Засаг даргыг өв залгамжлуулж болох уу?
2016/10/07
С.Эрдэнэ даргатай нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан нам орон нутгийн сонгууль дөнгөж эхлэхтэй зэрэгцэн нэгэн шийдвэр гаргасан нь, тус дүүргийн Засаг даргын албан тушаалыг “өвлүүлэн залгамжлуулах” утгатай байлаа. Хорооллын хойд, урд гудамжуудад томоо дэлгэц дээр тэрхүү өв залгамжлалаа тунхагласан самбаруудыг байршуулж, “Ардчилсан нам ялбал С.Одонтуяаг Засаг даргаар сонгохоор шийдвэрлэлээ” хэмээн гайхуулах болов.
Уг нь дүүргийн Засаг даргаар хэнийг томилохыг тухайн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх ёстой. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ хүрээнд иргэд өөрсдөө чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулах учиртай юм.
Тэрхүү чөлөөт ардчилсан сонгуулийн санал хураалт хугацааны хувьд болоогүй, ИТХ нь байгуулагдаа ч үгүй байхад бүрэн эрхийг нь булааж аваад өмнөөс нь хэрэгжүүлж, хэдийнэ шийдвэр гаргачихаад сууж байгаа хүмүүст ёс суртахууны мэдрэмж гэж ер нь байна уу гэмээр. Дүүргийн эрх мэдлийг өмчлөх төдийгүй өв залгамжлуулах боломжтой гэж үзэж байгаа энэ жишиг Ардчилсан намаас эхэлж байгаа нь бүр ч харамсалтай. Ардчилсан намд төдийгүй Ардын намд ч өнөөдөр хэвийн хэм хэмжээ болчихоод байгаа хамгийн гутамшигтай зүйл нь ах дүүгээрээ, амраг саднаараа, компани группээрээ албан тушаал, эрх мэдлийг залгамжилдаг энэ үзэгдэл иргэд, сонгогчдын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлж байгаа билээ.
Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын даргаа Баянгол дүүрэгтээ дагуулан очиж хамтдаа нэр дэвшсэн С.Эрдэнэ З.Энхболдыг их хуралд гаргаж чадаагүйг бүгд мэднэ. Уг нь сонгуулийн дүн гарахаас өмнө З.Энхболд УИХ-ын дарга байлаа. Мөн сонгуулиас өмнө УИХ дахь эрх баригч бүлгийн дэд дарга байсан С.Одонтуяа Баянгол дүүрэгт бас л нэр дэвшээд өвдөг шороодсныг бүгдээрээ санаж байгаа. Хэдхэн сарын өмнөх сонгуулиар Баянгол дүүргийн иргэдийн итгэлийг авч чадаагүй С.Одонтуяаг энэ удаад намаа ялуулчихаад дараа нь бүр Засаг даргаар өргөмжлөхөө зарлах дүүргийн намын дарга С.Эрдэнэ их өөдрөг хүн гэлтэй.
Бүрэн эрхээ хэрэгжүүлэх битгий хэл байгуулагдаж ч амжаагүй ИТХ-ын өмнөөс С.Эрдэнэ даргатай дүүргийн Ардчилсан нам ийнхүү шийдвэр гаргаад зогсохгүй ажил, албанаасаа чөлөөлөгдөөгүй байгаа дүүргийн Засаг дарга Д.Оросоог тэрбээр дараагийнх нь ажилд томилчихжээ. Бүр тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөхөөр бүлгийн дарга С.Эрдэнэ ажилд авах юм байна. Зүй нь Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг мөн л бүрэлдэж амжаагүй байгаа ИТХ-ын гишүүд нь хэлэлцэж шийдвэрлэх ёстой баймаар. Засаг дарга Д.Оросоо дараагийн хүнд ажил, албаа хүлээлгэн өгч болно, хадган дээр тавиатай тамгыг нь хэн нэгэн, магадгүй С.Одонтуяа ч гардан авч мэднэ. Харин үүнийг эрх мэдэл бүхий хуулийн субъект нь хуулийн хүрээнд хуулиар тогтоосон цаг хугацаандаа шийдэх ёстой.
Түүнээс биш сонгуульд ялах, ялагдах нь тодорхойгүй байгаа дүүргийн Ардчилсан нам сонгууль болоогүй байхад сайн дураараа шийддэг асуудал биш юм. Эхлээд өөрсдийнхөө хувь заяаг шийдүүлчихээд дараа нь Засаг даргын хувь заяаг шийдэх нь зүй.
http://www.politik.mn/
Зочин · 2016/10/08
Удахгүй "Би засаг даргын суудалыг өөрийн ***** дээ үе залгамжлуулан өгхөөр боллоо" гэх юм байна л да. Эд нарт юу дутлаа гэж төрийн албаруу зүтгээд байдаг юм бол до? Жирийн иргэд бидэнд төрийн албанд ажил олдохгүй байхад өөрийн гэсэн бизнес, хэд хэдэн объект, мөнгө төгрөгтэй эдгээр хүмүүс цөөн хэдэн ажлын байрыг нь булаацалдаад байдагт ямар учир байна? Эдгээр нэр дэвшигчид үнэхээр бидний төлөө сэтгэл зүрхээ гаргаж чин шудрагаар зүтгэх хүмүүс үү? Эдгээр хүмүүс би лав эргэлзэж байна энэ байдлаараа манай орон хөгжих нь бүү хэл жилээс жилд өрөнд байригдаж төрд шургалсан хулгайч нарын идсэн мөнгийг төлсөөр байгаад дуусах нь
Архангай · 2016/10/08
Өнгөрсөн долоо хоногуудад С.Эрдэнэ Баянголын бүх өндөр дунд насныхныг 2-3хоногоор өөрийнхөө Хандгайтын амралтанд амрааж АН саналаа өгүүлэхийг сурталчилгаа хийсэн Бусад намынхан өрсөлдөөд нэмэргүй биз дээ Сохгууль ялангуяа орон нутгийн сонгуульд хэн оролцдог билээ
зочин · 2016/10/07
өөдрөг байх нь юу нь буруу гэж зөв
Зочин · 2016/10/07
nice