Шинэ парламент ажилдаа ханцуй шамлан орж үүр цайтал чуулганаа хуралдуулж эхэлсэн. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт сайд нарынхаа нэрсийг гаргаж Ерөнхийлөгчид өргөн барьсан ч түүний таалалд нийцэлгүй хоёр удаа буцсан билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэтын өргөн мэдүүлсэн сайд нараас 11-ийг нь хүлээн зөвшөөрч, ажилд нь томилсон. Харин дөрвөн сайд тодроогүй. Энэ долоо хоногтоо багтааж сайдуудаа томилох юм.

Өмнө нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар нарыг нэр дэвшүүлэхээр зэхээд байсан ч АТГ-аас дээрх нэр дэвшигчтэй холбоотой албан бичиг ирүүлснээр түдгэлзүүлсэн.

Тэгвэл дөрвөн сайдад, Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхлэв. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмонг дахин дэвшүүлэхээр болжээ.

Ийнхүү шинээр сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын ажлын туршлага:

Төрийн албанд 20 жил ажиллаж буй. Өмнө нь Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг төгссөн. ХБНГУ, Голланд, Швейцар, АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Харин Л.Төмөрбаатар /АУ-ны магистр, Клиникийн профессор, Хавдар судлалын зөвлөх зэрэгтэй, Удирдахуйн ухааны доктор./

2006 оноос Хавдар судлалын үндэсний төвийн захирал, 2002 – 2006 онд Сүрьеэтэй тэмцэх монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, 1998-2002 онд Монгол Зөн нийгмийн эрүүл мэндийн байгууллагын захирал, 1994-1997 онд Хавдар судлалын төвд мэдээгүйжүүлэг, сэхээн амьдруулагч их эмчээр тус тус ажилласан. 2005 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, 2008 оноос ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооны орлогч дарга, 2011 оноос ЭМЯ-ны Ёс зүйн мэргэжлийн зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.

Эрчим хүчний сайдад яригдаж буй МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга нь, өмнө нь Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

 

11 сайдын ихэнх нь парламентаас сонгочихсон. Уг нь МАН давхар дээлийг эсэргүүцэгчид. Харин одоо яригдаж буй эрхэмүүд сайд болвол давхар дээлтэй гишүүн нэгээр нэмэгдэх нь.

 

 

Холбоотой мэдээ: Эсэргүүцдэг "давхар дээл"-ээ өмсчихлөө