Э.Бат-Үүл: Хотынхон ба урвалтын тухай
2016/10/13
“Хотын танхайчууд”гэгдэх бидний үеийнхэн багаасаа, хажуугийн байрныхантайгаа “Чулуугаар байлдаж” тоглохоос эхлүүлээд дош довныхоо нэр төрийн төлөө зодолдох зэргээр “тулалдан” өсөхдөө нэг нь нийтийн төлөө уриатай байсан.
"Тулалдаан"-ы үед ийм уриатай байж л ялагдахгүй. Андууддаа итгэсэн байхад зориг орж, хоёулаа ч бай, гурвуулаа ч бай хүний олноос үл айх бөгөөд зодооны үед бие биеэ хайрлан бахдахдаа хөөрч, аймшиггүйгээр нүдэлддэгсэн. Эр зоригийг нь харсан "дайсан''-ууд маань тооход бүр онгирч өвдөхийг үл анзаарна. Хамгийн гол нь найзууд бие биедээ жудаг болоод эр зоригоо харуулах нь улам бүр хүндлэлийг олох нэр төрийн хэрэг байсан юм. Тиймээс "дайсан''-ууддаа дийлэгдэн унаад ч зэрэгцэн хэвтэхдээ сэтгэл ханамжтай байдагсан, Тэмцэл хотын хүүхдүүд биднийг ингэж л нөхөрлүүлсэн юм.
Жинхэнэ анд нөхрийн тангаргаар гагнагдсан хөвгүүд хотын коммунитийг бий болгож дош, довоороо овоглогддог байсан. Тэгээд хотынхон бие биеэ дөчин мянгатынхан, микрийнхэн, зуун хорийнхон, улаанхуарангийнхан, амгалангийнхан, яармагийнхан, бага тойруугийнхан, чехийн гучин зургаагийнхан, хорин хоёрынхон гэх зэргээр дуудна. Жишээ нь намайг 77-гийн эсвэл Дөчин мянгатын Бат-Үүл гэнэ. Баярыг Санжийн гэхгүй хүнсний хорийнх гэнэ. Ард кино театрын хавьд байр нь байх тул ардын гэдэг ч байсан. Баабар бол Үйлдвэр комбинатынх.
Энэ коммунитийн үзэл, ердийн цагт хувийн эрх чөлөөг илүүтэйд үзэх боловч харин тэмцлийн үед бие биедээ найдахаас өөр авралгүйг яс махаараа мэдсэнээс үүдэлтэй. Нэг нь л урвахад зориг мохож зад балбуулдгийг олон зодооноос үзэж хаширсан хэрэг.
Тийм болохоор урвагчийг үзэхгүй. Урвасан этгээд "шившгийн амьтан" болж гэрээсээ ч гарах нүүргүй болно. Хөвгүүд битгий хэл охид ч жигших маягтай харна. Тэгээд зогсохгүй мань урвагчийг урвуулсан тал ч бас "хөгийн амьтан" гэцгээнэ. Урвагч дараагийн "тулаан"-д "эр хүн" гэдгээ харуулбал сая нэг өршөөгдөж олны өмнө муу нэрээ цайруулна. Тэгж зүрхлэхгүй бол "гэртээ ганцаараа" болдог. Урвагч гэдэг хоч зүүх хамгийн адгийн хэрэг байлаа!
Багаасаа л урвагчийг үл тэвчих үзлээр хүмүүжиж асныг сургууль бүр ч өөгшүүлсэн. Хар, шар феодалуудын урвалтаас Манж болоод Хятадад- тусгаар тогтнолоо алдсаныг нэгд нэгэнгүй, бараг шөнө зүүдэлж хонохоор зааж өгнө. Харин бидэнд Чойбалсан Сталинд урваж, түүнд нүүр тал олох гэхдээ Монголын түүхийн аль ч цагт байгаагүйгээр монголчуудаа яргалж байсныг огт хэлээгүй. Цэдэнбал улсаа Орост нэгтэхээр хөөцөлдөж байсныг бид мөн мэдээгүй байдаг. Урвалтын талаар хоёр нүүртэй түүх заадаг байсан нь энэ!
Ямар ч атугай хотын хөвгүүд бид өсөхдөө ч тэр, сурахдаа ч тэр урвалт гэдгийг жигшин зэвүүцэх үзлээр хүмүүжиж, андын барилдлагадаа үнэнч сэтгэл нэвт шингэсэн хүмүүс болцгоосон юм. Гэтэл өнөөдөр итгэлцэл хэмээх сайхан зүйл нүдэн дээр нуран унаж, урвалт цэцэглэж байгааг хараад зүрх шимширч байна.
Урвалт өнөөдөр, магадгүй бүр овсгоо ухаалаг байдлыг харуулсан мэтээр үнэлэгдэх болжээ. Нэг од маань нам дамжин урвахад л 500 саяыг олоод зогсохгүй лут ухаанаараа гайхагдан улам бүр од болох юм.
Цагаа олж урваад УИХ-ын гишүүн болж чадагсад улам их болоод, одоо танхимын гуравны нэгийг эзэлсэн байна. Намууд урвагчийг албан тушаал, хэргэм, эд мөнгөөр ичгүүргүйгээр уралдан шагнацгаадаг нь алсдаа улсаасаа урвах "хээрийн сургууль" байж мэдэхээр. Ядахдаа эрээ цээрээ алдсан урвалтын эрэлт ихэсч үнэ улам өсөөд байгааг хэлэх үү! Үнэ тохирвол Монголын улстөрчөөс юуг ч худалдаж авч болно гэдэг хэлц үг гадныханд өргөн тархсан ажээ.
Урвалт өөрөө эволюцид орж байдаг үзэгдэл. Эхлээд андаасаа урвана. Тэгээд нөхдөөсөө урвана. Дараа нь намаасаа урваж, улмаар улсаасаа урвана. Нэгэнт урваж эхэлсэн бол зогсоно гэж үгүй. Ийн өсөн өндийж буй урвалт, олигархийн тогтолцоогоор тэжээгдээд ирвэл улс үндэстэнд жинхэнэ аюул нүүрлэнэ.
Олигархи гэдэг бол цөөнхийн засаглал. Орчин цагт бол бохир бизнестэй цөөнхийн засаглал. Улс төрд оролцогчид өөрийн эрхийг мөнгө болон албан тушаалаар арилждаг болсон цагаас манай ардчилал олигархи руу халтирсан юм. Одоогийн ардчилал бол олигархийн нуувч төдий эд болсон!
Өнөөдөр, Монгол Улсыг бохир бизнесээ тойрон хэрэлдэж буй цөөхөн олигархи удирдаж байна. Эдгээр олигархиуд алсын хараагүй мунхаг, шуналтай, түүнээсээ болоод ямар ч муухай бизнес рүү хэрээ мэдэхгүй хутгалдчихна. Дээрээс нь аймхай зэрэг урвагчид байдаг муу чанар бүрээр өвч "зэвсэглэсэн" этгээдүүд юм. Урвуулах ажиллагааны технологид яг таарна. Шуналаар нь хөтөлж буцах газаргүй болтол нь хууль бус бизнес, улс төрд оруулаад нээнтэглэхэд аймхай хүмүүс том гүрэн бүү хэл жижигхэн мафийн боссд уравчихна.
Ийм хүмүүс улсын эрхийг барьж байна. Яг үүнтэй адил нөхцөл байдлаас болоод монголчууд үндэсний эрх чөлөөгөө гурвантаа алдаж байсан туршлагатай!
Бид, хүн мөнийхөө хувьд хүүхдүүдээ хайрлахаар байгалиас программчлагдсан байдаг .Чухамдаа үр хүүхдээ хайрлах сэтгэлээс эх орноо хайрлах үзэл урган гардаг. Яагаад гэхээр эх орон гэдэг бол хойч үеийнхэнд маань үлдэж буй том гэр орон юм. Улс орон гэдэг үг том гэр орон гэсэн утгатай үг юм. Энэ гэр орныг нь бусдад тушаачихвал үр ач нар маань өөрийн гэх эрх чөлөө, эд баялаггүй хоцорно. Шинэ гэрийн эзэн хүүхдүүдийг маань "банага" гуайнд амьдруулна.
Ийм байдлыг бидний үеийнхэн 90 оноос өмнө ханатлаа үзсэн.Тэр үед Монгол орон Зөвлөлтийн колони, хязгаар нутаг байлаа. Манай гадаад, дотоод бүх хэрэг явдлыг Москвад шийддэг байсан. Монголчуудыг хэн удирдахыг тэнд шийдэж байв. Хэлбэрийн хувьд Монголд Ерөнхий сайд зэрэг албан тушаал байсан. Гэхдээ тэдгээр "томчуул" Кремлийн хувьд хязгаар мужийн захирагчийн түвшний этгээд л байсан юм.
Монголын нийгэм эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөөг Москвад хийж байв. Мал махны маань үнийг тэнд тогтоож байв.Эрдэнэтийн баяжмалыг хэнд худалдахыг тэнд шийдэж байв. Манай сайд Мардайн хашаагаар шагайх ч эрхгүй байв. Ер нь монголчуудад өөрийн гэр доторхоос илүүг мэдэх эрх гэж байгаагүй. Улс орон маань Зөвлөлт гүрний зарим нэг "эд хогшил" хадгалдаг "банага" гуайнх байлаа.
Харин 90 оноос хойш бүх зүйл орвонгоороо эргэж монголчууд улс орноо өөрөө мэддэг болсон. Дэлхийд тоогдох улс шиг улс болж чадсаны нэг илрэл нь Улаанбаатар хотод болсон Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт мөн билээ. 90 оноос өмнө ийм юм ярьж зүрхэлсэн хүнийг галзуу хүн гэх байсан биз.
Элбэгдорж, Энхболд, Эрдэнэбат нарыг гадаадын төрийн томчуул, үндэстэн дамнасан корпарацийн захирлууд, хөрөнгө оруулагчид тоож тойглож гүйгээд байгаа шалтгаан бол одоо манай гурав, Монгол хэмээх жинхнээсээ тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын төрийн гурван "өндөр" нь учраас тэгж байгаа юм. Ерөнхий сайд Амарт байгаагүй бүрэн эрх тэдэнд байна. Хэрэв манай гурван өндөр хөөрхий Амар сайд шиг их гүрний "банага" гуайнд амьдардаг бол хэн ч тэднийг тоохгүй, Москва, эсхүл Бээжинд очиж асуудлыг шийдэх байсан нь дамжиггүй. Монголчууд бид сүүлийн 26 жил үндэсний эрх чөлөөгөөрөө аархаж байгаа!
Гэтэл сүүлийн үед М.Энхболд нарын зүгээс гурван зууны тэртээх шиг "урвалт"-ын үнэр ханхлах боллоо. Энэ хүн Монголыг гурав, дөрвөн тэрбум доллараар үнэлж барьцаанд тавих гэж байгаа бололтой, урд хөршид.
Дэлхийн эдийн засгийн төв болж байгаа Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь түмэнтээ зөв. Энэ бол Монгол Улс 21 дүгээр зуунд хөгжих нэг нөхцөл аргагүй мөн. Гэхдээ эдийн засгийн гадаад харилцаа, тэр дотроо өр төлбөр, данс тооцоог олон тулгуурт байлгах ёстой.
Эдийн засгийн гадаад харилцаа нэг тулгууртай байхын аюулыг монголчууд мэднэ. Нэг тулгуурт эдийн засаг улсын бүрэн эрхт байдлыг шууд алдагдуулдгийг үзэхээрээ нэг болсон шүү дээ!
Энхболд, өөрийн гэх улс оронтой байж өдий хүрчихээд, үр хүүхэд, ач зээ нараа нэгэн их гүрний "банага” гуайнд буцаан чихэж амьдруулах гээд байдаг нь хачин. Хойч үеэ улс шиг улсад амьдруулахад юу нь болохгүй байгаа юм бол. Манай газар доорх баялаг норвегиуд шиг ухаалаг менежмэнт хийвэл үр садыг маань хэдэн үеэр сайн боловсрол, сайхан амьдралаар нь тэтгэнэ шүү дээ! Юунд нь одоо идэхийн тулд ирээдүйг худалдаад байгаа юм бэ.
Бохир бизнесээр гарч ирсэн олигархиуд бидний нэгэн адил хүүхдүүдийнхээ төлөө гэсэн программ хангамжтай боловч ойрын шуналдаа хөтлөгдөөд ирээдүйг сүйтгэхдээ сэтгэл нь нэг их өвдөхгүй хүйтэн байдаг. Урвах нь ухаан болчихсон улстөрчид үүнийг мэдэх ч эс тоож хувийн үнэ цэнээ өсгөх гэж л уралдан далдаганацгаадаг.
Олигархиуд, тэдний албат болсон урвагчид нийлэхээрээ өөрсдийгөө мянгантаа зөвтгөн олон түмнийг төөрөгдүүлэхийг хийж чаддаг хүмүүс. Нэгэн өдөр, улс үндсээ тавьж тууж байгаа улстөрчид "Яагаад болохгүй гэж” хэмээх найргийг зулын гэрэл барьсан нэгнээр Амараа шигээр уншуулаад олныг эргүүлж байвал гайхахааргүй! Ингэх одууд манайд зөндөө бий.
Бидэнд эх оронч үзэл дутмаг болсон байж магадгүй, гэхдээ үр хүүхдүүдээ гэх сэтгэл арвин бий. Эх орон бол үр хүүхдүүдэд маань өвлөгдөж үлдэх том гэр гэдгийг ухаарвал тэрийг нь алдчихгүй байх хүсэл асах учиртай. Хүсэл зориг маань байвал тусгаар байдлаа авч үлдэхийн тулд юу хийх ёстой нь тодорхой.
Урвалтыг жигшдэг хотынхны сүнсийг эргэн амилуулж, үр хүүхдүүдийн маань ирээдүйг сүйдлэх олигархитай тэмцэх ёстой! Тэгээд бохир бизнестэй холбогдсон цөөнхөд алдагдсан эрх мэдлийг ард түмэнд хамгийн ойр байж чадах олны эрх мэдэлд шилжүүлэх хэрэгтэй!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
Жамьян · 2016/10/16
хоёр хэрээ нэгнийхээ харыг гайхав
Зочин · 2016/10/16
Бат-Үүл хогийн нөхөр гэдэгт хэзээч эргэлзэж байсангүй. Ийм хүн төр нийгэмд ийм өндөрт явна гэдэг ямар гүнигтай вэ
Enkhbold · 2016/10/14
Би таныг адилхан эр хүн гэрийн эзэний хувьд хүндэлдэг. Тиймээс тэр нь зөв, буруу гэж улстөржмөөргүй байна! Зүгээр өөрийгөө л битгий хуур, дөнгөж одоо 35н настай залуутай адилхан сэтгэж одоо л гэнэт үр хүүхдээ, ач зээгээ бодож байгаад гүнээ харамсаж байна. Ямартаа ч амжилт хүсье...
Zochin · 2016/10/14
Yu bolood Elbgdorjiigoo muulaad unav aa! Tursun akh duu shig baisan biz dee.Elbegdorjiig oroitson hoinoo oilgoj baiga um uu da! Batuul ih No toi uchraas Elbegdorj ni zaigaa barij ehlev u! Elbegdorjid mash ih No bga.Ter uls eh oron ard tumnee Elgeer ni hevtuulcheed baigaa.Ene tuunii husel baisan um u??
zochin · 2016/10/13
MAN-IIG SONGOOD AMAA UDUULSEN MONGOLCHUUD HUURHII BOLJ BGAA NI ENE CHANGA DUUGARVAL SHOROND HIINE JAGSAAL HIIVEL BUUDAAD ALCHIHNA AN-IIG YUM BOLGOND BURUUTGADAG BSAN.BUR UVDSUN BOL AN-IIN BURUU BSAN ODOO ULSUJ UHSEN CH MAN-IIN ZUV MANDTUGAI GEED ORILOOD BAIHAAS YAHAV TALHAA TALLAJ AVCH BNA GEED HUDLAA MSJ ILGEEDEG BSAN ODOO HOOSON YS HUVAAJ IDEJ BNA IH TARGALAJ BGAA GEED TATVARIIG CHINE NEMNE SHDEE HOOSON YS IDEJ BGAA TUHAIGAA BITGII YRIAD BAI ERGUUNUUDEE TANSAGLAAD MAH IDEED GEED ULAM BUSIIG CHINE CHANGALCHIHNA SHUU MAN-IIG DEMJDEG BAYCHUUDAA
GOMO · 2016/10/13
энэ замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний 51 байрний ГОМО мөнхжаргал гэдэг хүнийг интернэт комментоор бараг дөрөв таван жил ярилаа. энэ хүн ичиж мэддэг хүн үү
зочин · 2016/10/13
урвагч, хамелеонуудын цаг ирсэн бололтой
зочин · 2016/10/13
Үнэхээр зөв бичсэн байна.
зочин · 2016/10/13
Ард тvмэн, эх орон гэж боддог хvн улс терд байдаг юм уу?!
xotiin irgen · 2016/10/13
Нэг од маань нам дамжин урвахад л 500 саяыг олоод зогсохгүй лут ухаанаараа гайхагдан улам бүр од болох юм.... Unen bichjee
Зочин · 2016/10/13
Яг зөв. Монгол улсын иргэн Бат-Үүл та одоо иргэний зориг гаргаж мэдэж байгаа болгоноо АТГ, Цагдаа, шүүх, прокурор бүгдийг цуглуулж байгаад хэлвэл урагш нэг алхам болно шүү.