Манай орчин үеийн нийгмийн байгуулал, түүнийг бүрэлдүүлэгч институцүүд гадна, хэлбэр талаасаа хэвийн дүр төрх, үйл ажиллагаатай мэт харагдавч агуулга.уг чанараараа жинхэнэ байж чаддаггүй.

 

Хэлбэрдэх, дүр эсгэх төрхтэй байдаг нь олон шалтгаантай ч эдгээр нь байгаль, түүхэн ёсоор үүсч бүрэлдээгүй, жам ёсоороо бойжиж төлөвшиж хөгжөөгүйтэй холбоотой.

 

Энэ нь тэдгээрийг гаднаас “экспортолж”, идээшүүлэх аятай болгосон гэсэн үг. Энэ дүгнэлт одоогийн “шинэлэг” капитализмд ч хамаатай бус, өмнөх социалист нийгмийн бүх байгуулал, институц мөн л зээлдмэл, хуулбарлагдмал шинжтэй байсан.

 

Үүнд нам, үйлдвэрчин, залуучуудын эвлэл бүгд орно.Энэ үгүүлэлд бусдыг орхиод үйлдвэрчний эвлэлийг жишээлэн үзэж болох юм.Олон улсад анхнаасаа трэд юнион буюу ажил мэргэжлийн холбоод нэртэй энэ институцийг манайх өнгөрсөн зууны 20-оод оноос Зөвлөлтөөс хуулан байгуулахдаа Үйлдвэрчний эвлэл буюу Хөдөлмөрчин ардын холбоо гэсэн нэр өгсөн нь өнөө хүртэл хэрэглэгдсээр авай.

 

Түүний түүхэн хийгээд зуршмал чиг үүрэг нь ажиллах хүчээ хөлслөгч хөдөлмөрчин хүмүүн өөрсдийнхөө эдийн засгийн эрх ашгийг капитал эзэмшигч эзний дур зоргын мөлжлөгөөс хамтын хүчээр хамгаалах явдал юм, уул нь. 90-ээд оны эхээр нийгэм шилжих явцад нийгмийн бүх байгуулал хөдөлгөөнд орж өөрчлөгдсөний тэргүүн эгнээнд ҮЭ орсон нь түүхэн баримт.Өмнө гүйцэтгэж ирсэн төр аж ахуйн үүргээсээ татгалзаж, хөдөлмөрчдийн нийтлэг, нийгэм-эдийн засгийн эрх ашгийг хамтран хамгаалах гол үүргээ тодотгон аваад ардчилсан, чөлөөт, бие даасан байгууллага болж хувирахдаа харин үндсэн бүтэц, өмч хөрөнгөө бүрэн авч хоцорсон нь бусад эвлэл, эмэгтэйчүүд, зохиолчдын байгууллагатай харьцуулахад хавьгүй давуу байдалтай болж чадсан ховор тохиолдол болно.

 

Засгийн газар, эздийн холбоотой хамтын хэлэлцээр хийдэг, Монголд анх удаа жагсаал цуглаан, тэр байтугай үйлдвэрийн газар, зарим салбарын хэмжээнд богино хугацааны ажил хаялт зохион байгуулсан нь олон түмний дэмжлэг хүлээж байв. Барууны уламжлалт ҮЭ-ийг дуурайж хэлбэрдсэн ажил нь эхэн үедээ амжилт олсон хэрэг юм. Гэвч 90-ээд оны эцэс, энэ зууны эхнээс үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод урдахаа амжилтгүй давтсан, үлбэгэр мэдэгдэл гаргах, сүржин шаардлага тавихаас хэтрэхээ больж эхлэв.Тэгэх мөрөөрөө доройтон унахын оронд муугаа хаяалан гадаадын хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлэх, ажил хаялтаар далайлган цаагуураа гар хүндрүүлэхийг хүсдэг болсон нь Оюу толгой, Тавантолгойн ҮЭ-ийн ажиллагаанаас харагдав.

 

Байдлыг ажихул манай ҮЭ-ийнхэн хоёр, гурван талт хэлэлцээр гэгчид их ач холбогдол өгөх юм. Хэлэлцээр нь ч хугацаандаа болоод талууд нь ч тоо бүрэн оролцоод тохиролцох, зөвшилцөх талдаа ч тун дажгүй бололтой. Гарын үсгээ баяр ёслолын байдалтай зурцгаах нь ТВ, сонин хэвлэлээр гарч харагддаг. Яагаад энэ амаргүй байлтай ажил ийм хялбархан бүтээд байдаг юм бол гэж гайхах хэрэггүй. Тэнд заасан ажлууд бараг 100 хувь биелдэггүйд хамаг учир оршино. Жишээ нь, хэлэлцээрт жижүүрийн шинжтэй нэг асуудал жил болгон ордог нь цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай.

 

Уг нь, онолын хувьд баталгаат доод цалинг нэмэгдүүлэх хэрээр ажилгүйдэл нэмэгддэг жамтай. Үүнийг зүй нь Засгийн газар ба эздийн тал эсэргүүцэх ёстой. Гэтэл тэд тэгдэггүйгээр барахгүй уг асуудлыг шийдэж нэмэгдүүлэх нь энүүхэнд. Яагаад гэж асуух хэрэггүй. Уг нэмэгдлийг бараг хаана ч хэрэглэдэггүй юм. Манайд гарсан хууль барагтай л бол хэрэгждэггүй нь гэм бус зан.Тэгэх тусмаа биелэлтийг нь хянадаггүй энэ мэт шийдвэрийг ямар эзэн биелүүлэн ажилчдаа халж, цалингийн сангаа хэтрүүлж өөртөө гай тарьж, лай хурааж байхав. Ном журмаараа бол уг хяналтыг мөнөөх санаачлагч ҮЭ хийж байх ёстой.

 

Гэтэл тэд үүнийг сонирхдог ч үгүй, тэгээд ч хянан шалгах хүч чадал ч байхгүй. Амьдрал дээр албан ёсны минимум цалинг олгох нь байтугай, ерөөс ажлын хөлсийг хагас дутуу, эсвэл бүр эс олгон луйвардах нь түгээмэл үзэгдэл.Чухам энд л, үйлдвэр, аж ахуйн байгууллага дээр ҮЭ ажиллаж үндсэн цэг дээр хөлсний ажилчдын эрх ашгийг хамгаалж байх ёстой. Харамсалтай нь манай ихэнх үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжид ҮЭ-ийн анхан шатны байгууллага бараг байдаггүй, байлаа ч гишүүд дэмжигч гэхээр тулгуур хүчгүй болохоор дүр эсгэсэн ажиллагаатай, нэр төдий бүртгэлтэй байхаас аргагүй.

 

Дээрээ болохоор манай ҮЭ-ийнхэн багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардпага тавьж, жагсаал зохион байгуулах нь цөөнгүй. Учир нь, зохион байгуулалттай арга хэмжээнд бөөнөөр нь хамруулахад хялбар байдаг эдгээр салбарт ажил зохиох нь төвөг бэрхшээл багатайгаас гадна үүнийгээ хэвлэл мэдээллээр пиар хийхэд дөхөмтэй байдаг ажгуу.

 

Энэ мэт энгийн жишээнээс үзэхэд, манайд ийм доороо суурьгүй, дундаа ханагүй,зөвхөн бэлдсэн дээврээс өөр хийц хэсэггүй барилга шиг ҮЭ хэрэг байна уу. Тэд эрх ашгийг нь нэгтгэн хамгаалах гишүүд гэхээр тулгуургүй, түүний улмаас тэднээс орох татварын санхүүжилтгүйн учир 90-ээд онд тэр үеийн удирдагчдынх авч үлдээсэн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг зарах, өрөө байраа түрээслэх зэргээр амь зогоох болсон нь нууц биш.

 

Одоо бүр ч өөдлөхөө болиод байр контор, гарааш, цэцэрлэгийн газраа банк, барилгын компаниудад зарж, тэдний барьсан барилга, сууцанд толгой хоргодоход хүрчээ. Тэгэхлээр урд нийгмээс рүдемэнт эрхтэн мэтээр үлдсэн ийм ёс төдий ажилтай, тэгсэн хэрнээ дэвшил хөгжилд саад болох муу нөлөөтэй ийм байгууллагыг үгүйсгэвэл зохино.

 

Тэгэхдээ капитал эзэмшсэн хөрөнгөтөн, ажиллах хүчнээс өөр хэрэгсэлгүй хөдөлмөрчин хоёр хамтрахаас өөр аргагүй өнөөгийн ертөнцөд ажилтны хамтын эрх ашгийг хамгаалах ҮЭ нэг хэсэгтээ байхаас өөр гарцгүй.Тиймээс зах зээлийн нийгэм ба хөдөлмөрчин түмэнд хэрэг болох зохист институцийг шинээр төрүүлөх хэрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, зах зээлийн жам ёсны хөгжилд үнэ, цалингийн хэлэлцээрээр тээг тавьдаггүй, давын өмнө ажил хаялт, суултаар түрүү барьдаггүй, харин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйлдвэр, байгууллагадаа бодитой хувь нэмэр оруулан ажиллагчдын болон тэдний гэр бүлийн аж байдлын хийгээд эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн шаардлага, нөхцөлийг хамтын гэрээгээр хангах чадвар бүхий бөгөөд гишүүд дэмжигчдийнхээ хандиваар өөрийгөө санхүүжүүлдэг тийм ҮЭ-ийн хэрэгцээ хөгжлийн, шаардлагаар тавигдаж байна.

 

Ши.Батбаяр

/СЭДС-ийн проф.багш/