Увсынхныг урвуулсан гэрээнүүд
2016/08/12
Б.ЭНХЗАЯА
Монгол Улс Олборлох салбарын ил тод байдлын санаачлага, Нээлттэй засаглалын түншлэлийн гишүүн орны хувьд уул, уурхайг “шилэн” болгох нь нэн тэргүүний зорилт. Нэгэнт газар, түүний хэвлийг ард түмний өмчөөр Үндсэн хуульдаа тунхагласан нь олборлох салбарын ил, тод нээлттэй засаглалыг бид хүссэн, хүсээгүй бэхжүүлэх ёстой.
Гэвч өнөөдөртөө газрын тосны салбар хамгийн хаалттай, төр засаг аж ахуйн нэгжийн харилцаа зүү орох зайгүй болж, ард иргэдээс тусгаарласан нь хана нь улам зузаарсаар байна. Үүний илрэл нь газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ.
Газрын тосны “Увс-1” талбайн лиценз эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээний тухай бид өмнөх дугаартаа хүргэсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээг дагалдуулж олон гэрээг үзэглэдэг. Гэвч тэдгээрээс аль нь ч нээлттэй бус байгаагаас нутгийн иргэдээс эхлээд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн барааг нь харах боломжгүй байгаа юм. Хамгийн түрүүнд уугуул иргэдэд олборлох салбарыг нээлттэй болгосноор нийгмийн лицензийг авч чаддаг олон улсын жишигтэй. Удаан хугацааны эрлийн хүчээр Орон нутагтай хамтран ажиллах гэрээг ил болгож, хууль ёсны гэрээ болсон эсэхэд мэргэжлийн хүмүүсийн судалгаа, дүгнэлттэй тайлбарласан нь тэр. Хуулийн дагуу гэрээлэгч компани нутаг дэвсгэр дээр нь хайгуул хийж буй сумын ЗДТГ-тай гэрээлэх ёстой байтал дээгүүр алхаж, аймагтай хийсэн нь анхаарал татаж буй. “Монголиа гладвилл Увс петролиум” компани үйл ажиллагаа эхэлсэн жилдээ л Увс аймгийн ойн хандив нэрээр аймгийн Засаг даргын орлогчийн тэргүүлсэн ТББ-д 600 сая төгрөг шилжүүлсэн нь асуудал дагуулж АТГ-т хүртэл шалгуулаад амжсан. Аймгийн ЗДТГ дэргэдээ ТББ ажиллуулах нь хууль бус үйлдэл. Хөрөнгө оруулалт, хандив, дэмжлэг ТББ-аар бус аймгийн төсөвт шууд орох ёстой. Тухайн үед уг мөнгө аймгийн АН-ын удирдлагуудын халаасанд орж, сонгуулийн зардал болсон тухай яриа ч орон нутагт гарч байв.
Газрын тосны тухай хууль болон орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварт гэрээлэгч компани байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгаж, дэмжлэг үзүүлсэн тохиолдолд зарцуулалтыг ил тод нээлттэй болгохыг шаарддаг. Гэвч “бай”-гаа олоогүй их хэмжээний шилжүүлэг юунд зарцуулагдсан, аймаг орон нутгийн хөгжилд ямар үр дүн үзүүлсэн нь одоо ч тодорхойгүй.
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ НУУЦЛАХ СОНИРХОЛ
Олборлосон тосыг Засгийн газар болон гэрээлэгч компани хуваах зарчмыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулдаг. Газрын тосны тухай хууль шинэчлэгдсэнээр өнгөрсөн оны гуравдугаар сард Засгийн газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталсан юм. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар загвар гэрээ тийм ч сайн загвар биш гэлцэж байна. Ямартаа ч загвар гэрээг хамгийн анх хэрэглэсэн нь “Увс-1” талбай.
“Увс-1” талбайгаас Засгийн газар, орон нутаг, ард иргэд ямар ашиг хүртэх, хөгжлийн ямар хэлбэрийг эхлүүлж, баталгаажуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийг ямар хэлбэрээр хийх зэрэг олон асуудлыг хэрхэн тусгасныг харахаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг эрэлхийлэх явцад талуудад гэрээг нуух сонирхол маш их байдаг нь ажиглагдаж байлаа. Газрын тосны салбарыг удирдан ажиллуулж төрийн байгууллагууд зөвхөн “Увс-1” талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ч биш, газрын тосны бүх гэрээнд ийм байр суурьтай ханддаг аж.
“Тамсагийн ордод газрын тосны олборлолт явуулж буй “Петрочайна дачин тамсаг” компанийн бүх үйл ажиллагаа гэрээгээр зохицуулагдсан учраас ямар гэрээ байгуулсныг Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс харж, үзэх шаардлага тулгарсан. Гэрээнд байгаль орчинд хэр хэмжээнд нөлөөлөх, нөлөөллөө ямар зардлаар нөхөн төлөх, хэрэв нөлөөллөө бууруулахгүй бол ямар хариуцлага хүлээх зэргийг хэрхэн заасныг мэдэх нь бидний хувьд чухал байсан. Тиймээс Бүтээгдэхүүн хуваах гэрээг олж үзэх, анализ дүгнэлт хийх шаардлагатай болж бид Газрын тосны газраас гэрээг хүссэн. Гэтэл Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллагын нууцын жагсаалтад оруулж гуравдагч талд өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Байгууллагын нууцын тухай хууль, Төрийн нууцын тухай хуулиар ч тэр, байгаль орчны мэдээллийг нууцлахыг хориглосон байдаг. Тиймээс хууль зөрчсөн байгууллагын нууцын жагсаалтыг хүчингүй болгох саналыг бид тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Зоригтод хүргүүлсэн. Харилцан ярилцаад зөвшилцсөний эцэст зөвхөн загвар гэрээг ил тод болгосон. Өөрөөр хэлбэл, байгууллагын цахим хуудаст зөвхөн загвар гэрээг олон нийтэд танилцах боломжийг олгосон. Загвар гэрээн дээрээс бид гэрээний нөхцөл, шаардлагууд, хоёр талын хүлээсэн үүрэг хариуцлагыг тодорхой олж харж чадахгүй байсан. Тиймээс тэр үеэс бид газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээг ил тод болгох ёстой гэсэн шаардлагыг холбогдох газруудад олон удаа тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээ ил тод болоогүй байна” хэмээн “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа ярьж байна.
Уул, уурхайн салбарын судлаач А.Батпүрэв “Байгалийн баялаг ард түмний өмч учраас өмчийг нь хэн, хэрхэн ашиглаж байгааг мэдэх ёстой гэсэн суурь зарчим бий. Олборлох салбарын гэрээ олон хүний эрх ашгийг хөнддөг. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд эрхзүйн актаар яаж хөндөгдөж байгааг мэдэх эрхтэй. Хамгийн гол нь гэрээ хаалттай нууц байх тусам маргаантай, авлигын асуудлыг бий болгодог. Нээлттэй бол тухайн газар орон, улсад ашигтай байх магадлал улам нэмэгддэг” гэлээ.
ТОСНЫ ХУВААРИЛАЛТ БА БОДИТ БАЙДАЛ
Мэргэжлийн хүмүүсийн хэлсэнчлэн Монгол дахь газрын тосны салбарын үйл ажиллагаа ийм л хаалттай нөхцөлд байна. Гэхдээ бидний удаан хугацааны эрлийн дүнд “Увс-1” талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн хэсгийг олж чадсан юм.
Гэрээнээс хамгийн түрүүнд харах заалт бол Монголын тал хэдэн хувь хүртэх тухай билээ. “Монголиа гладвилл Увс петролиум” компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 12.5.1.1-д тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээ 5000 баррельтай тэнцүү буюу түүнээс бага байвал Монгол Улсын Засгийн газар 45 хувь, гэрээлэгч 55 хувь хүртэнэ гэжээ. Харин 5000 баррелиас их, 10 мянган баррельтай тэнцвэл Засгийн газар 50, гэрээлэгч 50 хувь гэх мэтээр манай талын ашиг өсөх аж. Үүнийг салбарын эрдэмтэд боломжийн хуваарилалт хэмээн дүгнэж байгаа ч хувь өсөх нөхцөл манай талд олддоггүй гэх нэгэн ч байна. Үүнийг харьцуулж харж болох амьд жишээ бол Тамсагийн орд. Саяхан даа, Тамсагийн ордын 19 дүгээр талбайн их хэмжээний нөөцийг тогтоож, Монгол Улсын төсвийн угжаа, саалийн үнээ мэтээр зарлаж байсан ч “Петрочайна дачин тамсаг” компани өнгөрсөн жил талбайгаа буцаагаад өгчихсөн. Баррель нэмэгдэж Монголын талд ногдох хувь өсөх юм шиг санасан ч тийм хугацаа ч байсангүй. Тамсагийн ордыг ашиглуулснаар Монголын талд ногдсон хувь нэмэгдсэн тухай мэдээлэл хараахан алга. “Увс-1” талбай дээр ч ийм эрсдэл гарах бүрэн үндэслэл байна.
ОЛБОРЛОЛТОД ШИЛЖҮҮЛЭХЭД 10 САЯ, ЭХЛҮҮЛВЭЛ НЭГ САЯ, НЭМЭГДВЭЛ 500-800 МЯНГАН АМ.ДОЛЛАР...
Гэрээнээс онцлох дараагийн заалт бол манай талд оногдох урамшууллын систем. Нэгэнт Засгийн газраас баталсан гэрээний загвараар хийгдсэн болохоор гэрээлэгч компанид бурууг тохох аргагүй. Гагцхүү манай талд ирж буй урамшууллууд бодит үр дүн өгдөг нь тун ховор гэдгийг салбарынхан ярьж байна. Тухайлбал, “Монголиа гладвилл Увс петролиум” компани хайгуулын найман жилийн туршид Монголын талд сургалтын урамшуулал хэмээн 100 мянган ам.долларыг жил бүр өгөх гэнэ. Гэрээний 13.4-д заасан уг урамшууллын систем уг нь хэрэгжвэл Монгол Улс газрын тосны нарийн мэргэжилтнүүдтэй болох сайн талтай. Харамсалтай нь одоог хүртэл манайд энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин дутагдсаар байгаа. ЗХУ-ын школьтой хууччуул л энэ салбарт дуу хоолойгоо гаргаж, засч залруулахыг оролдсоор. Тэд залгамж халаа нь тасарч байгаад ихэд харамсдаг юм билээ. Учир нь газрын тосны гэрээлэгч компаниас орж ирдэг сургалтын зардлууд хүрэх эздээсээ тойрч оддог гэлцдэг. Зургаан жилийн өмнө иргэний нийгмийн байгууллагууд “Петрочайна дачин тамсаг” компаниас байгаль орчны хохирлыг нэхэмжилсэн стратегийн өмгөөллийн үеэр тус компаниас шилжүүлсэн сургалтын урамшууллын зардалд Үндэсний аудитын газрынхан шалгалт оруулахад газрын тосны биш, өөр салбарт томчууд, албан тушаалтнууд өөрсдөө, тэдний хамаатан садан, үр хүүхдүүд нь суралцсан тооцоолол ч гарсан гэдэг юм билээ. Увс аймагт ч энэ явдал давтагдахгүй гэх газаргүй болсон нь олон нийтийн хяналт, гэрээний ил тод нээлттэй байдлыг хангаж чадахгүй байгаагаас харагдаж байна.
Сургалтын урамшууллаас гадна өөр олон төрлийн урамшуулал олгох тухай заалтууд ч байна. Гэрээлэгч гэрээнд гарын үсэг зурсны урамшуулал 200 мянган ам.доллар, олборлолтод шилжүүлэхэд 10 сая ам.доллар, олборлолт эхлүүлсний урамшуулал нэг сая ам.доллар, олборлолт нэмэгдвэл 500-800 мянган ам.доллар, гэрээлэгч төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зориулж 100 мянган ам.доллар, орон нутгийг хөгжүүлэх урамшуулал 100 мянган ам.долларыг Монголын тал авах аж. Илт ашиг сонирхол, авлигын шинжтэй энэ заалтууд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн ч ямархан үр дүн гарч буй нь тодорхойгүй. Гагцхүү арын хаалгадсан энэ заалтуудын сургаар манайхан уярч хайлан хуулиа уландаа гишгээд гадны компанид найр тавьсаар байгаа гэмтэй.
Бүтээгдэхүүн хуваах үндсэн гэрээнээс талуудын үүрэг, хариуцлага хэрхэн тусгагдсан, санхүүгийн болон эдийн засгийн өгөөж хэр байх, хамгийн чухал нь байгаль орчны үнэлгээ, хохирол учирсан тохиолдолд хэрхэн нөхөн сэргээх, орон нутгийнхныг ажлын байраар хангах тухай нарийвчлан харахыг оролдсон ч дагалдах гэрээнүүдийг холбогдох төрийн байгууллага ил болгохоос татгалзсаар байгаа юм.
Зочин · 2016/08/12
nice