Төсвийн тодотгол хонгилын үзүүр дэх гэрлийг АСААХ УУ, УНТРААХ УУ?
2016/08/26
УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголыг өчигдрөөс эхлэн хэлэлцэж эхэллээ. Энэ хэлэлцүүлгээс, Та болон таны гэр бүлийн идэж уух, өмсөж зүүх шууд хамаарна гэдгийг дуулаа байлгүй.
Төсвийн тодотголоор хүүхдүүдийн мөнгөнөөс танаж, оюутны тэтгэлгийг зогсооно гэж байгаа. Энэ ч яах уу “мөнгөтэй байсан” улсын хаялга. Үүнээсээ буцсан нь аргаа барсан төрийн шийдвэр.
Тэгвэл сард 2.5 саяас дээш цалинтай иргэн авдаг хэдийнхээ 10 биш 25 хувийг нийгмийн даатгалд залгиулдаг болох нь. Аз болж, Монголын нийг өрхийн ердөө 5.5 хувь л 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой гэх статистик бий. Бидний хэлдгээр, зөвхөн “хур баячуудад” үйлчилнэ гэсэн үг. Харин тэтгэврийн насыг нэмж, хамтын тэтгэврийг зогсоох шийдвэрт ахмадууд өртөх нь гарцаагүй. Гэхдээ тэд гуних биш “Төрийн минь хишиг” гээд авсан хэдээ имэрч таарна. Хүмүүжил нь тийм хойно. Ингэснээр төрийн албан хаагчид цалингийн нэмэггдэл, урамшууллын талаар бодох ч хэрэггүй болж байна. Бүр ажилтайгаа үлдэж байгаадаа баярлах өдөр ойртжээ.
ЗАСГИЙН ГАЗАР БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР 905 ХҮН ЦОМХОТГОНО
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраа 13 яамтай байгуулж, хоёроор бууруулсан. Мөн хэрэгжүүлэгч болон тохируулагч 26 агентлаг байсныг 24 болгон өөрчлөв. Нөгөө төсөв мөнгөний гаслангаас цомхон төрийн, чадварлаг бүтцийг сонгосон нь энэ. Чиг үүрэг нь нэгдэж, өөрчлөн зохион байгуулсан яамдыг дагаад агентлагууд, харьяа байгууллагууд бүтцийн өөрчлөлт хийж байна. Өөрчлөлтийн дагуу орон тооны өөрчлөлтийг төсвийн тодогголд тусгажээ. Улмаар яам, агентлагуудын захиргааны албан хаагчийн орон тоог 905-аар бууруу-лах юм байна. Тэдэнд ажлаас чөлөөлсний тэтгэмж болгож, 3.4 тэрбум олгох гэнэ. Харин өмнөх Засгийн газрын нэгтгэсэн Гааль, татварын ерөнхий газар болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг хуваах, Соёл, урлагийн газрыг шинээр байгуулах болсон зэрэг шалтгааны улмаас 496 орон тоо нэмж авах сурагтай.
ДЭЭД ТӨВШНӨӨС 29 ХҮН ЦОМХОТГОНО
Энэ газар Ерөнхий сайдгай нийлээд 16 гишүүнтэй. Мөн үндсэн чиг үүргийн 13 дэд сайд, 13 төрийн нарийн бичгийн даргатайгаар ажиллаж байгаа. Хуучин Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж чиг үүргийг хуучнаар Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд шилжүүлсэн. Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамдыг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгов. Эрүүл мэнд, спортын яамнаас спортын салбарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлж, эдгээр яамдыг Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болгон өөрчлөн зохион байгуулсан юм. Яамдын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр 86 орон тоо буурч, 16 төрийн албан хаагчийг агентлаг болон харьяа байгууллагад шилжүүлж, шинээр 73 мэргзжилтэн авах гэнэ. Ингэснээр 29 ажилгүй үлдэх тооцоо гарчээ.
ДУНД ТӨВШНИЙ 118 АЛБАН ХААГЧИЙГ ХАЛНА
Агентлагийн шиНЭ бүтцээр дээр дурдсан Гааль татварын ерөнхий газрыг хоёр хувааж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар байхаар, Улсын бүртгэл, статистикийн газар болон Оюуны өмчийн газрыг өөрчилж Үндэсний статистикийн хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар болгон зохион байгуулсан.
Харин Хөрөнгө оруулалтын газрыг өөрчлөн зохион байгуулж Үндэсний хөгжлийн газар, Спортын бэлтгэлийн төвийг өөрчилж Биеийн тамир, спортын газар, Хүүхдийн төлөө газрыг өөрчилж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сангийн яамны бүтцэд байсан төрийн өмчийн удирдлага, хяналтын чиг үүргийг Худалдан авах ажиллагааны газаргай нэгтгэн зохион байгуулж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрыг нэгтгэн зохион байгуулж Ашигт малтмал, газрын тосны газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бусад хөдөлмөрийн салбарын байгууллагуудын чиг үүрэгтэй нэгтгэж өөрчлөх, Тахарын ерөнхий газар татан буулгаж чиг үүргийг нь Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харьяалуулсан. Эдгээр бүтцийн өөрчлөлтөөр 118 хүн халагдах аж.
ДООД ТӨВШНИЙ 701 АЖИЛТАН АЖИЛГҮЙ БОЛНО
Энэ ангилалд Засгийн газрын яам, агентлагуудын харьяа төсвийн байгууллагууд хамаардаг. Дээр хийсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу энэ байгууллагуудыг шинээр эмхэлжээ. Тухайлбал, Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн. Ингэснээр Тахарын орон нутаг дахь 10 тойргийг хааж, одоо байгаа зарим чиг үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхтэй холбогдуулан 501 орон тоог цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад шилжүүлж, 100 албан хаагчийг цомхотгоно. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай болсонтой холбогдуулж аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн үйлчилгээний хэлтсийг нэгтгэх, сумын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүргийг сумын нийгмийн ажилтанд хариуцуулахаар тооцож 601 хүнийг халах гэнэ. Ийнхүү төсвийн байгууллагуудын 701 ажилтны ар гэрийг хөсөр хаяж, энэ онд 2.8 тэрбум, цаашид жил бүр 6.5 тэрбум төгрөг хэмнэхээр тооцоолсон байна.
НИЙСЛЭЛ 9600 ОРЧИМ АЖИЛТНАА ЦОМХОТГОНО
Эдийн засгийн байдлыг даган нийслэлийн төсөв ч сайнгүй байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр нийслэлийн төсөв 72 тэрбум төгрөгөөр тасарсан дүнтэй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, өмч хувьчлалаас төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө тасарсан нь голлон нөлөөлжээ. Тиймээс нийслэлийн харьяа байгууллагууд орон тооны цомхтгол хийнэ гэдгийг ИТХ-ын Ц.Сандуй хэлсэн. Улаанбаатар хот 32 мянган төрийн албан хаагчтай бөгөөд үүнийг 20-30 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, 9600 орчим төрийн албан хаагч бүтцийн өөрчлөлтөөр ажилгүйчүүдийн армид хүч нэмэх нь.
Ийнхүү Засгийн газар, нийслэлээс 10505 төрийн албан хаагч бүтцийн өөрчлөлтөөр ажилгүйчүүдийн эгнээд элсэх юм. Харамсалтай нь, цомхотгол яамдыг шүргэж, харьяа байгууллагуудыг мөргөх зураг гарлаа. Уг нь Төрийн албаны тухай хуулиар бүтцийн өөрчлөлтөөр халагдсан ажилтанд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Гэвч төсвийн тодотголын хамт Төрийн албаны тухай хуульд оруулах бөгөөд тэтгэмжийн хэмжээ тооцох хугацааг зургаан сараас гурав болгон бууруулах заалт оруулжээ. Эдийн засгийн хямралын үед аль болох ажлын байр хадгалж, бага өртгөөр туулдаг жамтай. Гэхдээ төсвийн тодотголоор аж ахуйн нэгжийн хэд хэдэн төрлийн татварыг өсгөх заалтууд орсон. Өмнөхөөсөө өндөр татвар төлөх хувийн хэвшил ажлын байраа хадгалах нь юу л бол. Дээр нь төр ажилтнаа цалинжуулж дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Улмаар төсвийн тодоттол хонгилын үзүүр дэх гэрлийг асаах уу, унтраах уу гэдэг асуулт тавихад хүргэв.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2016/08/26
nice
Бичээч · 2016/08/26
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай