Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг Тагнуулын ерөнхий газраас С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татжээ. Энэ талаар Э.Бат-Үүл хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл өгсөн юм.

 

Өнгөрсөн сарын эхээр түүнийг Тагнуулын ерөнхий газраас дуудаж, сэжигтнээр татаж буйгаа хэлж, тогтоол гардуулсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт түүнээс хурууны хээ, үс болон цусны шинжилгээ авчээ. Үүнийгээ тэд харьцуулсан шинжилгээ хэмээн тайлбарласан байна.

 

Энэ талаар ярихдаа Э.Бат-Үүл мэдээллийн эхэнд түүх сөхсөн. Тухайлбал "1998 оны намар С.Зоригийн амийг зэрлэг, балмадаар хөнөөснөөс хойш намайг уг хэрэгт холбогдуулан шалгах болсон. Тухайлбал, намайг тэр орой гэртээ байхад нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Ганболд “Хамгаалалтад авч байна" гэж хэлээд хэрэг болсон газарт дагуулж очсон.

 

Очиход “Хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, бөөн хүн бужигнасан байдалтай байсан. Тэр үед би хэргийн газар очоод үнэхээр цочирдсон. Ц.Элбэгдорж тухайн үед ирсэн. Ингээд би түүнтэй хамт гарахдаа малгайгаа мартаж явсан. Хадам ээжийн маань өмсдөг цагаан цэнхэр малгай л даа. Хэргийн дараа надаас гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Түүнээс хойш надаас дахин мэдүүлэг, байцаалт аваагүй" гэсэн юм.

 

Ийнхүү Э.Бат-Үүлийг ардчиллын анхдагч С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр тооцон хоёр дахиа яллагдагчаар татаж байгаа нь энэ юм. Э.Бат-Үүлийн хувьд энэ хэргийг анхнаасаа улстөржүүлэхгүй байхыг хүсдэг байснаа хэлээд улс төрийн зорилготойгоор тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хэрэгт татаж байж магадгүй гэж үзэж буйгаа дуулгасан. Түүнчлэн сэжигтнээр татсан тогтоолыг нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй гэдгээ хэлсэн.

Өмнө нь түүнийг яллагдагчаар хэрхэн татсан тухай ийнхүү ярилаа.

 

"2000 оны УИХ-ын сонгууль болохоос дөрвөн сарын өмнө Цогтбаяр дахин дуудаад, “Малгай чинь байна уу, Аваад ирээч" гэхэд нь аваачиж өгсөн. Гэтэл тэрбээр малгайг маань аваад “Энэ малгай хэргийн газраас олдсон тул таныг сэжигтнээр татаж байна" гэсэн. Уг нь малгайгаа мартжээ гэдгийг тогтоосон гээд өгсөн атлаа хоёр жилийн дараа буцааж аваад сэжигтнээр татаж байна" гэлээ. Ингээд өөрийг нь хуулийнхан хэзээ ч барьж хорьж магадгүй байгаа учраас үгээ хэлж байна хэмээн тодотгосон юм.

 

Үүнээс үзэхэд хууль хяналтынхан тодорхой баримт цуглуулсан байх магадлал харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой баримт нотолгоог үндэслэн сэжигтэн, яллагдагчаар татдаг. Энэ удаад ч мөн Э.Бат-Үүлийн ярьснаар хуулийнхан утасны үзүүрээс атгасан байх магадлал харагдаж байгаа юм.

 

Олон жилийн турш хав дарсан, “эзэнгүй" хэрэг учраас нэг хүнийг хоёр дахиа яллагдагчаар татсан нь яалт ч үгүй олны анхаарлыг татаж байгаа юм, Шүүхээс эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч хэрэгтэн гэж тооцож болохгүй гэдэг. Энэ ч үүднээс түүнийг буруутгах эрт байгаа ч тагнуулынхан ямартай ч хэргийн үзүүрээс атгав бололтой. Дашрамд дурдахад, С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хоёр ч хүнийг цагдан хорьж шалгаж байгаа юм.

 

М.Өнөрөө