ХБНГУ-ын “Гёте” хүрээлэнгийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын ажилтан, доктор Айке Чаке “Монголын боловсролын тогтолцоо Улаанбаар хотын замын хөдөлгөөнтэй яг адилхан” гэж үзэж байгаагаа гурван жилийн өмнө илэрхийлжээ.

Монголын боловсролыг хэн дуртай нь өөрчилж байдаг, хэн дуртай нь өөрийн үзэл бодолдоо нийцүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж байгаа болохоор тэр бүхэнд нь ард иргэд илүү хохирч байдаг.

 

Монголын боловсролын тогтолцоо энэ хэвээрээ үргэлжилсээр байвал монгол улсаас дэлхийд өрсөлдөхүйц чадвартай иргэн хэзээ ч гарахгүй гэж хэлснээс нь үзвэл бид нар хаашаа явж байгаагаа ч мэдэхээ больчихсон нь илт байна. Германд суралцаж байгаа монгол оюутнуудын дөнгөж 30% нь төгсч ирдэг гэвэл үлдсэн 70% нь манай боловсролын буруу тогтолцооны үр дагавар гэж хэлж болно.

 

Багш нарын хөндөж тавьж байгаа гол асуудал нь эцэг эхийн хүүхэддээ хандах хандлагыг өөрчлөхгүйгээр боловсролын байгууллагын цаашдын үйл ажиллагаа доголдсоор байх болно гэж үзэж байна. Учир нь манай иргэдийн гэр бүл төлөвлөлт байхгүй, эцэг эх болохын тулд эрх үүргээ ухамсарлаж чадаагүй, амьдралын санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж амжаагүй, хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар ямар ч мэдлэг байхгүйгээс болж гэр бүл салалт ихэсч, хараа хяналтгүй хүүхдийн тоо олширч, ниргэсний дараа хашгирав гэгчээр эцсийн үр дүнд нь нийгэмд хэрэгцээгүй хүмүүжилгүй, мэдлэг чадвараар дулимаг иргэд л олширсоор байна.

 

Герман багш нарын үзэж байгаагаар “Монголд багшлах боловсон хүчний чадвар дутмаг байна. Монголд чадвартай хүмүүс нь багш болохгүй байгаагийн гол шалтгаан нь цалин мөнгөтэй шууд холбоотой. Хүний амьдралын гол баталгаа нь цалин хөлс байдаг учраас монголд энэ нь эсрэгээрээ байдаг. Германд бага насны хүүхдүүдтэй ажиллах тусам тэдний цалин хөлс нь их байдаг бол монголд их дээд сургуулийн багш нарын цалин хөлс өндөр байдаг нь хачирхалтай.

 

Тэгэхээр монголын боловсролын тогтолцоо доороосоо явах биш дээрээсээ бүх асуудлыг шийдвэрлэдэг болохоор монголын боловсролын байгууллагууд бие даан хөгжих ямар ч нөхцөл бүрдээгүй хараат байна гэж хэлж болно. Хамгийн эхлээд хараат байдлаас гарсан цагт л бүх хүмүүс чөлөөтэй сэтгэж, улс орон, хувь хүн, бүх зүйлс хөгжих эх үндэс нь болж өгнө.” гэж хэллээ.

Тэгэхээр монголын боловсролын тогтолцоо эхнээсээ аваад буруу байсныг манай монголын эрдэмтэн багш нар ч хэлж байгаа. Энэ бүхнээс үзэхэд “монголын боловсролын тогтолцоо”–г өөрчлөөгүй цагт ямар ч баримт бичиг гаргаад, хичнээн төсөл хэрэгжүүлээд ч үр дүнд хүрэхгүй нь тодорхой байна.