Ц.Нямдорж гуайг мэдэхгүй хүн байхгүй дээ. Хахир яхир, шулуухан үгтэй. Улс төрийн тогоонд олон жил буцалсан туршлагатай парламентч хүн. Сүүлийн хэд хоногт Монголын бүх хэвлэлээр хэлсэн ярьсан нь нэвтэрч, олны анхаарлын төвд ороод байгаа. Түүнийг ингэсгээд дүгнэвэл бүгд л тийм гэнэ. Гэхдээ тэр яг хэн бэ?

УИХ-ын вэбсайтад байх Ц.Нямдоржийн намтар их сайхан. Яахын аргагүй төрийн хар хүний л намтар. 1975 онд Увсын Улаангомын 10 жилийн I дунд сургуулийг төгссөн. 1981 онд Ленинградын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. Ирээд 1981-1988 онд УЕПГ-т хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтнээр ажилд орсон.

Ингээд 1992 оноос хойш УИХ-д долоо дахь удаагаа сонгогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр удаа томилогдож ажилласан. 2005-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байв. Өдгөө УИХ-ын дэд даргын албан тушаалд сууж буй. Хэтдээ намын даргаа Ерөнхийлөгч болохоор УИХ-ын дарга болохоор тохиролцож, ийн ойртоод суучихлаа гэгдэж байсан.

Гэтэл тэрээр гэнэтхэн “...МАН надад хамаагүй” хэмээн мэдэгдээд эхэлсний учир юу вэ гэж ирээд л олон хүн гайхасхийв.

Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн улс төрд өнгөрүүлж буй он жилүүдийн өөр намтар ч бас байх ажээ.

 

Ж.БААТАР ГЕНЕРАЛ БА Ц.НЯМДОРЖ

 

ТЕГ-ын газрын дарга асан Ж.Баатар генерал улсын нууц задруулсан хэргээр дөрвөн жил шоронд суусан. Энэ нь Ц.Нямдорж Хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон, тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал олон нийтэд ил болсноос үүдэн Ц.Нямдорж, генерал Ж.Баатарын хооронд өрнөсөн тэмцлийн дүнд болсон явдал. Ц.Нямдорж энэ талаар “...2000 онд намайг сайд болгохгүй гэж бүх арга хэмжээг авсан байхгүй юу. Тэр нь энэ юм. Хятадад ажлаар явсан томилолтын материалыг Хятадын тагнуулч гэж үзсэн юм билээ” гэж тайлбарласан байдаг.

Харин Ж.Баатар генерал сүүлд энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байдаг. Тэрээр ярилцлагадаа “...Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж, дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс Ц.Нямдоржтой тагнуулын байгууллагын ажилтан уулзаж, явж ирсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбар, тодруулга өгөхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөөгүй. Тиймээс тухайн ажилтан өөр бусад суваг, эх сурвалжаас авсан мэдээ, материалд түшиглэн Ц.Нямдоржийн явж ирсэн талаар дүгнэлт, танилцуулга хийсэн. Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан. Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ. ...Ц.Нямдорж үнэнд гүйцэгдэнэ. Хэзээ нэгэн цагт үнэн илэрнэ, илчлэгдэнэ. Түүх шүүнэ, үнэн юм үнэнээрээ тогтоогдоно. Монгол нь ч гэрчилнэ, хятад нь ч гэрчилнэ. Гэрчилж ч байсан, нотолж ч байсан” гэж ярьсан байдаг билээ.

 

Л.ГҮНДАЛАЙ БА Ц.НЯМДОРЖ

 

Энэ хоёр эрхмийн маргаан улсын нууцын асуудлаас эхэлсэн. Учир нь тухайн үед Ц.Нямдоржийг БНХАУ-ын тагнуул туршуул гэсэн агуулгатай 45 хуудас материалыг УИХ-ын гишүүн Л.Гүндалай сөхсөн. Тэгээд энэ асуудлыг шалгуулахаар Л.Гүндалай хуулийн байгууллагад хандсан. Эцэст нь энэ хэргээс болж Л.Гүндалай баривчлагдаж ТЕГ-ын дарга асан Х.Баатар ял авснаар асуудал дууссан юм. Шалтгаан нь уг материалыг Х.Баатар генерал Л.Гүндалайд дамжуулсан гэж хэвлэлүүд шуугиж байлаа. Л.Гүндалай энэ талаар хожим ярихдаа “...УИХ-ын гишүүнийг прокурорын зөвшөөрөлгүйгээр нэг өдөр хорьчихоод маргааш нь ямар ч тайлбар хэлэхгүй сулласан. Намайг барьсны маргааш өдөр нь 10 мянга гаруй хүн жагссан. Тэр үед энэ баримтуудыг дараад л өнгөрсөн. Миний ойлгосноор бол Ц.Нямдорж сайд Хятадын тагнуул биш, Монголын талаас Хятадыг тагнах гэж явсан болж л хувирсан. Сүүлдээ надад тэгж л хэлээд энэ хэргийг хаасан. Манай тагнуулыг илчилчих юм, олон долоон юм битгий яриад бай л гэсэн дэг” гэв. Харин Ц.Нямдорж энэ талаараа хэвлэлээр тайлбарласан байдаг. Тэрээр “...Тэр Гүндалайн хийсэн мэдэгдэлд “Нямдорж архи уугаад бөөлжсөндөө хутгалдаад хэвтэж байсан” гэдэг үг өгүүлбэр байна гэнэ. Тэр нь нөгөө зохиомлоор бүрдүүлсэн материал дотор нь байгаа юм гэнэ лээ. Би чинь гадаадынхантай байтугай бусад намынхантай архи уудаггүй “муу санаатай архичин” шүү дээ. Гүндалай сонин биш шүү дээ. Бидэнд бол Гүндалай шиг сонирхолгүй юм байхгүй” гэсэн байдаг.

 

Д.ЭРДЭНЭБИЛЭГ БА Ц.НЯМДОРЖ

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “...Энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. “Эрдэнэт” үйлдвэр тойрсон бүх зүйл энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна” гэв. Харин Д.Эрдэнэбилэгийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Зарим хэвлэлд “...Ийм үед “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд, тэр дундаа хувийн хэвшилд очиж байгаа нь харин ч сайн хэрэг. Төр 51 хувь дээрээ нэмээд 49-ийг аваад, 100 хувь болгочихвол ялсан намынхан харин ч нэг дураараа дургиж, дунд чөмгөөр нь жиргэх байлгүй. Бүх мөнгийг аваад сонгуулийн өмнө тараагаад өгчихөж ч магадгүй. Ийм завхарсан улстөрчидтэй үед хувьд очсон нь харин ч баярламаар хэрэг юм аа.

Нэг ч хүнд цалин өгч, улсад ганц ч төгрөгийн татвар өгдөггүй улстөрч нэртэй нэг муу “хувалз” Монголын хамгийн том үйлдвэрийн “цус”-ыг сорж, баяжиж сууснаас л хамаагүй дээр байх. Нөгөөтэйгүүр энэ бүх хэрүүлийн дунд Д.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр яваад байгаа.

Энэ хүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан байя гэж бодъё. Тэглээ гээд бас муудаад байх юм юу байна аа” гэж бичжээ.

 

Х.БАТТУЛГА БА Ц.НЯМДОРЖ

 

Х.Баттулга, Ц.Ням­дорж хоёрын муудалцах шалтгаан бий ажээ. Эх сурвалжийн мэдээллээр Г.Хийморьсан гэгч хүнээр дамжуулан Тавантолгойн ордоос өдөр бүр 60-100 тоннын даацтай 100 машинаар нүүрс зөөдөг байсан. Тавантолгойн ордоос урагш зам тавьтал нүүрс зөөхийг хориглосныг Засгийн газрын хуралдаан дээр эсэргүүцэж, нүүрсний машинуудыг нэн даруй тээвэрт нь явуулахыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас удаа дараа шаардаж байжээ. Энэ нь ч тухайн үед хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр мэдээлэгдэж байж.

Тэр цагаас хойш энэ хоёр эрхэм олон асуудлаар зөрчилдөж байгаа.

2013 оны тавдугаар сарын сүүлчээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2012 оны гуравдугаар сарын 21-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, бас “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэгт орохдоо ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга олон тэрбум долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэж гүтгэсэн гэдгийг Нийслэлийн шүүх тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Энэ асуудал тэгсгээд чимээгүй болсон. Х.Баттулга шүүх дээр ялсан шийдвэртэй, Ц.Нямдорж уучлалт гуйх өртэй үлдсэн юм.

 

Н.ЭНХБАЯР БА Ц.НЯМДОРЖ

 

“Нэгэн цагт улс төрд бие биеэ дэмжин, хаа ч явсан журмын нөхөд өнөөдөр хоёр тийшээ харалцаад зогсохгүй, хууль хяналтын байгууллагад нөгөөгөө шалгуулж байна. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилж, “Нямдорж бол “хатуу самар”, хуулийг түүн шиг мэдэх хүн байхгүй, түүний хэлж байгаа үг бүрийг хууль мэт сахих хэрэгтэй” гэж байсан бол Ц.Нямдорж нь “Монгол Улсыг авч явах хүн бол Н.Энхбаяр, тэр ганцаараа Монголын лидер улстөрч, түүн шиг арвин туршлагатай, улс төрд хат суусан, ноён нуруутай улстөрч байхгүй” гэж ярьдаг байсан юм.

2011 оны аравдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн увайгүй үйлдлийг хэвлэлд дэлгэхээр шийдсэнээ дуулгажээ. Н.Энхбаяр Ц.Нямдорж сайдын сая, сая ам.долларын үнэтэй хаус, байшин барилгыг тоочиж ярьсан төдийгүй “Авлигын хоточ нохой болсон Ц.Нямдоржийн авлигын хэргийг АТГ-т шалгуулж, олонд ил болгох хэрэгтэй. Насаараа төрийн албан хаагч байсан түүний эхнэр хүүхдүүд бүгд төрийн албанд ажилладаг. Ийм байтал Ц.Нямдорж хаанаас ямар мөнгөөр дараах өмчтэй болсноо мэдэгдэхийг шаардаж байна” гэж мэдээлжээ.

Тэр үед Ц.Нямдорж “Би түрээсийн байранд амьдардаг” гэж хэвлэлд ярихдаа “...Хоёр хүүхдийн минь бариулж байгаа байшин тийм ч үнэтэй барилгууд биш. Н.Энхбаяр болохоор 6.0 тэрбум төгрөгийн барилга гэж үзэж байгаа юм билээ. Манай цагдаагийн байгууллага хөдөө суманд цагдаагийн байрыг 56 сая төгрөгөөр бариулж байгаа. Миний хоёр хүүхдийн байр бол тиймэрхүү хоёр байрны хэмжээний л үнэлгээтэй. Хүнийг гүтгэж болох байх. Гэхдээ жаахан баримжаатай гүтгэх хэрэгтэй биз дээ. “Алтжин”-гийн Г.Алтантай хөрш зэргэлдээ байр гэдэг нь хөлсийг нь төлөөд сууж байгаа байр байхгүй юу” гэсэн юм.

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны оройн 20.00 цагаас эхлэн Хуулийнхан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах гэж оролдон, шөнөжингөө үймээн самуун дэгдээгээд, 13-ны өглөө үүрээр гэрээс нь баривчилсан. Гэвч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ дахь намынхаа бүлэгт “Н.Энхбаярыг баривчлах гэснийг мэдээгүй. Өглөө телевизээр үзлээ” гэж мэдээлжээ. Энэ мэдээлэлд итгэх хүн байсангүй. Тэгээд ч өөрөө дараа нь “...Би хэргээр тэгж хэлсэн юм. “Н.Энхбаярыг баривчлахыг мэдсэн үү, телевизээр харсан уу, яагаад цагдаагаа татаагүй юм” гэж тал, талаас нохой шиг боргоод байхаар нь зэвүү хүрээд “Би унтаж байсан” гээд хэлчихсэн юм” гэж ярьсан байна.

Төрийн томилгоогоор 1990 оноос хойш 2009 оныг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гурав, тус яамны тэргүүн дэд сайдаар нэг удаа, нийтдээ дөрвөн удаа томилогдон ажиллаж байгаа, парламентын туршлагатай гишүүдийн нэг Ц.Нямдоржийг хэн бэ гэдгийг илэрхийлэх мэдээлэл хэвлэлийн хуудсанд ийнхүү үлдсэн байна.

Сүүлд Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож Н.Энхбаярыг шоронд хоригдож байх үеийн тухай ярихдаа “...Н.Энхбаярыг баривчилдаг өдөр тэдний гэрийн гадаа буудалцаан болсон. Хоёр хамгаалагч бие,бие рүүгээ буудсан. Тэгэхэд жижүүр нь Хан-Уулын цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа нар гүйгээд очсон гэсэн. Сүүлд нь Тагнуулынхан буутай хүч нэмэгдүүлсэн юм байна лээ. Намайг Шарга морьтын гүүрний цаана явж байхад тухайн үеийн цагдаагийн дарга Д.Сандаг-Очир залгаад шүүхийн ийм шийдвэр гарсан гэж хэлсэн. Наадах чинь миний оролцдог юм биш байна гэдгээ хэлээд хүний хамарнаас цус гаргаж болохгүй шүү.Бусад нь бол та нарын ажил байна гэж сануулсан. Цагдаа баривчлах ажиллагаа явуулсан гэдгээр нь надтай холбож тайлбарлаж байгаа юм шиг байна.Цагдаа чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг шүү дээ. Хуу­лийн яамны ямар ч орол­цоогүйгээр болсон” гэв.

 

М.ЭНХСАЙХАН БА Ц.НЯМДОРЖ

 

2007 оны долдугаар сард Үндэсний эв нэгдлийн Засгийн газрынхан нэг оройжингоо найрлах үеэр УИХ-ын дарга асан Ц.Нямдорж Шадар сайд М.Энхсайханы өрөө рүү гүйж очин, хаалгыг нь татангуутаа “За хө чи чинь ёстой мужик байсан байна. Энэ цагаас эхлэн Жамуха, Тэмүүжин хоёр шиг анд бололцлоо шүү” хэмээн мөрөн дээр нь алгадаж, тэврэн авч хоёр хацрыг нь ээлжлэн үнсээд гарчээ” гэж хэвлэлд бичжээ. Харин М.Энхсайхан хэвлэлд ярихдаа “...УИХ-ын 2000-2004 оны сонгуулиар тухайн үеийн МАХН 72:4 харьцаагаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэр үед Ц.Нямдорж мөн л “ноён оргил” байлаа шүү дээ. Дээр нь Ц.Нямдорж цаашид лав 20 жил гартаа атгана гэж галзуурч, сагсуурч байсан.

Тэр үед би намын удирдлагаас холд­сон байлаа. Гэвч Ц.Ням­доржийн тэр байдлыг ажиг­лаад “Намдаа ойр байх хэрэгтэй юм байна” гэдгээ маш хүчтэй мэдэрсэн. Тэгэхэд Ц.Ням­дорж намайг байнга заналхийлдэг байсан. “Даргагүй нам сонгуульд ялахыг нь харъя л даа” гэдэг байсан. Тухайн үед би төдийлөн ойшоодоггүй байлаа. Хожим нь болсон үйл явдлуудтай уялдуулан одоо эргээд бодоход “Францаас Д.Энхбатыг хулгайлж, С.Зоригийн аллагын захиалагч болгож хувиргаад л, намын дарга М.Энхсайханыг нь шоронд хийчихээр намын даргагүй нам сонгуульд ялахыг нь харъя л даа” хэмээн заналхийлж байсан юм билээ.

Тэгэхээр энэ бүхнийг хэн зохион байгуулж байсан нь харагдаж байгаа биз дээ. Хор найруулдаг, зохиомол хэрэгт гүтгэдэг, энэ бүх үүсэл, үйл ажиллагаа Ц.Нямдоржийн өөрийнх нь бараг хүмүүжлээс нь урган гарч байгаа юм байна гэж надад бодогдоод байгаа юм.

Дээр нь Ц.Нямдорж “Монголын нийгмийг айлган сүрдүүлэх замаар барих нь хамгийн зөв” гэж өөрөө зарладаг байсан юм.

...Өчүүхэн хэргийн төлөө шоронд ордог заалтыг Эрүүгийн хуульд оруулсан. Яг тэр заалтаар дунд сургуулийн олон сурагч хоригдсон. Би шулуухан хэлье. Цагдаагийн дарга байсан генерал Пүрэв гуай надтай уулзаад “Энэ заалтаас болж балчир хүүхдийн гэнэн үйлдлүүд шууд шоронд ороход хүргэж байна” гэж хэлсэн удаатай.

...Дээр нь хэлэхэд Монгол Улс жижигхэн шүү. Бидний чихэнд олон юм сонсогдож байгаа. Үнэн, худлыг нь нотолж чадахгүй чихээрээ сонсоод л байгаа. Тухайлбал, “Оюутолгойн гэрээг хийх явцад Ц.Нямдорж гадны компанид зөвлөхөөр ажилласан” гэсэн мэдээлэл бий.

Үүнийг би гадны хүмүүсийн ярианаас чихээрээ сонссон. Гэхдээ би үүнийг нотлохгүй. Харин Ц.Нямдоржийн хэлсэн үг, хийсэн үйлдлээр тэр үгийн үнэн нотлогдоод байгаа юм.

Оюутолгойн гэрээний зөв, бурууг Монгол талаасаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрөө гардан хариуцах ёстой. Гэтэл яагаад Монголын талын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэгт орохгүй, энэ үүргээс өөрөө сайн дураараа зугтаад байсан юм бэ. Энэ юу хэлээд байна. Нарийн ярих юм бол гадныхантай харил­цаж байсан нь зарим хү­ний нүдэнд харагдсан бай­гаа шүү. Энэ бол асуудал” гэж байв.

 

С.НАРАНГЭРЭЛ БА Ц.НЯМДОРЖ

 

Хуульч С.Нарангэрэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн тухай “...Ер нь Ц.Нямдорж гэдэг хүн ямар жудаггүй болохыг цаг хугацааны шалгарлаар монголчууд сайтар ойлгож байх шиг байна. Хахаж үхтэл нь албан тушаал, эрх мэдэл Ц.Нямдоржид эдлүүлж байсан Н.Энхбаярыгаа хүний мөсгүйгээр яаж гутаан доромжиж, түүнд сэтгэл санааны зовиур бий болгож байгааг надаар хэлүүлэлтгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголчууд мэдэж авсан шүү дээ” гэж ярьсан юм.

 

Н.БАГАБАНДИ БА Ц.НЯМДОРЖ

 

2005 оны дөрөвдүгээр сард УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн талаар төсөл хэлэлцэх явцад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихээхэн бухимджээ. Тэрээр “...Ерөнхийлөгч энэ асуудлыг санаачилсан учраас тэр субъектын төлөөлөл энд суух ёстой. Асуудлаа танилцуулах учиртай. Ийм чухал асуудлыг нэг бичиг шидчихээд шийдэж болохгүй. Ерөнхийлөгч өөрөө л гадаадад айлчилдаг юм байгаа биз. Тэр зөвлөхүүд нь, Тамгын газрын ажилтнууд нь яасан юм бэ. Асуудал санаачлагчийг хуралд оруулж ир. Ерөнхийлөгч ер нь ямар учиртай субъект вэ. Бүх хүмүүсээ гадагш нь дагуулаад явчихдаг. Яасан их айлчилдаг юм. Юу хийгээд яваад байгаа юм бэ. Саяхан л хэний зардлаар нь мэдэхгүй энд тэнд амарч яваад ирсэн. Хамгийн их зардлаар айлчилдаг хүн бол Ерөнхийлөгч шүү дээ. Баастай бурхан шиг. Хурал чуулган дээр том том илтгэл тавьж, том том ярьчихаад яваад өгдөг. Гадаадад айлчлаад тэнээд явдаг. Ямар хэрэг бүтээх гэж ингэж явдаг юм. Ийм янзаараа байх юм бол Тамгын газрыг нь татан буулгаад Ерөнхийлөгчийн төсвийг хувааж авах хэрэгтэй” гэжээ.

Чухамдаа энэ нь тсөл санаачлагчдын төлөөлөл эзгүй байгаатай холбоотой бус, цаанаа бол Ерөнхийлөгч Н.Бага­банди “Цагаан шонхор”-ын Ч.Энх­тайва­ныг өр­шөө­­лөөр сулласанд маш их дургүйцэж байгаа хэ­мээн саарал ордны эх сур­валж тайлбарлаж бай­на гэж хэвлэлд бичиж байв.

 

Ц.ЭЛБЭГДОРЖ БА Ц.НЯМДОРЖ

 

2005 оны аравдугаар сард хэвлэлд гарсан нийтлэлд, “...УИХ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ Ц.Элбэгдорж асуудлыг бусад руу чихэж амиа хоохойлон уран донгодож явдгаа боливол таарна. Хэзээ байхдаа УИХ Засгийн газрыг ажил хийлгэхгүй байсан юм” хэмээн тун ч ууртай байна. Энэ янзаараа бол УИХ, Засгийн газар хоёр нэг хэсэгтээ л таарамж муутай байх бололтой” хэмээн бичсэн байна.

2006 оны аравдугаар сард УИХ-ын чуулганаар М.Энхболдын толгойлсон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж “2004 оны сонгуулийн дараа Ардчилсан намын нөхөд сонгууль удирдсан М.Энхсайхан, Л.Гүндалай нарыгаа Засгийн газрын бүрэлдэхүүний гадна үлдээж АНУ-д дөрвөн жил тансагласан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон. Үүнийг хуйвалдаан биш гэж үзэх үү. Гэтэл ийм хуйвалдаан хийж байсан хүмүүс өнөөдөр бусдын хуйвалдааныг илрүүлж шударга дүр эсгэж байгаа нь хэр зохистой вэ” гэж хэлжээ.

2008 оны долдугаар сард Ц.Нямдорж “Долдугаар сарын 1-ний улс төрийн үймээний гол хариуцлага хүлээх ёстой хүн Ц. Элбэгдорж. Гол өдөөн хатгагч нь тэр өөрөө шүү дээ” гэсэн байна.

2012 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх М.Батчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Ерөнхийлөгч шүүх цагдаагийн хоорондын асуудлаас байдал ноцтой болж байгааг мэдэж байсан учраас, Ц.Нямдорж сайдын юу ч хийх сонирхолгүй суугаад байгааг нь харсан учраас өөрөө цэргийн мөрдэстэй хүнийх нь хувьд Ц.Сандаг-Очир генералыг дуудаж, шууд шаардлага тавьсан. Ерөнхийлөгч хийх ёстой ажлаа л хийсэн. Ер нь төрийн ажлыг дур зоргын юм шиг хардаг, миний батлуулсан хууль, миний байгууллага гэж өмчилдөг, хуулийг дур зоргоороо засдаг, хүчний байгууллагуудын тогтолцоогоор судалгаа, мэдлэггүйгээр дураараа оролддог, тэгсэн мөртлөө төрийн өмнө, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ өөрт ашиггүй бол биелүүлдэггүй Ц.Нямдорж сайд шиг хүмүүсээс болж Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирч, төр дотроосоо идэгдэж хямрах аюул бий болчихоод байна шүү гэдгийг хэлмээр байна” гэсэн байна.

Дараа нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Манайханд болохоор л би ард түмнээс сонгогдсон учраас бүгдийг загнах ёстой гэдэг өвчин маш гүнзгий бий болсон. Ц.Элбэгдорж дахиад ялчих юм бол өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Английн хатан хаан эрх мэдэлд дургүйдээ Засгийн газрын ажилд оролцохгүй байгаа гэж бодож байна уу. Үгүй, хуулийн соёл гэдэг юм тэгж ёс заншил болдог учраас тэр. Японы эзэн хаан 1948 оноос хойш ард түмэндээ хандаж ганц үг хэлэлгүй байсаар уржнангийн газар хөдлөлт болоход ил гарч ард түмэндээ үг хэллээ. Манай Ерөнхийлөгч ч тийм байх ёстой юм, хуулиараа. Тэр үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг үгийн цаад агуулга нь энэ” гэсэн нь бий. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “...2011 онд Н.Энхбаяртай холбоотой 16 хавтаст хэрэг тухайн үеийн мөрдөн байцаах газраас АТГ-т ирсэн байдаг. Тэр үед Ц.Нямдорж Хууль зүйн сайд байсан. Түүнээс биш Ц.Элбэгдорж гарч ирээд хэрэг нээгээд шоронд хийчихсэн зүйл байхгүй. Энэ хүнтэй холбоотой асуудлыг над дээр ярьж орж ирдэг хүн ер нь байхгүй. Нэг л хүн хааяа энэ хүний талаар ярьж орж ирдэг. Тэр нь Ц.Нямдорж. Ц.Нямдорж “Сүхбаатарын талбайн өмнөх өндөр хөх байшинд Н.Энхбаяр оролцсон 40 гаруй сая ам.долларын асуудал байдаг. Үүн дээр гомдолтой хүмүүс байна. МАХН гэж заваан нам байна. Үүнийг Дээд шүүхээс хасуул” гэх зэргээр ярьж орж ирдэг. Энэ хүмүүс өөрсдийнхөө боддог зүйлийг надаас шаардаж орж ирдэг юм” гэв. Хамгийн сүүлд энэ оны есдүгээр сард УИХ-ын ээлжит бус чуулган дээр Ц.Нямдорж “...Та нар шүүхийн шинэчлэл хийж байна гэж 2009 оноос хойш Монголын хуулийн системийг бүхэлд нь самарсан. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь Ц.Элбэгдорж. Энэ улсад бий болсон замбараагүй нөхцөл байдал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой шүү. Та нар Монголын төрийг хэзээ самарч дуусах вэ. Хэзээ бах тав чинь ханах вэ. Одоо болоо юм биш үү” гэж, тэр оройд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Балдорж сан”-гийн шагнал гардуулах ёслол дээр “...Зарим нэг хүний шүд зуусан, олон жил энэ шинэчлэлийн эсрэг эсэргүүцсэн эсэргүүцэл, хорсолд заавал автах хэрэггүй. Бүр мэнгээ донгио болтол шүд зуусан ганц нэг хүн бий. Мэнгэ нь дөнгө болсон. Хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг. Түүгээр заавал явж яах гэсэн юм. Энэ ард түмний эрх ашгийн төлөө, тэр муу хар хуулиас, тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг хуулиас салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинэчлэл шүү дээ” гэж хариу өгсөн.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин