Ц.Дашдорж та амлалтаа биелүүлсэн үү?
2016/07/26
Засаг үнэхээр мэргэжлийн байж, улс орны тулгамдсан асуудлууд мэргэшсэн сайдуудын зангидсан бодлого дор шийдлээ олох нь хүлээлт үүсгэсэн асуудал болоод буй. Тэрчлэн сайдын албанд томилогдсон хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг, хэлсэн ярьсандаа хэр зэрэг хүрдэг хүн бэ гэдгийг бид хүргэж байна. Энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэгт албыг хүлээн аваад байгаа Цэдэвийн Дашдоржийн талаар хүргэж байна. Эхлээд түүний талаарх албан мэдээллийг хүргэе.
Төгссөн сургууль, мэргэжил
1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль
1990 онд Политехникийн дээд сургууль Өрөмдлөгийн технологич инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
1990 – 1993 онд”Газрын тос” ХХКомпанид Өрөмдлөгийн инженер
1995 – 2000 онд”Их тэмүүлэл” ХХКомпаний Ерөнхий захирал
2000 – 2004 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
2004 – 2008 ондБарилга, хот байгуулалтын дэд сайд
2008 – 2012 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан. Харин одоо сайдаар ажиллаж байна.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн хугацаанд гишүүнээр ажиллахдаа нутгийнхнаасаа нэлээд таагүй дүн авч байсныг илтгэх мэдээлэл “Өдрийн шуудан”сонинд 2014 оны 1 дүгээр сард нийтлэгдэж байжээ. Говь-Алтай аймгийн итгэлээр 2000-2004, 2008-2012 онд гишүүнээр ажиллаж байсан тэрбээр 2004-2008 онд парламентын гадна байхдаа Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан. Тэрбээр гишүүн болохоор нэр дэвшихдээ “ирэх дөрвөн жил манай аймагт хэрэгцээ хаана байна тэнд шинэ үйлдвэр, үйлчилгээний газрын үүд нээх болно. Дунд орлоготой өрхийн TOO нэмэгдэнэ. Сум бүрт нийтийн ахуй үйлчилгээний цогцолборууд үүд хаалгаа нээнэ хэмээн амлажээ. Түүнчлэн “Эрдэнэт сүрэг эзнээ баясгана” малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээ ч хэлж байж. Тэгээд ирэх дөрвөн жил та бүхэн намайг дахиад сонгочихвол, та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулна хэмээн амласан гэнэ. Түүнчлэн Говь-Алтай аймгийнхны эрүүл мэндийн төлөө, усны чанар хүртээмжийг сайжруулах, аятай тухтай засмал замаар ажлаа хурдан бүтээдэг, гэрэл цахилгааны найдвартай эх үүсгэвэртэй, жижиг дунд үйлдвэр, хоршоо, өрхийн бизнесийг дэмжиж, иргэдээ тэр дундаа залуучуудаа орон сууцтай болгох гэж хичээн, зүтгэж ажиллана гэсэн байна. Улмаар Алтайчууд ч түүнийг сонгож, Ц.Дашдорж УИХ-ын гишүүн болоод, хоёр жил өнгөрөхөд юу ч хийгээгүй байж. Тиймээс тойргийнх нь сонгогчид түүний талаар дараах байр суурийг хэвлэлд илэрхийлж байжээ.
Ж.Энхмаа: УИХ-ын гишүүнтэй уулзлаа гээд амьдрал сайжрах биш
Манай аймагт иргэдийн амьдрал хүнд байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ асар өндөр. Тэтгэврийн хэдэн төгрөг амьдралд хүрэлцдэггүй. Тэтгэврийн дэвтэр дэвтэр банкны зээлийн барьцаанд байнга байдаг. Ажлын байр байна гэдэг ч, нас заачихдаг. Манай гэрт залуу хүн нэг ч байхгүй.
Хоёр хөгшин хүн, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ л амьдарч байна. Манай аймгаас Ц.Дашдорж гишүүн сонгогдсон. Түүний хувьд сонгогдоод хоёр дахь жилдээ ажиллачихлаа. Алтайд ирлээ, сонгогчидтой уулзлаа л гэдэг юм.
Гэхдээ УИХ-ын гишүүнтэй уулзлаа гээд бидний амьдралд нэмэр болохгүй юм байна шүү дээ. Нэг уут гурил энд 40 мянга давсан үнэтэй. Өнөөдөр би захаас цагаан будаа авлаа. Гэтэл нэг килограмм нь 2200 гэж байна. Юмны үнэ ингэж тэнгэрт хадаж байхад, бидний цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар энэ хүн хэрхэн ажилладаг юм болдоо.
Б. Алтангэрэл: Амлалтаа биелүүлдэггүй хүн дээ
Би Д.Дашдорж гишүүний төлөө саналаа өгөөгүй. Гэхдээ энэ хүн сонгуулиар юу амлаж байсныг нь санаж байна.
Малгүй иргэдийг малжуулна, үйлдвэрүүд нээж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэх мэтээр зөндөө л амлалт өгсөн. Гэхдээ хэзээ ч амлалтаа биелүүлж байгаагүй. Түүний худал амлалт миний амьдралд ч нөлөөлж байсан.
Анх УИХ-ын гишүүн болох гээд ирж байхад нь “Охин маань МУИС-ийн хуваарь авсан. Сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлээч ээ” гэх хүсэлтийг би тавьсан. Орон нутгийг хөгжүүлэх “Алтайн сан” гэж байдаг гэсэн.
Гэвч тэр “Ийм сайхан сурлагатай охиныг дэмжилгүй яахав” гэж хэлээд л өнгөрсөн. Дэмжлэг үзүүлсэн ч юм байдаггүй. Ер нь амлалтаа биелүүлдэггүй хүн дээ. Манай аймгийнхан түүнийг яагаад дахин сонгосныг мэдэхгүй юм.
Энд ирэхээрээ л баахан том том юм ярьдаг. Гэсэн атлаа зурагтаар юм ярьж байгааг нь ерөөсөө хараагүй. Хэлгүй хүн шиг л суудаг шүү дээ. Түүний хажууд Ж.Энхбаяр нь арай дээр байсан юм.
Р.Батдорж: Ажил хийх бололцоо нь олдохгүй байгаа юм уу даа
Манай аймагт ажлын байр муу байна. Ялангуяа 45-аас дээш насны хүмүүст ажил олддоггүй. Гэхдээ энэ манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний буруугаас болсон гэж хэлэхгүй.
Зүгээр л ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж, арга хэмжээ авахад хүчин зүтгэл гаргаач ээ гэж Ц.Дашдорж гишүүнээс хүсмээр байна. Тэр хүн анх сонгогдохдоо та бүхний нийгмийн асуудлыг баталгаатай болгож өгнө гэсэн. Иргэд ажилтай байж л нийгмийн баталгаагаа сайжруулна уу гэхээс төрөөс өгч байгаа мөнгийг аваад өөдлөхгүй шүү дээ. Мэдээж хэрэг ,тэр хүн ажил хийхийг зрмэлзэж байгаа байх.
Гэхдээ хийх бололцоо нь олдохгүй байна уу даа гэж би хардаг. Сөрөг хүчний гишүүн болохоор хүч жаахан султай байдаг юм шиг. Би бүр хөдөө сумын хүн. Аймагт ажлаар орж ирээд хэд хонолоо. Аймгийн төвд юмны үнэ бас их л өндөр байна.
Д.Лхагва-Oчир: Хэдэн жилийн өмнөх алтай хот тэр хэвээрээ л байна
Говь-Алтайд ажлын байр ерөөсөө олддоггүй. Байгаа нэг нь дэндүү бага цалинтай. Би аймгийн төвд айлын гэр түрээслэж сууж байна.
Аймгаас хол Хөв-Булагийн уурхайд нүүрс шуудайлдаг ажилтай. Манай аймгаас сонгогдсон гишүүн Ц.Дашдоржийг юу хийдгийг мэддэггүй. Хааяа аймгийн төвд орж ирэхээр “УИХ-ын гишүүн ирчихсэн, иргэдтэй уулзана” гэсэн зар хадчихсан л байдаг. Ирээд юу ч ярьдаг юм. Бусад баруун аймгуудаа бодоход манайх ерөөсөө хөгждөггүй. Хэдэн жилийн өмнөх Алтай хот тог тасардаг, дулаан муу, ажилд олддоггүй байсан. Одоо ч гэсэн тийм л байна. УИХ-ын гишүүд нутаг, орноо хөгжүүлэхийн төлөө юу хийдгийг нь үнэндээ хэлж мэдэхгүй юм.
О.Байгаль: Зам засах амлалтаа биелүүлээч ээ
Би Ц.Дашдорж гишүүнийг сонгогдсоноосоо хойш юу хийснийг нь мэдэхгүй байна. Өмнө нь ч гэсэн манай аймгаас сонгогдчихоод, Говь-Алтайд бараг ирээгүй. Сураг сонсохнээ биеэ эмчлүүлээд, гадаадад байгаа л гэдэг. Гэтэл сонгуулийн өмнө гэнэт гарч ирээд, дахиад сонгогдсон. Ер нь алтайчуудын амьдрал маш хүнд. Бас зам харилцаа муу болохоор хот газраас ирсэн бараа их үнэтэй зарагддаг.
Сонгууль бүрээр л нэр дэвшигчид зам засна гэдэг. Гэвч амлалтаа хэрэгжүүлсэн нь нэг ч алга. Д.Дашдорж гишүүний хувьд сонгогчдынхоо төлөө хийсэн ажил нь энэ байна гээд хэлчих зүйлийг би нэрлэж чадахгүй. Зам засах амлалтаа биелүүлээч гэж түүнээс хүсмээр байна.
Тэгэхээр иргэд сонгогчид түүнд хандаж ийм үгсийг хэлж байж. Чухам харин Ц.Дашдорж гишүүнийхээ хувиар амлалтаа үлдсэн хоёр жилийн хугацаанд амжиж биелүүлсэн эсэхээ өөрөө хэлнэ биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/07/26
nice