М.Энхболд ба бусад

Хэт олонхи болж эрх барьсан МАН сонгуулийн өмнө ч дотоод зөрчилтэй байсан. Хэрүүл тэмцэл нь АН шиг ил цагаандаа гарч олон нийтэд хасах оноо авчраагүй болохоос дотоодын “зодоон” нь дэндүү их байлаа. М.Энхболд нөгөө намын даргатай адилхан өөрийн фракцыг илүүд үзэн нэр дэвшүүлж бусдыг шахсан. АН, МАН-ын дарга нартаа ад үзэгдсэн лидерүүд сонгуулийн үеэр хэрхэн шахагдсаныг Сүхбаатар дүүрэг бэлхнээ харуулна. Энэ тойрогт хоёр намын дарга хүнийрхэж хандсан хүмүүсээ илгээж, хэн нь ялахаа өөрсдөө мэд гээд хоёр намын хатуу учраануудыг зөнд нь орхисон. Үнэн хэрэгтээ сонгуулийн хууль өөрчилсөн нь МАН-д хэт олонхийн ялалт авчирсан болохоос намын сайндаа ч юм уу, намын даргын хүчирхэгт, эсвэл ард түмэн бүгдээрээ дэмжсэндээ биш юм. Энэ нь сонгуульд АН-д санал өгсөн сонгогчдын саналын хувийг харахад хангалттай. Сонгуулийн систем л мэдээж МАН-д ашигтай эргэсэн гол хүчин зүйл болов. Сонгуулийн өмнө М.Энхболд нэлээд алсын нүүдэл харан тоглосон. Гэхдээ АН-ыг л өрсөлдөгч гэж харан удирдлагуудтай нь тохироо хийгээд байсан болохоос өөрийн намын бусад фракцынхныг үл тоож, гомдоосон. Зарим хүлээн зөвшөөрөгдсөн лидер, фракцын удирдлагуудыг ч нэр дэвшүүлээгүй шахсан. Мэдээж ингэж адлан шахахдаа ялсан тохиолдолд албан тушаал өгөхөө амлаж. Сонгуулийн дараа нам нь М.Энхболдын төсөөлснөөс илүү суудал авчихсан. Ингэтлээ ялна гэж итгээгүй М.Энхболд баруун, солгойгүй амласны гор нь одоо л гарч байх шиг. Үүдээр нь дүүрэн амлалт нэхэгсэд, горьдогсод. Нэхэгсэд, горьдогсдын буруу ч гэж юу байхав. Гэвч бүгдэд амласнаа биелүүлэх хэцүү. УИХ-д нэрийг нь дэвшүүлэхгүй шахаж татуулж байсан хүмүүсийг хүртэл хээв нэг хоосон үлдээхдээ тулж байна. Тиймээс эрх мэдэл, хэт олонхи болсны аархал нь нам дотроосоо асуудал үүсч магадгүйг түүнд анхааруулж эхэллээ. Одоо албан тушаалын бялуу хуваарилалт бага үлдсэн. Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг газрын дарга дээр л МАН-ын нөгөө олон бэлтгэгдсэн боловсон хүчин гээч нь алаан болно. Мөн намын генсек, нарийн бичгийн дарга нар хэн байхав гэдэг ч нэг хэсэг “зодолдуулна”. Тэр хүртэл тэвчээд л, горьдоод л хараад сууна. Албан тушаалгүй үлдсэн хэсэг, шахуулж, дарамтлуулсан хүмүүс зүгээр суухгүй. Аль хэдийнэ хэсэг бүлгээрээ уулзалдан хударгагүй даргын үйлдлийг буруушааж эхэлсэн. Хэт олуулаа болсны горыг М.Энхболд албан тушаалын хуваарилалт дээрээс мэдэрч эхэлснээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүр ч их мэдрэх болно. Яг үүнийг л гомдогсод хүлээж, анаж суугаа. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрыг огцруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх, өрсөлдсөн ч эсрэг ажиллах гээд түүнийг яаж л бол яаж шоглоод байж дөнгөнө.

Эрх мэдэл угаас хүнийг харалган болгож, тойрон хүрээлэгчдээсээ давж харахаа байчихдаг хойно. М.Энхболдыг ч энэ байдал тойрсонгүй. Үе үеийн эрх барьж байсан дарга нарт ийм зовлон ирж л байсан, цаашид ч ирнэ. Энэ хүндхэн байдлыг эв эвдрүүлэлгүй давахгүй бол Ерөнхийлөгчид нэр дэвших санааг нь гомдогсдын багаас бүрдсэн шинэ үеийн Элснийхэн үгүй хийж орхихыг хэн мэдлээ. Ийм явдал энэ намд олонтаа тохиож байсныг эрхбиш санаж буй биз ээ. С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн гээд фракцууд тийм ч амар дээрэлхүүлээд байхгүй л болов уу. Өнөөдрийн байдлаар МАН дотор М.Энхболд ба бусад фракцууд гэсэн нөхцөл байдал үүсчихээд байна.

МАН засаг авснаас хойш нэг сайхан мэдээ сонсоогүй л байна. Засгийн газар хувхай хоосон улс орон хүлээж авсан, эдийн засаг тартагтаа туллаа гэж зарлан, өөд уруугүй татвараар дарамталж эхлэх санал гаргачихлаа. Иргэдийн хувьд МАН-ын эхний алхмууд мэдээж таалагдахгүй байгаа. Мордохын хазгай гэгчээр болохгүй, бүтэхгүй ярьсаар эхэлж байгаа энэ засгийн амьдрах хугацааг аль хэдийнэ өөрийн намынхан нь тогтоочихсон ярьж эхэлсэн байна лээ.

АН-ын фракцуудын тохироог П.Цагаан өөрчлөв

Ялагдлын шокноосоо гарч амжаагүй байгаа АН-ын хувьд ҮЗХ-гоо хуралдуулах, тус хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээ сонгоно. Яаран сонгохгүй бол эхний ээлжинд орон нутгийн сонгууль хаяанд тулчихаад байгаа. УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд ялагдсан ч сум, дүүргийн сонгуульд ялахын төлөө л явах хэрэгтэй. АН-ын дарга болгохын тулд үүрэг гүйцэтгэгч даргыг Намын их хурлаар өрсөлдүүлэхгүй байх санал нь заримынх нь дургүйцлийг хүргэж байгаа бол зарим нь дэмжээд сүйд. Ердөө л өөр өөрсдийн эрх ашигтай нь холбоотой л доо. Ойрд АН-ын фракцууд байсхийгээд л хуралдах болов. Нам шинэчлэхээр гарч ирсэн шинэ үеийн залуус ч бас байнга хуралдаж, ах нартаа зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсээр байна. Харин тэдгээр залуусыг харахад фракц болгоны төлөөлөл шиг харагдаж, хардагдаж эхэлсэн ч тэд өөрсдөө бол намын шинэчлэлийн төлөө ах нарын зааварчилгаагаар яваагүй гэдгээ илэрхийлж байгаа. Үнэн эсэхийг цаг хугацаа л харуулах биз.

Фракцгүй нам болно гэж сүр дуулиантай зарлаж байсан АН өнгөрсөн хугацаанд фракц хоорондын хэрүүл тэмцлээсээ болж уруудан доройтов. Одоо АН-ын хувьд МАН шиг төрийн өндөр албан тушаал булаацалдан зодоон хийх шаардлага байхгүй учраас намын удирдлагын төлөө л өрсөлдөөн өрнөж байна. Хамгийн түрүүнд намын дарга хэн болох вэ гэсэн марафон. Монголын ардчилсан нэгдэл буюу МоАН фракцын Г.Батхүү, мөн Лу.Болдын нэр намын даргад яригдаж байна. Хоорондоо тохирч аль нэгийгээ зүтгүүлэх нь тодорхой. Гэхдээ Г.Батхүү нь өрсөлдөх магадлал өндөр. МоАН шинээр байгуулагдсан төдийгүй тийм ч хүчтэй болж чадаагүй нь УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвших эрхээ авах гэж дээрэлхүүлж байгаагаас нь л харагдаж байв. Г.Батхүүгийн хувьд намын дарга боллоо гэхэд тийм ч олон дайсангүй бодь хүн ч бусад фракцын дэмжлэг тааруу байгаа. Харин Нэг ардчиллынхан саяхан МоАН-тай уулзалт хийж цаашид нэгдэж ажиллах талаар ярилцсан байна лээ. Харин энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга п.Цагаан ажлаа хүлээлгэн өгч нам руугаа орж ирснээр төлөвлөж байсан бүх зүйл, фракцуудын тохироо ч өөрчлөгдөж, саяхан хуралдах байсан ҮЗХ ирэх сарын 16 хүртэл хойшиллоо. ҮЗХ-д хорь гаруй хүнтэй Нэг ардчиллынхан Ерөнхийлөгчийн хүмүүс гэгддэг байсан залуус. Тиймээс П.Цагаан орж ирж байгаа тохиолдолд тэдний эхний тохироо буюу МоАН-тай хийсэн яриа өөрчлөгдөж, П.Цагааныг дэмжих нь дамжиггүй.

МҮДН фракцаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвшиж байгаа. УИХ-д сонгогдож гарч ирж чадсан. Хувь хүнийхээ хувьд хүчтэй гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулчихсан. Хүндхэн үед намдаа нэг суудал аваад ирчихсэн. Нам удирдах туршлагатай гээд олон давуу талтай. Мөн П.Цагааныг орж ирэхээс өмнө ҮЗХ хуралдсан бол хамгийн магадлал өндөртэй, ногоон гэрлээр намын дарга болох нь тодорхой байв. Шонхор болон Алтан гадастай МҮДН тохироогоо хийж чадсан. Дэмжлэг авах боломжтой. Үүний хажуугаар АТГ МҮДН фракцынхнаас шалгаад эхэлсэн. Хөгжлийн банкны Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатарын хүүхдийг шалгаж эхэлсэн нь нэгийг сануулах аж. Алтан гадас МҮДН фракцтай тохирохдоо генсекийг өөрийн хүнээр тавих, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд дэмжих тохироотой. Харин Шонхор фракцаас С.Эрдэнэ, Ж.Батзандан нар намын дарга болох сонирхолтой байгаа. Гэвч нэгэнт фракцууд тохирч чадсан бол энэ хоёр намын даргын албанд санаатай байсан ч дэмжлэг авах магадлал тун бага. АН-ын ҮЗХ-ны хурлаар намын дарга, генсек тодрохоос гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх нь ч ханатай болчихно. Одоогоор Э.Бат-Үүл, П.Цагаан, Н.Алтанхуяг нарын нэр явж байна. Цаашлаад Г.Батхүүгийн нэр ч нэмэгдэж магад. П.Цагаан намын дарга биш байлаа гэхэд генсек болох санаатай. Намын ажилдаа орж аваад Ерөнхийлөгчид нэр дэвших болов уу гэсэн таамаг бий. Намын даргын төлөөх өрсөлдөөнд тодорхой хүмүүсийн нэр явж байгаа бол генсек хэн болохов гэдэг нарийн шийдэгдээгүй байна. Хэрэв Д.Эрдэнэбат намын дарга болбол тохирсон ёсоор “Алтан гадас”-аас генсек болох биз. Мөн бусад фракцууд ч бас өөрийн хүнээр генсек тавих сонирхол маш их байгаа. Одоогоор “Шонхор”-оос гэхэд л С.Одонтуяагийн нэр явж байна. Байж болох л хувилбар. Уг нь сонгуульд ялагдаагүй бол З.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх санаатай байсан юм билээ. Тэр байтугай С.Баярцогт ч Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтой байж. Түүнийг оффшор данстай хэмээн дээр доргүй, намын дарга нь хүртэл зарлаж, УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж намын нөлөө бүхий хүмүүс зүтгээд байсан нь ердөө л үүнтэй холбоотой байж. Сүүлдээ Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн ам өчгийг нь авч байж УИХ-д дэвшүүлэх эрхийг өгсөн байгаа юм.

Бусад намууд орон нутгийн сонгуулийн бэлтгэлээбазааж эхэлжээ

Өнгөрсөн сонгуулиар МАХН-аас О.Баасанхүү Эрдэнэтэд ялж гарч ирснийг эс тооцвол бусад жижиг намууд бүрэн ялагдал хүлээлээ. Уг нь сонгуулийн өмнө бүгд л хэд хэдэн суудалтай болно. Хоёр том намд ард түмэн итгэл алдарсан гэлцэж байлаа. Гэвч тэдний хэлсэн ярьсан талаар болов. Ийм олон нам хэрэггүй, гэдгийг тэр дундаа гуравдагч хүчин гэж гарч ирэхгүйг өмнөх бүх сонгуулийн дүнгүүдээс харж байна. Зарим нам нь сонгуулиар тойрогт нэр дэвшүүлж, өрсөлдөгчтэйгөө тохироо хийдэг бизнестэй болж, эсвэл намын дарга, олны танил ганц нэг хүнийг л улс төрд оршин тогтнуулах гишүүнчлэлтэй, гишүүд нь өөрсдөө ч тэр намдаа байдаг эсэхээ мэдэхгүй, сонгууль дөхөхөөр нэг хуралддаг байдалтай явсаар өдийг хүрэв.Тэгвэл орон нутгийн сонгуулиар ч өнөөх олон нам өрсөлдөхөөр зэхэж эхэлжээ. Гэхдээ зарим нам нь бүх тойрогт дэвшүүлэх хүн хүч, хөрөнгө мөнгөний бололцоо тааруу учраас боломжтой гэсэн сум дүүрэгтээ илүү анхаарал хандуулахаар ярилцаж байна. Бүгд найрамдах нам гэхэд л УИХ-ын сонгуульд суудал авах магадлалтай тойрогтоо илүү ач холбогдол өгөх гэнэ. Харин ИЗН намын удирдлага болон гишүүдийн дунд УИХ-ын сонгуулийн үеэр маргаан гарч, тэр даамжирч, АН-ыг дагасан намын дарга С.Оюунаас салах цаг болсон гэж гэж яриад эхэлж. МАХН харин ганц О.Баасанхүүгийн ачаар УИХ-д суудалтай нам болсон ч энэ удаа Н.Энхбаярын улстөрд оролцох нөлөө тэр хэмжээгээр багассан төдийгүй, албан тушаалд очих нь бүү хэл өөр хэцүү нэртэй газар луу ачигдах гээд хүндхэн байх шиг байна. Хэрэв асуудал хүндрэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд жижиг намуудаас хүнээ өрсөлдүүлэх ганц боломжтой нь МАХН. Хамгийн их горьдлоготой байсан нь Н.Энхбаяр. Гэхдээ энэ нь тийм ч амар бүтэхгүй гэдэг нь АТГ түүнийг хонон өнжин сахиж, шалгаад байгаа нь нэг юм хэлээд байна.