Өнгөрөгч онд Эдийн засгийн байдлаас үүдэн ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Тэгвэл энэ тоо жил ирэх тусам өсч байгаа нь харамсалтай. Нийгэм, эдийн засгийн байдал муу байгаа дээр нь иргэд нь ажилгүй суух нь хэр зөв шийдэл вэ?

Ажилгүйчүүдийн дийлэнхи нь залуус байгаа юм. Зарын сонингийн хуудсаар дүүрэн "ажилд авна" гэсэн гарчигтай түм буман ажлын байрны зар түгнэ. Гэвч яагаад залуус ажилгүй яваад байна вэ? Энэхүү асуултад олон хариулт гарч ирнэ. Тухайлбал, дунд сургуулиа төгсөөөд их сургуульд орсон нэгэн М.О гэгч бүсгүй нөхөртэй болж, хүүхэд гаргажээ. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн тэрбээр бяцхан хүүхдээ харах гэж гэртээ хэсэг хугацаанд суув. Харин цэцэрлэгт орох нас буюу хүүхдээ хоёр настай хүрэхээр нь "ажил хайж эхэллээ". Гэтэл ажлын зарын дагуу өдөр алгасалгүй анкет бөглөж гүйгээд тусыг эс олно. Учир нь түүнийг сургуулиа төгсөөд гэртээ хүүхдээ харж суусан , ажлын туршлагагүй хэмээн хүний нөөцийн мэргэжилтнүүд дүгнэж, авдаггүй. Нөгөө хэсэг нь ажилд авах шаардлагын хангасан ч туршилтын хугацаа нэрээр хүний оронд ажиллуулж байгаад "таныг ажилд авах боломжгүй нь ээ" гэх хариу өгдөг нь нууц биш. Амьдрал дээр энэ байдлаас үүдэн олон залуус ажилгүй суугаа. Тэдний ажиллах эрч хүч, урмыг "ажлын туршлага" хамгийн ихээр мохоодог. Сургуулиа төгссөн залуучуудад юуных нь ажлын туршлага байх билээ. Энэ асуудал хэнд ч ойлгомжтой ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.

 

Xөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд энэ оны зургадугаар сарын эцэст 45.4 мянга хүрчээ. Үүний тал хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 32.8 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хүн буюу 0.1 хувиар өсөв.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.0 хувийг бүрэн дунд, 27.5 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг суурь, 6.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.4 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Харин улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.6 хувь нь 15-34 насны залуучууд эзэлж байгаа юм.

15-34 насыг ид хийж бүтээх насны залуучууд гэдэг. Гэвч харамсалтай нь манай улсад энэ насны залуусаа ажлын байраар хангаж чадахгүй, хангах шаардлагыг нь давахгүй байгаа нь халагламаар.. Энэ насны залуус биеийн хүчний ажил хийхдээ тийм ч таатай хандаггүй аж.

Шинэ парламентад олонхийн суудлыг авсан МАН мөрийн хөтөлбөртөө "Ажилтай ээж", "Эдийн засгаа хямралаас гаргана" нэгээхэн хэсэгтээ ийн тусгасан. Тэгвэл эдийн засгаа хямралаас гаргах бодлогоо хэрэгжүүлвэл, ажилгүйдэл үгүй болно. Учир нь аливаа улс орны хөгжил цэцэглэлээс гадна эдийн засаг, санхүүгийн төлөв ямаршуу байгааг хамгийн тод харуулдаг зүйл нь ажилгүйдэл гэдэг. Ажилгүйдэл их байгаа газар иргэд нь ядуу, нийгмийн бухимдал өндөр байдаг. Түүнчлэн "цалинтай ээж" ажлын туршлагагүй гэж гологдохгүй байх магадлал тун өндөр.

Ажилгүй иргэд бухимдахдаа архидаж, тэнүүчилж эхэлдэг гэх судалгаа бий. Тэгэхээр ид хийж бүтээх насныхан сүүлийн жилүүдэд их архидах болж гэх шүүмжлэлд өртөөд байгаа нь үүнтэй холбоотой. "Туршлага" нэрээр залуусаа архинд далай руу түлхэхгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлүүлэхгүй байхыг хаа хаанаа анхаарах цаг хэдийнээ ирсэн.