Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр болон фото зургийг ашиглан энэ сарын 4, 5-ны өдөр www.twitter.com цахим хуудаст @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүсгэсэн байна.

Тус цахим хаягаар дамжуулан Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс цахим хуудас хэрэглэгчидтэй харилцсан гэнэ. Иймд Н.Удвал сайд бусдын нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж, эрүүл мэндийн болон бусад салбарын талаарх буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар олон нийтэд түгээж, цахим хуудас хэрэглэгч иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцэл үүсгэх, улмаар дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэх худлаа мэдээлэл тараах ажлыг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж үзжээ.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын ажлын албанаас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын нэрийг барьж худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан энэхүү этгээдийг олж холбогдох арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт тус тус хүргүүлжээ.

Х.Даваа