​Өнөөдөр нэг л хүн хамгийн их эрэлттэй байна. Тэр бол С.Баяр. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан, Ардын намын дарга байсан тэрбээр хэзээ ч, хаана ч олны анхааралд өртдөг.

Зөвхөн хүүхнүүд түүнийг сонир­хоод байдаг юм биш. Монголчууд тэр аяараа сонирхож, шохоорхож байна. Хоёрхон хоногийн өмнө түүнийг хилээр гарахыг хориглосон талаар мэдээлэл гар­магц, маргааш нь “үгүй” гэсэн мессеж гэрлийн хурдаар тарж байх жишээтэй. С.Баяр гадаадад амьдарч байна, үгүй биш ээ, тэр Монголд ирчихэж гэдэг нь ч анхаарлын гадна өнгөрнө гэж үгүй. Эрлийнхээ үзүүрт түүнийг байнга уяатай байлгаад байдаг нь түүнээс ямар нэг зүйлийг хүсэн хүлээж байгааг илтгэх мэт. Яг л их юмны зангилаа, их хэргийн учиг мэт санадаг. Гэхдээ хэзээ ч тэр зангилаа алдарч, учиг нь хөвөрдөггүй. Хүмүүс С.Баярыг шалгах ёстой, С.Баярт их учир бий гэдгийг “дотор хүн”-ийхээ зөн совингоор мэдрээд байдаг нь нууц биш. Түүнийг жирийн биш хүн, зүгээргүй хүн гэдгийг нь мэдээд байна. Н.Энхбаяр цагтаа яг ийм сонирхолтой фигур байсан. Түүнийг Монголоос, биднээс зугтчих вий гэсэн болгоомжлол өмнө нь байсан. Байсан болоод шалгуулсан, ялласан. Н.Энхбаярын үг хэл, үйл хөдлөл бүр нь хэн хүнд сонирхолтой сэдэв байсан.

Тэгвэл С.Баярыг Н.Энхбаярынх шиг сүүдэр мөнхөд дагаж бай­на. Оюутолгойн гэрээ, МАН-ын ялагдал, уран ашиглалтын ор-чин, долоодугаар сарын 1-ний эм­гэнэлт явдал гээд С.Баярын нэр хавчуулагддаг сэдвүүд одоо ч хуучраагүй байгаа нь хачирхалтай.

 

Б.Оюунгэрэл