Ч.Алтанхуяг: Би түүхэндээ сэтгүүлч шүүхэд өгч байгаагүй
2013/09/25
Долоо хоног тутам сэтгүүлчдэд мэдээлэл өгч, цаг үеийн асуултуудад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Ерөнхий сайдын ажлын өрөөнд боллоо. Тэрбээр энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газрын ажил хэрхэн төлөвлөгдөж, өрнөж байгааг сэтгүүлчдэд тайлбарласнаар эхэллээ.
2013 оны төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа танилцуулж үлдсэн гурван сард хийхээр төлөвлөсөн ажлуудаа тоймлон хэлснээс Хөдлөх хөрөнгө, эрхийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм. Орон сууцны зээлийн хүү буурч найман хувь болсон боловч бусад зээлийн хүү буурахгүй байна. Бусад зээлийн хүүг бууруулахын тулд иргэн бизнес эрхлэхээр эд хөрөнгөө барьцаанд тавьсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсвэл банк шүүхтэй маргалдахгүйгээр хөрөнгийг борлуулдаг тогтолцоонд шилжих юм. Ингэснээр банкны эрсдэл багасч, иргэнд очих зээлийн хүү буурах боломжтой болно гэлээ. Ийм хуулийн төслийг 10 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултанд нээлттэй хариулсаныг та бүхэндээ хүргэж байна.
-Та гурван сэтгүүлчийг шүүхэд өгсөн байгаа. Тэднийг ямар үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан бэ?
- Би улстөрөөр 23 жил явж байгаа. Ер нь сэтгүүлчийг шүүхэд өгсөн түүх байхгүй одоо ч өгөөгүй. Харин “Тэргүүн” сонинг шүүхэд өгсөн. Цаашид ч сэтгүүлчийг шүүхэд өгөх зүйл байхгүй. Сэтгүүлчдийг урдаа барьж худлаа гүтгэлэг тараавал тухайн байгууллагын эзэн хариуцлагаа хүлээх ёстой. Сэтгүүлчээр янз бүрийн зүйл бичүүлчихээд өөрсдөө хариуцлагаа хүлээхгүй байгаа нь тэдний буруу. Би гомдолдоо сэтгүүлч буруугүй гэдгийг тодорхой бичиж өгсөн.
- Ажил олгогч нар Үндсэн хууль зөрчөөд байгаа асуудал байна. Энэ нь нас болон хүйсээр ихээхэн ялгаварлаж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ
-Бид энэ жил 6.600 хүнийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамруулан ажилтай болгосон. Үүнд 40-өөс дээш насны олон хүмүүс байгаа. Энэ талаар хуульчилж зааж өгч болохгүй. Ийм насны хүмүүс ажилд орохыг хүсэж байвал таван сар суралцаад мэргэжил эзэмшээд гэрээ байгуулаад ажилд орж болно. Энэ жилээс эхлэн хэрэгжиж байгаа асуудал. Ажил хийе ээ гэж байгаа хүмүүсийг нас, хүйс харгалзахгүй засгийн газраас дэмжиж байгаа. Сарын 196 мянган төгрөг өгөөд сургалтынх нь төлбөрийг, унаа хоолных нь мөнгөтэй даагаад сургаж байгаа энэ боломжийг л ашиглаарай гэж иргэдэд хэлмээр байна.
- Чингис бондын зарцуулалт болон үлдэгдэл ямар байгаа. Хүү хэдэн төгрөгт хүрсэн байгаа вэ?
- Чингис бондоос 700 сая нь гараад ажил болсон. Одоо 800 саяас 500 орчим саяыг юунд зарцуулах шийдвэр нь гарчихсан байгаа. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 300 орчим сая долларыг үйлдвэр дэмжих зорилгоор зарцуулахаар төлөвлөж байна.
- Самурай бондын талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
- Бид сая Японд очоод энэ бонд босгох талаар санаа гаргаад ирсэн болохоос биш ийм бонд босгох гэж байгаа тул та нар ав гэж яриагүй. Одоо Хөгжлийн банкнаас ийм бонд босговол худалдаж авах уу гэдэг талаар судлана. Үүний дараагаар худалдаж авах хүмүүст монголын эдийн засгийн талаар танилцуулга хийнэ. Одоо л энэ ажил эхлэнэ.
- Хятадын айлчлал хэзээ эхлэх үү. Ямар асуудлуудыг хэлэлцэж шийдэхээр төлөвлөсөн бэ?
-Хоёр орны хоорон дахь эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, уржигдар “Чалко “компаний төлөөлөлтэй уулзсан. Тэд “Өмнө нь болсон зүйлд одоо цэг тавих болсон. Энэ жилдээ нүүрсээ гүйцээж аваад өр дуусна. Үүний дараагаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье” гэсэн. Бид ч тэгье гэсэн. Мөн автозам болон төмөр замын тээврийн талаар урьдчилан ярьж байна. Хятад бол манай байнгын хөрш тиймээс бид шат дараатайгаар айлчлалаа хийж байгаа. Саяхан есдүгээр сард Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ айлчлалаа хийгээд ирсэн. Яг одоо Зам тээврийн сайд А.Гансүх сайд хэлэлцээрээ хийж байна. Үүний дараагаар Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр сайд айлчилна. Үүний дараагаар аравдугаар сарын 21-26 өдөрт Ерөнхий сайдын айлчлалаа хийхээр төлөвлөсөн. Бид энэ ажлынхаа бэлтгэлийг эхнээс нь хийгээд байна. Бид ямар асуудлыг шийдэх вэ, ямар тохиролцоо хийх вэ гэдэг дээр ажиллаж байна.
- Найман хувийн зээлийн хувьд санхүүжилт орж ирэхгүй байгаагаас хамааран банкууд урьдчилгаагаа нэмсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарсан. Монголбанкнаас үүнд ямар шалгуур тавьж санхүүжилт олгож байгаа вэ?
- Хас банк үгүй тэгээгүй гээд гүрийсэн байна лээ. Харин банкуудад хэдийд, хэдэн тэрбум төгрөг өгдөгийг бид сайн мэдэхгүй. Тэр бол Монголбанкны асуудал.
- Одоо удахгүй хүйтэрнэ. Нүүрсийг өнгөрсөн жил 80 мянган төгрөгөнд барьсан. Энэ жил мөн энэ үнээ барьж чадах уу?
- Бид энэ жил тодорхой хэмжээний зохицуулалт, дэмжлэг үзүүлнэ. Бид өмнөх жил шиг яг 80 мянган төгрөгөнд барьна гэж хэлэхгүй. 85.000-аас дээш болж нэмэгдэж магадгүй. Гэхдээ арай ч 200.000 болоод явчихгүйгээр тодорхой хэмжээнд зохицуулна. Налайхын нүүрс нийт хэрэглээний хувь багатай. Тиймээс үүнээс болоод нүүрсний үнэ нэмэгдэнэ гэж байхгүй.
- Зарим нэгэн нь бонд дээр шүүмжлэлтэй хандаж байна. Ер нь ямар шаардлага байгаа болоод бонд гаргаж байгаа юм бэ?
- Өнгөрсөн жил УИХ-аас таван тэрбум долларын бонд гаргаж болно гээд баталсан. Үүний эхлэл нь 1,5 тэрбумыг босгосон. Цаана нь 3.5 тэрбум үлдэж байгаа биз. Тэгэхээр Засгийн газар нөхцөл байдлаа харж байгаад цаана нь дахин бонд босгох боломжтой л гэсэн үг. Үүнийхээ 600-н саяыг эсвэл нэг тэрбумыг Японы зах зээл дээр босгочихвол яасын гэж ярьсан. Энэ босгосон мөнгийг бид төсөвт хийдэггүй юм. Өмнөх засгийн газар шиг халамж болгоод зүгээр тараачихдаггүй юм. Үүгээр монгол орны бүтээн байгуулалтыг хийж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг бид төсвийн мөнгөөр хийх боломж байхгүй. Тиймээс мөнгөтэй хүнээс л түр зуур мөнгө аваад л хэрэгтэй ажлаа хийж байгаад мөнгөө буцаан төлж байгаа хэрэг. Зөвхөн дэд бүтэц төдийгүй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж өнөөдрөөс гурав дахин их хурдтайгаар ажиллах гэж байна. Энгийнээр тайлбарлавал ийм л зүйл. 21.000 төгрөг шиг зүгээр нэг идээд уугаад дуусгах гээд байгаа зүйл биш.
- 8 хувийн хүүтэй зээлийг олгохдоо дараагийн санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас хийнэ гэж тооцоолж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
- Өнөөдөр манай оронд нэг тааламжтай нөхцөл бий. Залуучууд нь ажил хийгээд нийгмийн шимтгэлээ төлдөг иргэн их, тэтгэвэр аваад суудаг хүн цөөн. Тиймээс л Нийгмийн даатгалын одоогоор ашиглагдаагүй мөнгийг орон сууцны санхүүжилтэнд өгч байх санаа гаргасан. Энэ ажил бэлтгэл ажилдаа явж байна.
- Тони Блейр сан манай оронтой таван чиглэлээр ажиллана гэж байгаа. Цаанаас нь хэн ямар зорилгоор санхүүжүүлж байгаа вэ. Үүн дээр ямар тохироо хийсэн бэ?
- Тони Блейр сан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газартай гэрээ байгуулсан. Үүнд эрүүл мэнд, боловсрол, хөрөнгө оруулалт зэрэг таван төсөл дээр хамтран ажиллах тухай ярьсан. Үүнийг өмнөх Засгийн газрын үед ярьж байгаад хэрэгжилт нь энэ Засгийн газарт гарч байгаа юм. Дээрх таван салбарт ямар ажил хийх хэрэгтэй, үүн дээр ямар судалгаа хийх хэрэгтэй байна түүнийг л хэлээд өгье гэж байгаа юм.
ART TUMEN · 2013/09/29
Altantuya xuu mn ajlaa l sain xiidee..Xoxirch xelmegdsen ard tumnii zovlong nimgelne gedegt itgej bnashuu...Umnux jiluudiin lai lanchigiig bugdiig shiidej ard olnoo l bayrluulj yavaarai
Зочин · 2013/09/27
мундаг хүн шүү. Одоо л итгэл ирээдүй харагдаж байна даа.
Зочин · 2013/09/26
tiim l yum bol ter 3n setgvvlchiig yaliig tsaagaatgaj shorongoosoo gargaacheer altanhuyag saida