Н.Батбаяр сайдыг 200 сая ам.доллараар эрхлүүлэх хуулийг хэн батлав
2013/10/03
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Чингис” бондын мөнгөнөөс зарцуулах эрхтэй болсон цөөхөн хэдэн сайд нарын нэг. Засгийн газар тендер болгоныг яамдад байршуулахгүй, будлиантуулахгүй гэх үүднээс дэргэдээ Тендерийн хороо байгуулсан.
Тендер гэдгийг луйвар гэж орчуулж ойлгодог болсон энэ цагт луйвраас сэргийлэх гэж Засгийн газар Худалдан авах ажиллагааны газар буюу Тендерийн хороо гэдэг нэртэй хэрэгжүүлэгч агентлагийг дэргэдээ байгуулсан. Гэвч “Гудамж” төслийн 200 сая ам.долларын хөрөнгө тэдэнд хамааралгүй болж, Эдийн засгийн хөгжлийн сайдын “үзэмжээр шийдэх асуудал” болж гээгдсэн нь ч учиртай. Уг нь 2013 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын 81 дүгээр тогтоол гарч, “Гудамж” төслийг баталж, санхүүжилтийг нь шийдсэн.
Гэтэл нь сар гаруйхны дараа 2013 оны гуравдугаар сарын 16-нд “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 90 дүгээр тогтоол гэгчийг гаргажээ. Энэ тогтоолоор Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтаас 38 нэр төрлийн төсөл арга хэмжээг хасч, тендер шалгаруулахгүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэхээр тогтоосон байна. “Гудамж” төсөл тэрхүү жагсаалтад орсноор ах дүү амраг садан, найз нөхөддөө тендергүйгээр төсөл өгөх эрхзүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Гудамж” төслийн ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын танилцуулга, ажлын туршлагын талаар одоо болтол ярихгүй, мэдээлэхгүй байгаа. Үүний цаана асуудал бий. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Гудамж” төслийн удирдагчаар өөрийн найз Б.Батболдыг тавьсан гэдэг. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд авсан бондны 200 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөгөөс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Олон тэрбумаар хэрэгжиж буй энэхүү төслийн удирдагч Б.Батболд нь энэ хугацаанд “Мүүди” ХХК-ийн захирлаар ажиллаж байж. “Мүүди” ХХК нь өнгөрсөн жил Б.Есүгэн охины аминд хүрсэн барилгын захиалагч нь. Захирал нь тухайн үеийн “Мүүди” компани, одоогийн “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Батболд аж.
Засгийн газарт зам барилгын асуудал эрхлэх чиг үүрэг бүхий Зам тээврийн яам гэж бий ч орон нутгийн замын асуудлыг тус яам хариуцдаг учраас нийслэл хот доторхи авто зам засвар, барилгын асуудлыг Нийслэлийн ИТХ зохицуулах учиртай. Эдийн засгийн яаманд хотын зам ямар хамаатай, юугаар холбогдож, бондын мөнгө рүү гараа дүрснийг мэдэхгүй. Эдийн засгийн хөгжлийн яам өөрийн гэсэн тусдаа чиг үүрэгтэй салбар. Эдийн засгийн хөгжлийн асуудлын хүрээн дэх хууль тогтоомж, бодлого стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр салбарын бодлогыг уялдуулан зохицуулах үүрэг хүлээдэг. Мөн хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээж, эдийн засаг нийгмийн хөгжлийн хурдац болон нөөцийн үр ашигтай, оновчтой байдал, макро эдийн засгийн тэнцвэрт харьцаа, салбар хоорондын бодлогын уялдаа, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад өргөн хүрээтэй, нарийн тооцоо судалгаатай хандаж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг зөв зохистой төлөвлөхөд холбогдох яамд, орон нутаг, бусад төрийн байгууллагуудыг бүх талын зохицуулалт дэмжлэгээр хангана гэсэн ийм л ерөнхий чиг үүрэгтэй яам. Товчхондоо Монгол Улсын эдийн засгийг аюулгүй байлгах, хөгжлийн бодлогыг нь тодорхойлох, улсын мөнгийг арвижуулаад сууж байх ёстой. Харин хотын замыг засах ёстой гэсэн ганц үг өгүүлбэр ч тус яамны үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт алга. 2013 оны төсвийн орлого долоон их наяд төгрөг байх ёстой атал одоо нэг их наядаар тасарчихаад байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр шүү. Энэ л Эдийн засгийн хөгжлийн яамны хийх ёстой ажил. Зам барилгын ажилд хутгалдаж, бондын мөнгөнөөс хувь хүртэх гэсэн Н.Батбаяр сайдыг хэн эрхлүүлээд байна вэ. Тэр ямар эрх дархтай болоод хотын ажлыг булаав. “Чингис” бондоос “Гудамж” төслийг санхүүжүүлэхэд зориулан гаргасан 200 сая ам.доллар үнэн хэрэгтээ хотын мэдэлд очиж, хотынхон ажлаа хийх ёстой биш үү. “Гудамж” төсөл Н.Батбаяр сайдыг эрхлүүлэх хөтөлбөр болж хувирсан хариуцлагыг нэхмээр байна. Эдийн засгийн хөгжлийн яаманд, сайд Н.Батбаярт бондын мөнгөөр тоглох эрх олгосон хуулийг хэн баталсан юм бэ. Ямар хууль эрхзүйн зохицуулалтаар танд тийм эрх олгосон юм бэ. Хотын хийх ёстой ажлыг та яагаад булаасан юм бэ. Энэ бүх асуултын хариуг Н.Батбаяр сайдаас өөрөөс нь асуумаар байх юм. Монгол Улсын эдийн засгийн хөгжил саарсан, зогссон, унасан. УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүртлээ нөхцөл байдал хүндэрсэн. Чуулганы хуралдаан дээр “Эдийн засаг муудаагүй” гээд зөрүүдлээд сууж байгаа Н.Батбаяр сайдын эрх дархад хэмжээ хязгаар байна уу.
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн 33 замын уулзвар шинэчлэгдэж, гэр хорооллууд гудамжтай болж, бас Улаанбаатар хурдны замтай болох юм гэсэн. Одоогоор долоон замын уулзварын ажлыг гүйцэтгээд байгаа. Төслийн хүрээнд зарцуулах 200 сая ам.долларын зарцуулалтад хэн хяналт тавьдаг юм бол. Энэ төсөлд зарцуулагдаж байгаа мөнгө мөддөө эргэн төлөгдөхгүй. Бондын хөрөнгөөс авсан тэр мөнгийг хэрхэн яаж зарцуулж, хэнд хэдээр хуваарилахыг ганцхан Н.Батбаяр сайд мэддэг юм билээ. Ямар ч тендер шалгаруулахгүйгээр, зөвхөн гэрээгээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг өөрөө “но”-той. Энэ “но”-ны нэг нь Н.Батбаярын найз Б.Батболд байж мэдэх л юм.
Н.Батбаяр
Зочин · 2013/10/08
ene arai l hunii hudulmuriig ballaj bnaa. heterhiiyum
Зочин · 2013/10/08
ene avgai eliirch bnaa. sayhan uurinhuu boichsen niitleliig avtoriig ni solichihjee. erguu mal
Зочин · 2013/10/06
Энэ ************ ************ яаж ингээд гишүүн сайд гээд болоод байдаг байна аа. заримдаа өөрөө юу ярьж байгаагаа ч мэддэггүй юм шиг харагддаг. бас тэгээд чалчих хэрэлдэх хоёртоо бүр гарамгай юм шиг. даан ч тэнд авах юм нэг ч байдаггүй. Хөөрхий дөө ийм түшээд байхад бид яаж хөгжих вэ
Зочин · 2013/10/04
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
Зочин · 2013/10/04
Shalgaj ard tumend medeelj bh yostoi