Б.Саруул: Тэр хүний шунал ханийн минь амь, хүүхдүүдийн маань ирээдүйг булаасан
2016/10/05
Өдгөөгөөс хоёр жилийн ажил үүргээ гүйцэтгэж явсан жирийн нэгэн залуу шунахай нэгний золиос болж, алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн борлуулагч Г.Пүрэвсүрэн гэгч дэлгүүрүүдэд бараа түгээж явсан зэл залуухан Б.Алтанхуягийг шунахай сэдлээр амийг нь бүрэлгэж, улмаар цогцсыг нь Налайх дахь уурхайн цооногт хийсэн аймшигт хэрэг үйлдэж олны сэтгэлийг сэрдхийлгэж байсан. 10 гаруйхан сая төгрөгийн төлөө бусдын амийг бүрэлгэсэн Г.Пүрэвсүрэнд шүүхээс түүнд 24 жилийн хорих, 16 сая төгрөгийн хохирол барагдуулах ял ногдуулсан юм.
Гэвч ханиа үгүйлэх эмэгтэй, аавыгаа нэхэх бяцхан үрс, хүүгээ санах эцэг, эхийн сэтгэлийг хэн ч, юу ч нөхөж үл чадна. Хагацал өнчрөлийн зовлонг амсч яваа тэдний амьдрал тун хүнд байгаа аж. Талийгаачийн эхнэр Саруул дүүгийнхээ орон сууцыг АПУ компанид тавьсан 31 сая төгрөгийнхөө барьцаанд алдах болоод байгаа юм байна. Тиймээс сайхан сэтгэлт ахан дүүс, нутгийн зон олноосоо тусламжийн гараа сунгахыг хүслээ. Ингээд бусдын гарт хайртай ханиа алдсан Б.Саруултай ярилцснаа хүргэе.
Тэрбээр “Надад ханийнхаа тухай бодохгүй, ханиа үгүйлж санахгүй, түүгээрээ дутаж, хоосрохгүй нэг ч хором мөч гэж байсангүй. Гэр рүүгээ яарсаар ирж яваа, үүд онгойлгоод ороод ирэх юм шиг мэдрэмж үргэлж төрдөг. Хүүхэд байхаасаа хамт байж, үг, үйлдэл бүр минь нэг мэт болсон болоод ч тэр үү одоо хүртэл би гаргүй, хөлгүй, эсвэл тал бие минь алга болчихсон мэт байдлаасаа гарч чадахгүй байна. Зарим нь намайг “Яасан сэтгэлийн хатгүй юм. Аавыгаа дуурайсан гурвын гурван хүүгийнхээ төлөө эрч хүчтэй, нүүрний баясгалантай амьдар” гэдэг л юм. Би хөвгүүдийнхээ төлөө бүхнээ зориулна. Тэднийг аав нь яаж хүмүүжүүлж, ямар хүн болгохыг хүсдэг байсан тэр л зарчмаар өсгөж, сайн эрчүүд болгоно. Гэхдээ хань, гэрийн эзэн, түшиг тулгуур эзгүйрэхээс хэцүү юм энэ орчлонд байдаггүй юм байна” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
-Муу мэдээ дуулсанаас хоёр жилийн дараа дахин сөхөх гэж байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ залуучуудад, зарим хүнд бодлогогүй, шуналын сэтгэлээ барьж дийлээгүйн гай хэзээ ч дуусдаггүй, хохирогчдыг, ар гэрийнхнийг нь нөмөрсөөр байдгийг ойлгуулах болов уу гэсэн үүднээс тантай уулзсан юм. Ханьтайгаа танилцаж байсан үеэс яриагаа эхлүүлээч?
-Бид хоёр Сүхбаатар аймгийнх. 2000 онд гэр бүл болоод дараа жил нь том хүүгээ төрүүлсэн. Энэ хорвоод түүнээс минь өөр намайг тэгтэл эрхлүүлж, хайрлаж, алган дээрээ бөмбөрүүлэх хүн байхгүй гэж боддог. Танилцсан цагаасаа хойш бид бие биедээ байгаа бүхнээ зориулсан. Бүхнийг арга эвээр шийдэж, хүмүүст дандаа тусалж, өөрт нь ганцхан байсан ч хэрэг гарлаа гэвэл өнөөхөө өгөөд л явуулчихдаг уужим сэтгэлтэй гэж жигтэйхэн хүн дээ, миний хань. Бид хотод амьдрахыг мөрөөдөж, ярьсаар 2006 онд орж ирсэн. 2008 онд дунд хүүгээ төрүүллээ. Тэр минь зүгээр сууна гэж огтхон ч байхгүй. Гэрийнхээ бараг бүх юмыг өөрийнхөө гараар хийсэн. Түүний гар хүрээгүй ширхэг чулуу ч манай хашаанд байхгүй гэмээр ажилсаг. Халуу дүүгтэл гал түлж өгчихөөд таксинд явна. Ингэж байсаар 2008 оны сүүлчээс бид зургаан нэрийн дэлгүүр түрээсэлж, ажиллуулсан. Удалгүй түүнийгээ томруулж, найман нэр болгосон. Энэ хугацаанд бид 20 орчим сая төгрөг хуримтлуулж чадсан. Тэгээд ярилцаж байгаад бөөний төв түрээслэхээр шийдэж, “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн төвийг ажиллуулж эхэлсэн. 2012 онд бага хүү маань төрсөн. Ингээд 2014 онд хуримтлалаа урьдчилгаанд өгөөд зээлд хамрагдах боломжтой болсон учраас 2014 оны наймдугаар сард бид орон сууц авахаар байр хайж эхэлсэн. Бид хоёр “Одоо л хоёулаа хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай болох нь дээ” гэж ярьдаг байсан. Түүндээ урамшаад амрахыг, өөрсдөдөө цаг зав гаргахаа мэдэхгүй зөвхөн ажлаа л хийдэг байж.
-Гэр бүлийн зураг авахуулж амжсан уу?
-Бага хүүгээ төрснөөс хойш нэг ч удаа гэр бүлээрээ зураг авахуулж байгаагүй юм билээ. Бодоод үз дээ, би үсчин ороод үсээ тайруулах завгүй явсаар үс маань шилбээ хүртэл ургаж байлаа. Хань минь надаас ч завгүй ажиллаж, хоёулаа шөнөөр гэртээ ороод үүрээр ажилдаа гардаг байсан. Ажил, ажил, мөнгө, мөнгө гэж явсаар хамгийн нандин, эрхэм хүмүүстэйгээ нэг өдрийг ч болтугай хөгжилдөөд, эрхлээд тааваараа өнгөрүүлээгүйдээ харамсаад барахгүй байна.
-Хэрэг 2014 оны есдүгээр сарын 15-нд гарсан байдаг бил үү?
-Миний бие өвдөөд эмнэлэгт хэвтээд яг тэр өдөр эмнэлгээс гарсан юм. Өглөө “Хань нь эмнэлгээс авах уу” гэж утсаар ярихаар нь “Яах юм бэ. Маргааш барааныхаа өрийг өгнө шүү дээ. Би гэртээ таксидаад харья. Миний хань бараагаа түгээчихээд эртхэн ирээрэй” гэсэн. Эмнэлгээс гарч харьчихаад 14:00 цагийн үед ярихад “Хань нь Гачууртад явж байна. Хоол идэж амжаагүй, өлсөж байна. Одоо Хонхор руу хэдхэн дэлгүүрээр орчихоод өнөөдөр эрт бууна аа” гэсэн. Би бууз, банштай цай хийчихээд 18:00 цагийн үед утас руу нь залгатал авахгүй байсан. Түүнээс хойш холбогдоогүй. Би тэр өдөр “Намайг эмнэлгээс ав аа” гээд хэлчихгүй яав даа гэж дандаа өөрийгөө зүхдэг.
-Цагдаад хэзээ мэдэгдсэн бэ?
-23:00 цаг хүртэл хүлээсэн. Тэр хооронд би хэчнээн удаа залгасан юм бүү мэд. Миний хань нэг ч удаа гадуур хонож үзээгүй, цайны газраас хоол иддэггүй байсан. Бид хоёр “Ажил амьдрал гэж явсаар уулзаад ярилцаад суух найз нөхөд ч үгүй боллоо доо” гэж хоорондоо ярьдаг байсан. Тийм болохоор “Миний хань ингэж алга болно гэж байхгүй. Намайг эмнэлэгт хэвтээд гарч ирсэн байхад хэл чимээгүй алга болно гэж бүр байхгүй гээд 23:30 цагийн үед цагдаад дуудлага өгсөн. Гэтэл өөдөөс “Найз, нөхөдтэйгээ шоудаж яваа биз. Эсвэл нэг газар байж байгаад ирнэ биз. Юун сүртэй юм” гээд эрж хайгаагүй. Харин би ах, дүү нартаа хэлээд тэр шөнөөс эхлээд хайсан. Шуурхай удирдлагын төв орж, замын камер шүүж, хэд хэдээрээ хуваагдаж бараа түгээдэг дэлгүүрүүд рүү явсан. Гэсэн ч олдоогүй. Ах, дүү хамаатан садан, найз нөхөд нийлсэн 60 гаруй хүн, дээр нь цагдаагийнхан 15 хоногийн турш эрсэн. Цагдаагийнхан дуудлага өгснөөс гурав хоногийн дараагаас хайж эхэлсэн.
-Мэргэлж, үздэг хүмүүст хандсан биз дээ?
-Мэддэг, үздэг, хардаг, дууддаг, бөөлдөг гэсэн бараг бүх хүн дээр очсон. Төрийн удган гэгч дээр ч очсон. “Олонх нь эсэн мэнд уулзуулж чадна, төдөн төгрөг өгчих” гэж байсан. Мөнгө төгрөг, эд зүйл юу ч биш. Хэлсэн бүгдийг нь өгсөн. Нэг хүн бүр “Энэ аргыг хийчихвэл маш богино хугацаанд уулзана. Дөрвөн сая төгрөг, бусад хэрэгтэй юмыг аваад ир” гэсэн. Тэдний хэн нь ч уулзуулах нь битгий хэл байгаа газрыг нь ч хэлж чадаагүй. Цөөн хүн л “Уулзаж амжихгүй нь дээ” гэсэн. Гэсэн ч хүний итгэл найдвар хэзээ ч барагддаггүй. Би одоо ч түүнийгээ амьд сэрүүн хүрээд ирэх юм шиг санадаг. Хань минь гурван нялх хүүгээ, намайг, гэрийнхнээ орхиж чадахгүй яасан их хоргодсон бол.
-Налайхын уурхайн цооногт байгааг цагдаа нар олсон байдаг бил үү?
-Тэнд явж байсан хүн хараад цагдаа нарт мэдээлэл өгч шалгахад нь мөн байсан.
-Унаж явсан машиныг нь Төв аймагт аваачиж орхисон байсан гэсэн тэ?
-Тийм ээ, нэг орон сууцны зогсоол дээр орхисон байсан.
-Гэмт этгээдийг илрүүлснийг хэзээ танд дуулгасан бэ?
-Тухайн үед буюу 2014 оны аравдугаар сарын 1-3-ны үед би эмнэлэгт байсан. Цагдаа нар сэжигтнийг илрүүлж, саатуулсан гэсэн. Ямар хүн бэ гэтэл Хонхорт найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг Пүрэвсүрэн гэдэг эрэгтэй байсан. Тэр хүний эхнэр нь Хонхортоо Засаг даргаар ажиллаж байсан, тэд дөрвөн хүүхэдтэй, амьдрал нь тогтсон айл.
-Тэр хүнтэй мөнгөний тал дээр ямар нэг өглөг авлага байсан уу. Өмнө нь ямар харилцаатай байсан юм бол?
-Манайхаас архи, шар айраг зэрэг бараа авдаг дэлгүүрийн эздийн л нэг. Түүнээс биш ямар нэг эвтэй, эвгүй харилцаатай байгаагүй. Бараа өгч, авдгаараа л таньдаг байсан. Гэтэл тэр хүн ердөө л найм орчим сая төгрөгийн бараа, халаасанд нь явсан тав орчим сая төгрөгт шунахдаа л нөхрийг минь хөнөөсөн байдаг.
-Түүний хэргийн талаар ярихыг эсвэл ярьсан зүйлийг нь сонсож байсан уу?
-Пүрэвсүрэн мөнгийг нь авахын тулд л гутлынхаа үдээсийг тайлж бэлдэж байгаад хоолойг нь боосон байдаг. Тэгээд амьсгал хураачихаар нь уурхайн цооногт хийчихээд, машиныг нь хол аваачиж хаясан байсан. Энэ бүхнээ эхний мөрдөн байцаалтаар хүлээсэн ч сүүлдээ хутгатай хүмүүс “Энэ хүнийг дээрэмд” гээд би дээрэмдсэн гэсэн утгатай мэдүүлэг өгч эхэлсэн байсан.
-Энэ хүнд 24 жилийн ял оноосон байдаг?
-Шүүх ийм л шийдвэр гаргасан. Надад, миний хүүхдүүдэд, ар гэрийнхэнд нь энэ шийдвэр хэтэрхий хөнгөн санагддаг. Тэр хүн хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч амьсгалж, даарч, инээж, юуны ч тухай юм бодож, ар гэрийнхэн нь түүнийг хайрлаж байгааг мэдэрч байна шүү дээ. Биднийг түүнтэй харьцуулаад үз дээ. Саяхны нэг орой дунд хүү маань дүүдээ аавтайгаа авахуулсан зургаа үзүүлээд “Энэ хүн бидний аав юм шүү дээ. Гэхдээ ахын дүү ээжээс аавын тухай асууж болохгүй шүү. Ээж нь уйлаад байдаг юм” гэчихсэн сууж байсан. Би тэдний яриаг сонссон ч сонсоогүй юм шиг буруу харж нулимсаа арчаад хэсэг суусан. Хүүхдүүд маань аавтайгаа байнга тоглож, эрхэлдэг, намайг биш аавыгаа л гэдэг байсан. Үүдээр ороод ирүүт нь том нь энгэрт нь асаж, бага нь хөл, гарт нь зүүгдээд эрхэлдэг байлаа. Би хэдийгээр уйлж унжиж, уруу дорой байгаагаа хөвгүүддээ харуулахгүйг хичээж, яаж ч эрхлүүлж, инээлгэсэн аавыг нь гүйцэхгүй шүү дээ. Хэчнээн хичээгээд ч аавынх нь орон зайг хүүхдүүддээ дүүргэж өгч чадахгүй нь үнэн юм даа. Хөвгүүд минь аавыгаа санасан сэтгэлээ надад хэлдэггүй ч үг, үйлдэл бүрээс нь мэдрэгддэг. Энэ зовлонг тэр хүн мэдэхгүй шүү дээ.
-Гэмт этгээдийн ар гэрийнхэн та нартай ирж уулзсан уу. Уучлалт гуйсан уу?
-Нэг ч хүн ирж уулзаагүй. Нэг удаа ч яриагүй. Шүүхээс гэмт этгээдээс 16 сая төгрөгийн хохирол гаргуулах шийдвэр гарсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Бид дөрөвт тэр алуурчны, ар гэрийнхнийх нь уучлал хэрэггүй. Хорвоод уучилж болохгүй зүйл байдаг юм.
-Танд “Би ханьдаа тэр үед тэгж хандах минь, тийм юм хийгээд өгчих минь яав даа” ч гэдэг юм уу хийж өгөөгүй, хэлээгүй үгнээсээ харамсах үе байдаг уу?
-Нэг л зүйл дээр би бардам үлдэж дээ гэж боддог. Ханийгаа гэртээ ирэхэд дуртай хоол, цайг нь халуун угтдаг байжээ. Тэр минь миний гарын хоолноос өөр хоол иддэггүй байлаа. Гэхдээ нэг зүйл бий. Тэр муухай өдрөөс хэдхэн хоногийн өмнө орон сууц авахаар хайж явахдаа “Хоёулаа байранд орчихоод хөөрхөн охинтой болъё. Охин хүүхэд ганцаараа ханьгүйдээд байж мэднэ. Хэсэг хугацааны дараа ижилсүүлээд ахиад нэг охинтой болно оо” гэж хань маань хэлж байсан. Бидэнд амьдарсан хугацаандаа бие биедээ өгч амжаагүй зүйл гэвэл энэ л байх. Түүнээс бусдаар бид муудалцаж, тунирхах ч завгүй ажиллаж, хань минь үргэлж намайг ядарчихна, өлсөх вий, даарах вий гэж халамжилдаг байсан. Мөнгөөр үнэлж болдоггүй зүйл гэж байдаг. Хань минь байсан бол бид гурван хүүгээ охин дүүтэй болгох байсан.
-Одоо та хаана, хэрхэн амьдарч байна вэ?
-Би одоо гурван хүүтэйгээ хадмынхаа хашаанд амьдарч байна. Эзэмшсэн мэргэжилгүй болохоор албан байгууллагууд үйлчлэгч, угаагчаар л ажилд авах юм. Ханийгаа бурхан болсны дараа би сэтгэл зүйн хувьд ажил хийх ямар ч чадамжгүй болсон. Хоёр сар гаруй хугацаанд гэртээ байсны дараа “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн түрээслэгчтэй ярилцаж байгаад "АПУ" компаниас барааны зээл авсан. Зээл авахдаа дүүгийнхээ байрыг барьцаанд тавьсан юм. Гэтэл хоёулаа байсан шигээ ажиллах нь битгий хэл гөлөрч, бодлогоширч сууж байгаад юмаа алдах, бараагаа дутуу тоолж өгөх гэх мэтээр явсаар алдагдалд орж, дээр нь ханийн маань бурхан болохоосоо өмнө зээлсэн байсан барааны төлбөр нэмэгдээд 30 сая төгрөгийн өрөнд унасан. Одоо дүүгийнхээ байрыг алдах дээрээ тулчихаад явж байна. Шүүхийн шийдвэрийн ажилтнууд саяхан гэрийнх нь үүдэнд битүүмжлэлийн хуудас наагаад байраа суллаж өгөхийг шаардсан.
-Хэдэн өрөө орон сууц вэ?
-Хоёр өрөө орон сууц юм. Дүү маань хоёр нялх хүүхэдтэй. Бага нь сар гаруйхантай. Би "АПУ" компанийнхантай уулзаж, “Орон сууцыг нь хураахаа түр азнаач. Шүүхийн шийдвэрээр надад 16 сая төгрөг олгохоор болсон. Түүнийг түр хүлээгээч. Бусдыг нь аргалаад төлнө өө” гэсэн боловч харгалзаж үзээгүй.
-"АПУ" компанийнхантай хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ?
-Хуулийн зөвлөхтэй нь утсаар байнга холбогдож байгаа. Бусад дарга нартай нь уулзахыг хүссэн ч уулзаж чадахгүй байна.
-Ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ?
-Үнэндээ яах учраа олохгүй явж байна. Аргаа бараад Монголын ард түмнээсээ, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс, Сүхбаатар аймгаас гарсан УИХ-ын гишүүдээс тусламж гуйя гэж бодож сууна. Хэн нэгний буруу бодол, шуналын сэтгэл, болчимгүй үйлдлээс болж нэг айл сүйрч, өр зээлэнд баригдаж, сүүлдээ бусдадаа гай болох хэмжээнд хүрчихээд байна шүү дээ. Тэр хүний шунал ханийн минь амь, хүүхдүүдийн маань ирээдүйг булаасан. Элэг бүтэн байх тэр аз жаргалыг нь булаасан. Мэдээж би гурван хүүгийнхээ төлөө бүхнээ зориулна. Гэтэл аавынх нь орон зайг юу нөхөх юм бэ. Аавдаа эрхэлж өсөх тэр сайхан ирээдүйг нь хүүхдүүдээс минь авчихсан тэр хүн хэдхэн жилийн ял эдлээд л нүглээ цайруулах уу. Хүнээ алдсан ар гэрийнхэн алуурчнаас илүү зовлон үүрдэг гэдгийг би одоо биеэрээ мэдэрч байна.
-Та мөнгө цуглуулахаар хүмүүст хандаж үзсэн үү?
-Өөрийн мэдэх хэмжээний найз нөхдөдөө хандаад байна. Ямар гарц, гаргалгаа байна вэ тэр бүрийг хайж байгаа ч мэргэжил боловсролгүй, танилын хүрээгүй болохоор үнэндээ ганцаардаж байна. Манай аймгаас гарсан УИХ-ын гишүүн Ч.Улаан гуай руу утсаар мессэж бичиж хандсан. Одоогоор хариу ирүүлээгүй байна.
Тэрбээр ярилцлагын турш тасралтгүй урсах нулимсаар арчиж, энэ бүхэнд өөрөө буруутай мэт мэгшсээр байсан юм. Бусдад сэрэмжлүүлэх үүднээс уулзснаар түүнийг ямар хэцүү байдалд ороод байгааг мэдэж авсан юм. Тэрбээр одоо нэгэн байгууллагад цэвэрлэгч хийж байгаа бөгөөд сарын цалин нь 400 мянган төгрөг. Арваннэг, хоёрдугаар ангийн хоёр, дөрвөн ой хүрч яваа хүү гээд тэр дөрвийн амьжиргаанд энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй нь тодорхой. Гэтэл ханьтайгаа хамт ажиллуулж байхдаа авсан байсан бараа, түүнээс хойш авсан барааны өр, тэдгээрийн хүү нэмэгдсээр өдгөө 31 сая төгрөгт хүрчээ. Барааныхаа барьцаанд дүүгийнхээ хоёр өрөө байрыг тавьсан байсан нь өнөөдөр алдахад хүрээд байгаа юм байна. Тиймээс сайхан сэтгэлт монголчуудаасаа сэтгэлийн хандив хүсэж, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, ард иргэддээ хандаж байгаагаа уламжилсан юм.
24tsag.mn
Шударга · 2016/10/05
АПУ компани ерее тусламж болгож ерее цайруулах хэрэгтэй ш дэ. Тэр байтугай Монгол улсын емчийг идэж уусан манай Монголын баячууд царайгуй, харамч юмаа
Хасу · 2016/10/05
Хуний шунал гэж ургэлж адгийн муу юм хийхэд хургэдгийг санаж явцгаа
Зочин · 2016/10/05
huurhiiduu.yamarch hetsuu yumdee.
huga zov · 2016/10/05
Elbegdorjiin ehner huuhdiig n alah yumsan.tegeed tsaaziin yal yariasai muu hoshnogo
Huga · 2016/10/05
Elbegdorj pizda yu bodoj suudag bol,tsaaziin yaliig sergee
zee · 2016/10/05
Za estoi Mongol hvmvvs bndaa bid bolomj bolomjooroo handiblay!
Зочин · 2016/10/05
ee burhan mini neg ailiin amidarliig neg l udur suiruulj de har aluurchin tanariig burhan eveeh boltugai yamarch hetsuu ym be huurhiiduu bayachuud tuslaasaidaa APU giin zahiral saihan setegleer handaj tuslaasaida ard tumnee arhiaar ugjij ard tumniihee harmaig hoosolj baidag kampion shu de neg udaa garaa sungaach
Зочин · 2016/10/05
Holbogdoh utasiig n oruulna uu
Zochin · 2016/10/05
Hairan saihan ger bul iim boloh gej de.Ter muu shunalt aluurchinaas buh tulburiig ch gesen avah l yostoi shu de.Ene ail iim bdald oroh yosgui!!
Зочин · 2016/10/05
дансны дугаар
АРИНАА · 2016/10/05
манай хамт олноос 100000 төг хандивлая дансны дугаар холбогдох утас маш сайхан гэр бүл байсан шүү үнэхээр харамсалтай юмаа
Зочин · 2016/10/05
nice