Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам хүчингийн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал тус хийдийн тахилч лам Н.Г, голч лам Э.Д, их гэсгүй лам Б.Ж нар 2015-09-015-ны өдөр хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6. буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Тэгвэл энэ хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин хэлэлцсэн байна. Улмаар хүчингийн хэрэг үйлдсэн лам нар 3.8 жилийн хорих ял оноосон байна. Лам нар ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан. Тэдний давж заалдах шатны шүүхээс лам нарын ялыг хэвээр үлдээжээ.

Лам нар хүчингийн хэрэг үйлдээгүй, хохирогчтой тохиролцсон, нөгөө хэдтэй унтсан гэдгийг мэдээгүй гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Гэвч хүчиндсэн гэдэг нь мөрдөн байцаалтын явцад авагдсан баримтуудаас тогтоогдсон тул буян номын мөр хөөж байсан гурван лам арван хар нүглийн нэгийг үйлдсэн болохыг анхан болон давж заалдах шүүх тогтоолоо.

Энэхүү мэдээллийг бурхны шашны нэр төрд халдах зорилгоор бус буян номын мөр хөөж буй цөөн хүн бузар үйл хийж болзошгүйг сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэв.

А.Баярмаа