Шинэ парламентын "гишүүдийн ажиллах чиг нэг"
2016/07/06
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулга энэ сарын 05-ны өдөр болж шинэ гишүүд тангарагаа өргөсөн юм. УИХ-ын даргаараа М.Энхболдыг сонгов. Шинэ парламент хоёр бүлэгтэй ажиллахаар болж АН-ын бүлгийн даргаар С.Эрдэнэ, МАН бүлгийн даргаараа Д.Хаянхярвааг нарыг сонголоо.
Ийнхүү шинэ парламентын гишүүд ажилдаа ханцуй шамлан орсон юм. Тэдний цаашдаа ажиллах зорилго болоод байр сууриаг нь сонсоход бүгд л амлалтаа биелүүлэх, эдийн засгаа аврах хэмээн хариулав. Ямартай ч хийх ажил нь нэг чигт байгаа нь үнэлүүштэй.
М.Оюунчимэг: Нэгдүгээрт, мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн ажлаа хийгээд улс орныг хямралаас гаргах бодлогын арга хэмжээнүүдийг даруй авч хэрэгжүүлж ажиллах шаардлага бий. Ингэж ажиллахын тулд давхар дээлтэй сайд байхыг би эсэргүүцнэ.
Хоёрт, удахгүй АСЕМ болно, гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчид, төр засгийн тэргүүнүүд ирнэ. Энэ үед гаднаас хэрхэн хөрөнгө татах вэ, дотоодынхоо үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн яаж дэмжиж хөдөлгөөнд оруулах вэ, ажлын байрыг яаж эхний ээлжинд олноор бий болгох вэ гэдгийг шийдэхийн төлөө ажиллана гэв.
Д.Цогтбаатар: Ард түмнийхээ итгэлийг хүлээж, бид сонгогдлоо. Одоо энэ итгэлийг хүлээж, биелүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллана. Монгол төрийн босго өндөр. Тэр босгыг ард түмнийхээ итгэлээр давж чадсан бол итгэлийг алдахгүй байх ёстой. Би ямар нэгэн албан тушаалын төлөө хөөцөлдөж гүйхгүй. Гэхдээ итгэл хүлээлгэвэл ажиллахад бэлэн хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
С.Чинзориг: Үнэмлэхүй ялалт өгсөн сонгогчид, Өвөрхангай аймгийн сонгогчиддоо талархал илэрхийлье. МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо тодорхой мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн, парламентад сонгогдсон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Хоёрт, Мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллаж, ард түмэн, эдийн засгаа богино хугацаанд хямралаас гаргах шаардлага бий. Нийгмийн хамгааллын чиглэлээр гаргасан мөрийн хөтөлбөрийг дэмжиж сонгогчид саналаа өгсөн. Тэгэхээр шинээр бүрдсэн УИХ, шинээр байгуулагдах Засгийн газарт ард түмний амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой олон асуудлыг нэн тэргүүнд шийдэх учиртай. Тэр бүгдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амлав.
Ц.Гарамжав: Хувь хүнийхээ өмнө, намынхаа өмнө, ард түмнээс авсан саналынхаа хариуцлагыг ухамсарлаж, УИХ-ын гишүүний хувьд улс орныхоо нийгэм, эдийн засгийг сайжруулахын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллана. Мөн намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлж, улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах үүрэг ногдож байна. УИХ-ын гишүүн бол ард түмний бие төлөөлөгч гэсэн юм.
Чуулганы эхний өдрөө 76-улаа ирж ирцээ 100 хувь бүрдүүлсэн парламентын гишүүд маань ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахад ажлын байр нэмэгдүүлж, улсынхаа хөгжлийг ахиулахын тулд эдийн засгаа хөл дээр нь босгох их хариуцлагатай үүрэг ноогдсон гэдгийг мартаж үл болно.
Зочин · 2016/07/07
уг нь Эдийн засгийн алуурчдын алсаас зоицуулсан прогаммаар МАНАН ялаад байгааг мэдэж хар машиныг устгах хэрэгтэй Дараагийн сонгуульд АН -ыг ялуулах гэх мэтээр монголчуудыг 2 хуваагдуулан тэмцэлдүүлж байгааг одооны сонгуулийн халуун дээр нь Шалгаж тогтоох хэрэгтэй