөө талаар Ч.Сайханбилэгийн нуугдаж яваад үзэглэдэг Дубайн гэрээнд 2037 оноос бид Оюутолгойгоос ашиг хүртэх ёстой хэмээн айлдсан. 20 гаруй жилд нийгэм эдийн засгийн байдал ямар байх вэ. Монгол Улсын геополитекийн асуудал хаашаа эргэсэн байх вэ. Оюутолгой, Тавантолгой орд газраас гарах гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алт чухам ямар хэмжээний үнэлэмжтэй байх вэ. Хамгийн наад зах нь нүүрсийг орлох дараагийн эх үүсвэр гарвал нүүрс бол зүгээр үнс болчихыг хэн байг гэх юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс унасан хэвээр байна. Нөгөө талаар овлигогүй улстөрчдийн хар гайгаар манай нүүрсийг авах зах зээл алга. Ерөөсөө л хятадын зах зээл ш дээ, далайд гарцгүй, нарийн царигийн төмөр замгүй бид өөр хаашаа явахав дээ. Хятадын гар дагуулан харж суугаа л өрөвдмөөр амьтад ш дээ.

За, стратгийн том асуудал ч надад ахдах байх. Зургадугаар сарын 29 хүртэл 1072 хувьцааны 30 хувь болох 300 мянган төгрөг олгогдоод санхүүжилт зогссон нэрээр оочёр дугаар цэгцрэх байх. Өөр аргагүй юм чинь. Энэ хугацаанд чамгүй мөнгө олгогдоно. Чухам хэдэн тэрбум төгрөг эзэндээ очихыг хэлж мэдэхгүй. Харин эрх баригчдын энэ мөчид ажиллагаа нь сонгуулийн дараа бүрэлдэх Засгийн газарт маш том дарамт болно. Хүүхдийн мөнгөнд гулсуулсан 130 тэрбум төгрөгөөс эхлээд олон зүйлийг хаанаас олж төсөвт суулгах тухай төлөвлөгөө ч байхгүй. Дээр нь 1072-ын 30 хувийн цоорхойг хаанаас олж нөхөх тухай давхар шаналгаа нэмэгдэнэ. Ахин давтая. Стратегийн орд газрын ажиллагаа бүгд зогсонги байгаа төдийгүй яг хэнд очих нь мэдэгдэхгүй далд дайн болж байна. Хөдөлгөөнд оруулсан гэх Оюутолгой нь хамгийн багадаа 2037 оноос нааш ашиг харалтгүй гэж “шинэ баян” Ч.Сайханбилэг нь хэлээ биз дээ. Миний мэдэж байгаагаар шүү дээ. Энэ шаналгаа дуусч амжаагүй байхад 2017 он гарна, энд онд Чингис бондын 500 сая ам.доллар, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларын … гээд өр төлөлт эхлэнэ. Энэ өрнүүдийн 40-50 хувийг хувийн хэвшил төлнө. Гэтэл өнөөдөр үндэсний 40 гаруй мянган ААН дампуурчихсан байна. Хамгийн наад зах нь энэ удаагийн сонгуулиар гарч байгаа хэдэн тэрбумаар хэмжигдэх ил далд мөнгө ч бидний хөлсөө урсгаж олсон татварын мөнгө, ёстой хэлэх ч үг олдохоо болиод байна. Арай ч дээ.

 

С.Ууганбаяр