Сүүлийн үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэл хийж, ихээхэн дуулиан тариад байгаа. Түүнд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбар хийсэн. Тэрээр “...Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг юм.

 

Би сүхэн дор толгойгоо тавьж байна ч гэх шиг. Мафи гарлаа ч гэх шиг. Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг. Энэ асуудал дээр Ардын нам, Засгийн газар ямар ч хамаагүй гэх шиг. Ер нь Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү? Зүгээр л сүржин хувийн эрх ашиг хөөсөн мэдэгдэл гэж харж байна. Дээд талынхаа суудал руу мяраасан. Аль эсвэл нэгнийхээ янзыг үзэх гэсэн ийм л хандлага байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн үйлдлийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэсэн юм.

 

Тэгвэл Ц.Нямдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэж үздэг хүн цөөнгүй байдгийг би мэднэ. Гэхдээ улс төрд явж байгаа хүн хэзээ зогсох, хэзээ давших, хэзээ окопонд орох вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Яг миний хувьд өнөөдөр тийшээ зүглэх цаг биш гэдгээ дотроо тооцоолоод элдэв хөдөлгөөн хийгээгүй байгаа. Цаг нь ирэхийг би бас үгүйсгэхгүй” гэж байжээ.

 

Үүнтэй холбоотой нэгэн мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлж байснаараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж “хөдлөөд” эхэлсэн нь энэ. МАН түүнийг нэр дэвшүүлэхгүй бол УИХ-д бие дааж сонгогдсон, нутгийн дүү С.Жавхлан нь нам байгуулна. Мань эр тэр намынх нь нэр дээр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс энэ мэдээлэл үнэн эсэхийг УИХ-ын гишүүн С.Жавхлан нотлох нь ээ. Тэр нам байгуулах уу?

 

Д.Дамдин