Богино хэмжээний уран сайхны кинонуудаараа та бидний танил болсон найруулагч Б.Чингүүн “Дуудлага” хэмээн сэтгэхүйн аймшгийн кино бүтээсэн байна. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар  цөөн хором ярилцлаа.  

- Шинэ уран бүтээлийнхээ талаар ярилцагаа эхлүүлье

- Үзэгчид намайг богино хэмжээний уран сайхны кинонуудаар минь мэддэг.  2009 оноос хойш богино хэмжээний уран сайхны киног тасралтгүй, жилдээ нэгээс хоёр кино хийж байлаа.  Энэ хугацаанд “Амьдралын амт”, “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама Миа”  гээд гурван бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн байгаа. Одоо дөрөв дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болох сэтгэхүйн аймшгийн драм “Дуудлага” киногоо үзэгчдэд  хүргэхэд бэлэн болоод байна. Кино маань сарын 3-ны өдөр буюу нөгөөдөр бүх кино театруудад нэг зэрэг нээхээр төлөвлөөд байна.        

- Уран бүтээл дээр ажилласан жүжигчдийн талаар тодруулбал?

- Кинонд тоглосон жүжигчдийн тоо бусад кинотой харьцуулахад арай бага. Яагаад гэхээр анхнаасаа  цөөхөн дүртэй байхаар зохиол нь бичигдсэн. Гол дүрүүдэд “SBN” телевизийн хөтлөгч Б.Батзаяа, Эрдэнэтийн театрийн  жүжигчин М.Баянбаатар, “Universe best songs”наадмын шилдэг оролцогч Э.Урангоо нар тоглосон.

- Яг энэ уран бүтээлийн онцлог?  

- Би дандаа хайр, драмын чиглэлээр  богино хэмжээний уран сайхны кино хийдэг байсан. Энэ удаад арай өөр төрлийг сонгож, өөрийгөө сорье, хийж үзэхэд хэр хүндрэлтэй байдаг гэдгийг хийж үзэхийг хүссэн. Мэдээж зовлонтой, цус нөж, зэвсэг хэрэглэхийг харуулах гэж  эффект хэрэглэх тохиолдол их гарна. Тэр бүгдийг ярилцаж байгаад  хийгээд ард нь гарсан.  Онцлогийн хувьд нисдэг тэргээр  хотыг бүрэн утгаар нь  харагдуулахаар зураг авалт хийсэн байгаа.  Яг америкийн кинонууд шиг тавилттайгаар  хийхийг хичээсэн.

Бусад кино шиг тухайн уран бүтээл маань  бид  OST буюу дуу гэж ярьдаг шүү дээ. Энэ кинонд маань дуу байхгүй. Дан хөгжмөөр дагнасан.  Киноны клип ч мөн дан төгөлдөр хууртай байгаа.

- Кинон дээр ажилласан багийн хувьд?

- Манай “Аврора филм”-йн чадварлаг уран бүтээлчид ажилласан.  Гаднаас гэвэл миний найз, зураглаагч Д.Ангараг ажилласан. Сүүлийн үеийн “Ану хатан”, “Бодлын хулгайч” гэх мэтчилэнгээр олон уран сайхны кинонуудад  Д.Ангараг маань ажилласан мэдрэмжтэй зураглаач.  Д.Ангарагийн хувьд хоёр дахь удаагаа сэтгэхүйн аймшгийн уран сайхны  кинон дээр ажиллаж байгаа.  

- Киноны үйл явдлын  талаар?

- Найруулагчийн хэлэх гэсэн санаа бол цөөн.  Яагаад гэхээр энэ бол өөрөө сэтгэхгүйн аймшгийн кино учраас үзэгчдийн  адерналинийг нь  барих,  хэн алуурчин болохыг үзүүлэхийг хичээсэн.  Мэдээж сэтгэхүйн аймшгийн кино гэдэг утгаараа дуу хөгжим, дуугаралт зэрэгт анхаарсан.  

- Б.Чингүүний хувьд энэ кино бол аймшгийн жанраар хийж байгаа гурав дахь бүтээл байхаа?

- Тийм.  Өмнө нь “Сүүлчийн хугацаа”, “Хүчилтөрөгч” гээд хоёр богино хэмжээний аймшгийн кино хийсэн. Энэ уран бүтээл маань анхны бүрэн хэмжээний  уран сайхны кино байгаа.  

- Кино зохиолын хувьд?

- Зохиолыг би өөрөө бичсэн байгаа.  5-р сард кино хийе гэж шийдээд  багтайгаа ярилцаад зохиолынхоо санааг 10 хоногт гаргаад, бэлтгэлээ 10 хоногт хийгээд, тэгээд л тоглож хэлэхэд бараг 14 хоногт зураг авалт хийсэн.  Гэхдээ хугацаандаа гол нь биш.  Зөв зохион байгуулалт, багийн ажиллагаа  зангидсан гар шиг ажилласантай холбоотой.  Эвлүүлэг хийсний дараа бид нар үзээд нэмэлт сцень хийсэн.

-  Хөгжмийн хувьд        

- Аймшгийн киноны гол зүйлийн нэг нь дуу шуум, хөгжим байдаг. Энэ уран бүтээл дээр маань хоёр уран бүтээлч ажилласан байгаа. Төгөлдөр хуурч Оки, хөгжийн зохиолч Чинбаа ажилласан.  Тэдний барилал нь өөр. Тийм болохоор киноныхоо яг төгөлдөр хууртай хэсгийг Окигоор тоглуулж, бусад хөгжмийг нь  Чинбаа ах тоглосон. Киноны маань трайлер гарсан.  Тэндээс  үзэж болно. Киноны маань трейлер мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа  Dorgio.mn, Urlag.mn сайтууд  болон бусад сайтуудад тавигдсан байгаа.  

- Шинэхэн уран бүтээлийнхээ талаар бидэнтэй ярилцсан таньд баярлалаа

- Баярлалаа

А.Баярмаа