Өмнөх УИХ-ын сонгуулиар “сонголт биш сунгалт хийчихэв ээ” гэсэн утгатай яриа хөөрөө хаа сайгүй гарч байлаа. Өмнөх бүтцээ өөрчлөхгүй, хуучин хүмүүсийнхээ хугацааг сунгаад дахиад сонгочих оо гэсэн утгатай энэ үг одоо ч бас яригдсаар байгаа. Ер нь намуудын бие биенийхээ эсрэг хэлдэг үг л дээ.

Харин энэ удаагийн УИХ-ын сонгууль сонголт ч биш, сунгалт ч биш салгалт болчих вий гэсэн болгоомжлол хаа сайгүй байна. Салгалт гэж юуг хэлээд байна гэхээр сонгогчдын ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол юм. Сонгуулийн хуулиар нийт санал өгөх сонгогчийн 51 хувь нь саналаа өгсөн тохиолдолд сонгуулийг хүчинтэйд тооцно гэсэн заалт бий. Статистик судалгаанаас харахад сонгуулиас сонгуулийн хооронд санал өгөх сонгогчдын тоо буурсаар байгаа. 1992 онд монголчууд 95 хувийн ирцтэйгээр саналаа өгч, сонголтоо хийж байв. 1996 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын ирц 88 хувьтай байсан бол 2000 онд 84 болж буурчээ. 2004 онд 82 хувь, 2008 онд 76 хувь, 2012 онд 65 хувь болтлоо багассан. Тогтмол буурч байгаа энэ үзүүлэлт 2016 оны УИХ-ын сонгуульд бүр ч бага гарах үндэслэлтэй юм. Энэ нь сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны хугацаа хэт богино байгаатай холбоотой. Сонгуулийн шинэ хуулиар сурталчилгаа явуулах хугацааг ердөө 17 хоног хэмээн заасан нь ийм зовнил төрүүлээд байна. Нэр дэвшигчид ялангуяа шинэ хүмүүс “Хэн нь хэн бэ” гэдгээ тайлбарлаж таниулах боломж туйлын хомс болж байгаа. Сонгуулийн хугацаа бага байхаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах хэмжээг нь тогтоогоод өгчихсөн. Хуульд зааснаар телевизийн сурталчилгаа явуулъя гэвэл нэг нэр дэвшигчид 13 секунд ногдож байна. Сонин дээр нэр дэвшигчдийг бүгдийг нь тэнцүү гаргая гэвэл “түлхүүр хаясан” гэсэн зарлалаас ч бага зай оногдох нь.

Ийм байхад яаж сонголт хийх вэ. Ямар нам, эвслээс хэн хэн нэр дэвшиж байгаа, өөрийнх нь амьдарч байгаа тойрогт ямар хүмүүс байгаа гэдгийг нарийн судалж чадахгүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь унших байтугай шинэ хүмүүсийн нэрийг нь ч цээжилж чадахгүй өнгөрнө. Хууль баталж, бодлого боловсруулж, төр жолоодох хүмүүсийг ингэж сурталчилж болох уу. Тэд ийм богино хугацаанд танигдаж чадах уу?

Хүмүүс таньж мэдэхгүй зүйлдээ дургүй байдаг. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэж ярьдаг ард түмэн, бид. “Баахан танихгүй хүмүүсээс хэнийг нь сонгодог юм. Ямар ч хүн юм билээ” гээд сонгуульд оролцохгүй байх магадлал маш өндөр байгаа юм. Ийм болгоомжлол байгаа учраас “Өдрийн сонин” эрсдэлийг урьдчилан сануулж энэ сэдвээр маш их бичсэн юм. “Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага байгаа нь ийм ийм сөрөг талтай. Сонгууль өгөх өдөр ч нэр дэвшигчид сурталчилгаагаа хийдэг болъё. Хүүхдийг сонгуульд оролцуулдаг болъё. Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхэд үндэсний компаниуд санаачилга гаргаасай” гэх мэтээр бичиж, гадаадын жишээ баримтыг өөрийн оронтой уялдуулан гаргаж уншигчдадаа хүргэж байсан билээ. Харамсалтай нь, хууль тогтоогчид хэвлэл мэдээлэл дээр гарсан зүйлийн эсрэг ажилладаг мэт байдаг. Хэвлэл мэдээлэл дээр анхааруулан бичсэн бүхэн ямар үнэн бөгөөд хүчтэй байдгийг сурталчилгааны 17 хоног харуулж байна. Үйл явдал яг л бидний бичсэнээр өрнөж, асуудал үүсч байна. Ядах нь ээ, гялайх юм байхгүй сонгууль болох нь. Гялайх юм байхгүй гэдгийг би өмнөх сонгуулиудтай харьцуулан хэлж байгаа юм. Өмнөх сонгуулиудын үеэр сумын иргэд ядахдаа нэг удаа эход харуулчихдаг байлаа. Аалзны шүлсэнд баригдсан Соёлын төвийн хаалга, цонхоо нээн салхи оруулж, бүгдээрээ цуглаж байгаад хошин шогийн алдартнуудын тоглолт үзэж шавайгаа ханатал инээлддэг байв. Зурагтаар л барааг нь харж, дууг нь сонсдог дуучид, жүжигчид гээд урлаг соёлын томчуудыг дэргэдээс нь харж тоглолтыг нь үзэхээс гадна бүр хамт зургаа авахуулдаг байсан юм. Энэ бол дөрвөн жилд нэг удаа тохиодог баяр, сонгуульдаа идэвхтэй оролцуулах урамшууллын нэг хэлбэр байлаа. Хэн тэр эхоны эмч, дуучид, алдартнуудыг авчирсан нь нэг их сонин биш, гол нь сонгууль болж байгаа, саналаа өгөх юм шүү. Ийм ийм хүмүүс манай суманд дэвшиж байгаа юм байна гэсэн мэдээлэл хүмүүст шууд хүрдэг байв.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу Дундговь аймаг гэхэд 16 сумтай. Нэр дэвшигчид мэдээж бүх сумаараа орж, иргэдтэй уулзаж, өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Нэг суманд нэг өдрийг зарцуулна гэж бодоход санд мэнд л шудраад өнгөрөх нь. Улаан нүүрээрээ тулж байж л итгэл үнэмшил төрдөг сонгогчид нүүрийг нь хараагүй бол хэрийн хүнийг тоож үнэлэхгүй. Зүс хараад нэр бүү асуу гэдэг нь ч ийм учиртай. Орчин үеийн филисофиор бол энэ сургаал хэлбэр нь агуулгаа тодорхойлдог гэсэнтэй яг дүйж таардаг. Нэгэнт нэр дэвшигчдээ танихгүй болохоор санал өгөх хүсэл төрөхгүй, санал өгөхгүй болохоор сонгуулийн ирц хүрэлцэхгүй.

Хэрэв хуулийн дагуу гэж үзвэл санал өгсөн хүмүүсийг урамшуулах ямар нэгэн зүйл санаачлан одооноос зарлаж мэдээлмээр байна. Зургадугаар сарын 29 буюу санал авах өдөр бүх нийтээр амарна. Энэ өдөр томхон сүлжээ ресторанууд хоолныхоо үнийг хөнгөлж болж байна. Үнэгүй хоолоор үйлчилж ч болох. Санал өгснийг нь гэрчлэх баримтаа үзүүлээд л энэ урамшууллыг хүртэх боломжийг төр хувийн хэвшилтэй хамтраад хийвэл сонгууль өгөх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Ганц хоол унд гэлтгүй, ном, үзвэр үйлчилгээ, худалдаа наймааг ч санал өгсөн хүмүүст зориулж хямдрал зарлан урамшуулж яагаад болохгүй гэж. Бидний өмнө бичиж байсанчлан үндэсний том том үйлдвэрүүд ийм санаачилга гарган, маш сайн зохион байгуулж чадна. Эдийн засгийн хувьд төр жаахан дэмжлэг үзүүлэхэд хангалттай. Энэ мэтээр хүмүүсийг урамшуулах, санал өгөхийг нь дэмжих ажил зохион байгуулж нийтээрээ баярлая. Төрөө байгуулсны баяр цэнгэлийг дөрвөн жилд нэг удаа хийхэд буруутгах хүн гарахгүй биз ээ.