ТЭЦ-5 төслийн сонгох шалгаруулалтад хоёр аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ өгчээ
2 цагийн өмнө
Хотын дарга Х..Нямбаатар ТЭЦ-5 төслийн сонгох шалгаруулалтад хоёр аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ өгсөн талаар дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр мэдэгдэхдээ,
ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтын богино жагсаалтад “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК гэсэн хоёр аж ахуйн нэгж санал өгчээ.
Дээрх байгууллагуудаас ирүүлсэн төслийн саналыг ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу үнэлж, түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна.
Улаанбаатар хот олон жил эрчим хүчний дутагдалтай, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар аргацааж ирсэн. Өнгөрсөн жил нийслэлийн босгосон бондоос Бөөрөлжүүтийн станцад хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн 150 МВт-ыг ашиглалтад оруулж байсан бол өнөө жил 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээний нэлээдгүй хэсгийг хуваалцаж байгааг дуулгахад таатай байна хэмээжээ.