Монголчууд бид нэг зүйлд хэт автахаараа тухайн зүйлээс өөр асуудалд анхаарлаа бага хандуулдаг "муу зуршилтай " ард түмэн.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх өдрүүдэд халуун зунаар Налайхын уурхайд уурхайн осол болж 2 уурхайчин шороонд дарагдан амь насаа алдсан байна.

Уг нь газар гэссэн, хөрс сийрэгжсэн зун цагт нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулахыг холбогдох газраас хориглосон байдаг ч "мөнгө улаан, нүд цагаан” гэгчийн үлгэрээр мөнгө төгрөг л олж байвал уурхайчны амь нас, эрүүл мэнд, уурхайн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг уландаа гишгэсэн эрх мэдэлтнүүд, уурхайд хүн ажиллуулсны улмаас хоёрын хоёр эрдэнэт хүний амь эрсэджээ.

nalaih-itx-DashkhuuХууль бусаар нүүрс олборлолт явуулж, уурхайчны амь насанд хүрсэн уурхайн эзэн бол Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч "Ундрах дөл” ХХК-ийг үүсгэн байгуулагч М.Дашхүү гэх эрхэм. Энэ хүн Налайхын Засаг дарга Х.Болбаатартай хуйвалдан Дүүргийн тусгай хэрэгцээний газарт хууль бусаар уурхайн үйл ажиллагаа явуулж ирснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цөөнгүй удаа олон нийтэд мэдээлж байсан боловч яаж ийгээд холбогдох газруудыг аргалж нүүрс олборлолт явуулсаар ийм нөхцөлд хүрлээ.

М.Дашхүүгийн уурхайд осол болж хүний амь эрсдэж байгаа нь анхны тохиолдол биш юм. 2012 онд мөн энэ уурхайд осол болж 1 уурхайчин амь насаа алдсан байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар "ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэрээр 2012 онд хүний амь эрсэдсэн хойно нь "Ундрах дөл” ХХК-ийн уурхайн амыг хааж, нүүрс олборлох үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. М.Дашхүү энэ үед асуудлыг өөрөөсөө холдуулж, хүний нь амь нас эрсэдсэн хариуцлагыг өөрийн төрсөн ах М.Дамдинхүүдээ "тохож”, уснаас өөрөө хуурай гарсан байдаг. 1415578_10207840224737487_993958857_n12202484_10207840225657510_1169440650_n

Энэ удаад М.Дашхүү мөнөөх л аргаараа осол болсон уурхайд өөрөө огт хамааралгүй мэтээр тайлбарлаж, өөрийн багын найз, олон жил нөхөрлөж, түүний гар хөлийн үзүүрт зүтгэж явсан Ц.Дунцагаан гэгчийг хууль зөрчиж ажиллуулж байсан уурхайн эзнээр "тодруулаад” хууль хяналтынханд бариад өгчихсөн яваа гэнэ. Уг нь Монголчууд "унаж яваа морио, ханилж яваа нөхрөө” гэдэгсэн дээ.

Хамгийн харамсалтай нь М.Дашхүү хүний мөсгүй чанар гаргасанд тэдний уурхайд ажиллаж байгаад амь насаа алдсан 29, 49 настай хоёр уурхайчны ар гэрийнхэн халаглаж барахгүй байгаа юм.

Учир нь уурхайн ослоор амь насаа алдсан уурхайчдад хүндэтгэлгүй хандаж, тэднийг үхсэн мал адгууснаас дорд үзэж, ар гэрийнхэнд нь дуулгалгүйгээр уурхайн орчимд 1-2 өдөр хонуулж, эмнэлгийн моргт аваачсаны улмаас хохирогчдын цогцос муудаж, хүн харахын эцэсгүй болсон байжээ. Тэд яагаад нас барсан уурхайчны талаарх мэдээллийг ар гэрийнхэнд өгөлгүй нуух болов, ямар учраас ар гэрийнхэн нь аавыгаа, нөхрөө нас барсныг цагдаад хандан эрэн сурвалжлуулж байж олж мэдэх болов гэдэг асуудал өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. Эндээс харахад М.Дашхүү амиа алдагсдыг уурхайн ослоор нас бараагүй болгон асуудлыг өөрөөсөө зайлуулан холтгох арга сүвэгчилж байсан бололтой.

Монголчууд бид бурхан болоочийн хойдод хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Гэтэл өөрийнх нь хоёрын хоёр ажилтан амь насаа алдчихаад байхад түүнийг мэдээгүй царайлан, ар гэрийнхэнд нь дуулгахаас цааргалж байгаа М.Дашхүүгийн үйдлийг хэрхэн ойлгох вэ?

"Алтыг нь аваад, авдарыг нь хаяв” гэдэгчлэн М.Дашхүүгийн уурхайн хамаг бор ажлыг нугалан, уурхайн гүнээс нүүрс олборлон түүний түрийвчийг зутаатгаж байсан уурхайчин нас барсанд уг нь хүндэтгэлтэй хандаж болно доо.

Өнөөдрийн байдлаар осол болсон уурхайн эзэд олдохгүй байгаа сурагтай. Тус газар нь Налайхын ИТХ-ын төлөөлөгч М.Дашхүүгийн газар боловч тэрбээр өөр хүмүүс түрээслэн ажиллуулж байсан хэмээн мэтгэж, амиа алдсан хоёр уурхайчны амь насанд өөрийгөө ямарч хамааралгүй болгож харагдуулахыг гэж зорьж байгаа арчаагүй арга юм гэж хохирогчдын ар гэрийнхэн хэлж байна.

Ийнхүү нас барсан хоёр уурхайчны амь насыг үрэгдэхэд хүргэсэн хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байдал бий болох нөхцөл үүсээд байгаатай холбогдуулан хохирогчдын ар гэрийнхэн М.Дашхүү тэргүүтэй уурхайн эздийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн юм байна. Халуун зунаар хууль дүрмийг зөрчин олборлолт явуулсан эрх мэдэлтнүүдэд холбогдох хариуцлагыг нь хүлээлгэнэ гэдэгт Налайхчу итгэж байна.

А.Тамир

ugluu.mn