Мо овогт Батж Батбаяр тендерт дэндүү амташсан нэгэн. Ганц жишээ дурьдахад, тэрбээр Лу.Болдыг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхад тендер “бэлгэн”-д авсан юм.

 

Бэлгэнд гэдэг нь тэр тендерийг чухам ямар шалгуураар, хэрхэн авсныг хэн ч мэддэггүй. Гадаад хэргийн яамны хашаан дотор байрлах “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын тендерийн төсөвт өртөг 4.2 тэрбум төгрөг.

 

Энэхүү тендерийг гартаа оруулсан тэрбээр Батлан хамгаалах яамны тендер шиг 100 хувийн урьдчилгаа төлбөр авсан байдаг. Гэхдээ тендерийн мөнгийг өөрийн эзэмшлийн “Спейшл” компаниудын нэрээр авч чадаагүй.

 

Яагаад гэвэл тухайн үед Батлан хамгаалах яамны тендер зөрчилтэй, олны хэл ам болж байсан учраас Сангийн яам зөвшөөрөөгүй байна. Иймээс Б.Батбаяр өөрийн хүү Баттулгын түнш залуугийн эзэмшлийн “Хө Мо Тэ” ХХК-ийн нэрээр мөнгийг шилжүүлэн авсан. Хамгийн гол нь барилга өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй.

 

2015 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн яам Авлигатай тэмцэх газарт дээрх тендерийн талаар гомдол гаргасан байна. “Хө Мо Тэ” компанийн эзэн залуу АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “Миний компанийн нэрээр тендерт орсон. Би зөвшөөрсөн. Гэхдээ би ганц ч төгрөг авч үзээгүй. 100 хувийн урьдчилгааг хэдэн тэрбум төгрөгийг Б.Баттулга авсан” гэсэн байдаг. Хачирхалтай нь, 2015 оны тавдугаар сард энэ хэргийг Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон юм.

 

Гадаад хэргийн яамны барилга хугацаандаа дуусах нь битгий хэл байхад нийслэлийн прокурорын газар хэргийг хэрэгсэхгүй болгоод буйд учир байна.

 

УЧИР НЬ ЮУНД БАЙНА ВЭ?

 

Гадаад хэргийн яамны удирдлагын газрын дарга Н.Анхбаяр одоогийн УИХ-ын гишүүн “шударга царайлсан” Ц.Нямдоржийн хүү. Уг нь дутуу баригдаад олон жил болж байгаа барилгыг аудитад оруулж үнэлэх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгдээгүй. Тэр ч бүү хэл, Батж.Батбаяр төсөвт өртөг нь хүрэлцээгүй, өөрөөсөө мөнгө гаргасан тухай цухалзуулдаг. Албан бус мэдээллээр уг барилгыг үнэлбэл өнөөдрийн ханшаар хоёр тэрбум төгрөг болно гэдэг ч “хэргийн эзэд” тухайн үед дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан тухай тодотгодог.

 

Батж.Батбаярын хүү Б.Баттулга, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нар нэг үеийн жононгууд. Мөн улс төр дэх эрхмүүдийн угсаа залгамжлагчид. Зальтайгаараа алдартай Батж.Батбаярын хүү Батбилэг 1980 онд төрсөн. Нью Йорк хотын их сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн гэнэ. “Туул кашемир” ХК-ийн гүйцэтгэх захирал “Кашемир Концепт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж, аавынхаа ноолуурын бизнесийг хариуцаж байсан.

 

Б.Батбилэг сүүлийн үед огцом улстөржиж, төрийн албанд зүтгэх болсон. Энэ залууг АН ялсны дараа аав нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д газрын дарга болгон дэвшүүлсэн билээ. Төрийн мөнгөөр суралцаж төгссөн хүүхдийн нэрс дунд Б.Батбилэг бий.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн том хүү Анхбаяр 1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. 2004-2006 онд Шинэ Зеландын Виктория их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

 

Дунд сургуульд байхдаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан нэгэн. Н.Анхбаяр аавынхаа туслахаар ажиллаж улс төрд хөлд орсон. Өөрөөр хэлбэл, аав нь түүнийг хөтөлж улс төрд оруулсан шигээ улс төрд оруулсан юм билээ. Харин Н.Анхбаярын эхнэр нь УИХ-ын гишүүн асан Ц.Дамирангийн туслах байсан аж. Ордон дотроос эхнэртэй болж улмаар бусдын хэл амнаас төвөгшөөсөн хүү удалгүй ааваасаа салсан. Гэвч мөн л аавынхаа нөлөөгөөр УИХ дахь МАН-ын бүлэгт референт Гадаад харилцааны яаманд атташе хийж байгаад 2010 оны арванхоёрдугаар сараас Гадаад харилцааны яамны гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажилласан түүхтэй.

 

АНУ-ын Санфранциско хот дахь консулаар томилогдсон энэ залуу МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эрт бэлтгэгдэж байгаа билээ.

 

Шударга царайлж суудаг Ц.Нямдорж хүүдээ хяналт тавиач. Дугуй танхимд шударга хүний дүрд тоглож суухын оронд хүүгээ зөв хүмүүжүүлж, шударга зарчимч байхад нь анхаарах хэрэгтэй юм биш үү. АН-ынхныг ураг төрлөөрөө улс төрд орлоо гэж шүүмжилдэг та төрлөөрөө төрийн албанд шургалчихаад түйвээж байгаагаа харах л хэрэгтэй болов уу.

 

МАХН-ын гишүүн Монгол Улсын иргэн, татвар төлөгч Б.Батбаярт

Ч.Долгормаа