2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах талаар ярьж буй бичлэг цацагдаж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн.

 

Харин энэхүү бичлэгийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Энэ бичлэг хоёр жил гаруйн өмнөх бичлэг бөгөөд хэн ямар шалтгаанаар хулгайлан олон нийтэд цацсаныг хууль хяналтын байгууллагаар шалгуулан тогтоолгоно” хэмээн мэдэгдэж, бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч байв.

 

Үүнийг өдгөө хэн ч мартаагүй.

 

Гэтэл МАН төрийн эрх барих дээд байгууллагад олонх болсноор энэ асуудал замхарч, бичлэг жинхэнэ биш эвлүүлэг болох нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож байгаа бололтой. Энэ талаар өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлж “Бичлэг эвлүүлэг болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын явцад уг хэрэгт холбоотой хоёр иргэнийг тогтоож, сэжигтнээр татсан гэдгийг зарлав. Сэжигтэнгүүдийг эвлүүлэг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү үүсгэн байцааж байгаа гэх.

 

Уг нь АН-ын удирдлагууд дээрх хүмүүсийн ярианы бичлэгийг шинжээчдээр шалгуулахад эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдсон байдаг. Тиймээс ч хууль хяналтын байгууллагад хандан МАН-ын удирдлагуудыг шалгаж өгөхийг хүссэн билээ.

 

Гэтэл ярьсан эзэн нь бичлэгээ хүлээн зөвшөөрч, шинжээчийн дүгнэлтээр эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдсон уг бичлэг яагаад гэнэтхэн эвлүүлэг болж хувирав гэдэг нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байгаа юм.

 

Сүүлийн үед хууль хяналтын байгууллага аль нэгэн эрх барьж байгаа намын талд үйлчилдэг, хэн нэгний захиалгаар хэрэг үүсгэж, хэргийг хэрэгсэхгүй болгодог болсон уу гэхчлэн олон асуулт нийгэмд байдаг. Тэгвэл 60 тэрбумын хэрэг МАН эрх барих хүчин болсноор хэрэгсэхгүй болж байгаа нь дээрх таамагийг батлах шиг боллоо хэмээн олон нийт хардаж байна.

 

Ер нь өдгөө халаа сэлгээ газар авч байгаа нь МАН-ын удирдлагуудын цацагдсан яриа оргүй бишийг нотлох мэт. Уг яриаг сонсоход төрийн албан хаагчдын ажлын байрны хувь заяаг ердөө гуравхан хүн нэг өрөөнд сууж уулзаад, шийдэж буйг төвөггүй ойлгож болно. Тодруулбал, МАН сонгуулиар УИХ болон аймаг, дүүргийн ИТХ дээр олонхи болсон тохиолдолд төрийн албыг бүхэлд нь солих төлөвлөгөөгөө бүр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө гаргасан байдаг.

 

Тэдний гаргасан төлөвлөгөөг сийрүүлбэл, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, санхүүгийн эрхтэй дарга, дарга, дэд дарга гэсэн үндсэн бүтцүүдэд хувааж, эдгээр хүмүүст багаа бүрдүүлэн ажиллах эрх олгохоор тооцоолсон тухайн яриа энэхүү бичлэгт яригддаг . Ийм эрхийг намын зүгээс олгохдоо тодорхой хугацаанд мөнгөн төвлөрөл үүсгэн, намдаа нууц чиглэл өгч, томилгоог нь хийхээр болсон байдаг юм. Ингэхдээ одоогийн яам, тамгын газар, хэрэг эрхлэх газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг нэг бүрчлэн хувааж, ахлах албан тушаал бүрийг тухайлан үнэлжээ.

 

Өөрөөр хэлбэл, нам томилгоо хийсэн ахлах албан тушаалтантайгаа л харьцаад явна гэсэн үг. Ийм байдлаар хийгдсэн санхүүжилтийн тодорхой ялгамж бүхий схемийг боловсруулснаар ирээдүйд хичнээн төгрөг нам дээрээ төвлөрүүлж болох уу гэдгээ тооцоолсон талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй бичлэг дээр удаа дараа онцолжээ. Намын даргадаа танилцуулах зорилгоор богинохон бөгөөд товчилсон хувилбар авчирсан гэж тодотгов.

 

МАН-ынхны боловсруулсан эл схемийн тооцооллоор зөвхөн нийслэлээс 60 тэрбум төвлөрүүлэх тооцоо гарчээ. Ингэхдээ “Бид бүгдийг нь солино” гэсэн үгээр тодотгож буй нь өнөөгийн нийгэмд өрнөж буй үйл ядвлыг эртээс тооцоолсон гэдгийг харуулж байх шиг.

 

www.24tsag.mn