Иргэн О.Магнай “Монгол ардын нам 100” хоногт хэмээх хараат бус тайлангийнхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хувьд МАН сонгуульд ялалт байгуулснаас хойш 100 хоногт ямар ажил амжуулсан талаар судалгаа хийж, товхимол бэлджээ.

Түүнийг АН-ын хүн гэж харах ч энэ удаа тэрбээр жирийн иргэний хувиар улс төрөөс ангид байхыг илүүд үзсэн гэдгээ мэдээллийн эхэнд онцолсон юм. О.Магнай “2016 оны УИХ-ын сонгуулиар мөнгө төгрөгөөр хүн худалдаж авсан ч гэсэн ямар ч байсан нэг нам явж, нэг нам Засгийн газраа байгуулсан. Засгийн газар байгуулагдаад 100 хоноогүй байгаа ч МАН сонгуульд ялснаас хойш 100 хоног өнгөрсөн. Тэд энэ хугацаанд юу хийв. Монгол Улсыг хааш нь аваачих вэ. Иргэдийн хүлээлт их байсан нь хаашаа эргэчихэв гэдэг дээр судалгаа хийсэн юм. Улстөржсөн биш иргэний байр сууринаас гарсан хараат бус тайлан. Би тайлангаа гурван хэсгээс бүрдүүлсэн. “Эхнийх нь МАН юу амлав” гэдгийг гаргаж ирсэн юм. Амлалт эсрэгээрээ явна гэж байдаг бол 180 градус эсрэгээрээ эргэсэн.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их явсан зүйл нь томилгоо. Миний хийсэн судалгаагаар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өөрийн ах дүү, хамаатан садны 20 хүнийг албан тушаалд томилсон байна. Энэ чинь улс төрийн нам мөн үү. Нэг хүн зөвхөн дарангуйлал тогтоох гээд ах дүү, амраг саднаа мофиёз байгуулж байгаа юм уу. Мофиёз гэдэг чинь цэвэр гэр бүл дээр тогтдог. Нэг гэр бүлийн улс төрийн нам болж байна уу гэдгийг бодоод үзэхээр үнэхээр бэрх байна. Мөн МАН-ын удирдах албан тушаалтнуудын томилгоо гэхэд УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал, УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд, МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүн, Мөн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын дарга, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад харилцааны Яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга болсон. Морин спорт уяачдын холбооныхон бүгд төрийн албанд дарга болсон байгаа.

Тухайлбал, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга хот байгуулалтын дэд сайд, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, тэргүүлэгч Ц.Баяржаргал Хүнс хөдөө аж ахуйн яамны газрын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү Отгонбаяр Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Алтаннар Оюу толгой ТУЗ-ийн гишүүн гэх мэтчилэн олон хүн очсон. МАН, Засгийн газар 100 хоногийн хүрээндээ хийсэн ажил. Судалгаагаар өндөр албан тушаалд томилогдсон томилгооны 70 хувь нь МАН-ын Их хурлын гишүүн, удирдах албан тушаалтантай ямар нэгэн байдлаар ах дүү, амраг садан болж холбогдож байгаа юм. Энэ чинь Монголын төр юм уу, М.Энхболд гэдэг хүний төр юм уу. МАН-ын хэсэг бүлэг хүний ах дүү, амраг садны төр юм уу. Ийм төр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд бүрэлдэн бий болжээ. Юун шударга ёс тогтоох. Мөрийн хөтөлбөрийнх нь 4.2.7-д “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно” гэсэн байна л даа. Бодит амьдрал дээр ямар зүйл болж байгааг бид харж байна.

Ирэх дөрвөн жил Монголыг удирдах удирдлагын баг бол МАН-ын удирдах албан тушаалтнуудын гэр бүлийн баг 2020 он хүртэл удирдах дүр зурагтай болчихлоо. МАН-д хамаатан байхгүй жирийн монгол иргэн Монгол Улсад мөрөөдлөө биелүүлэхгүй тийм нийгмийг бий болгож байна. Үүнд нь баяр хүргэх нь хаашаа юм.

Хоёрдугаарт, МАН-ын Засгийн газар 100 хоногт юу хийв. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг аваад үзэхээр бодитой зүйл юу ч хийсэнгүй. Нэг өдрийн дотор бүх зүйл сайхан болохгүй. Ядаж энэ хугацаанд зөв чигээ авах ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэг бүх шатандаа эх захаа алдсан. Ард түмэн авлигатай яаж тэмцэх юм бэ гэдгийг харж байлаа. Харамсалтай нь юу ч хийсэнгүй. Сонгуулиас өмнө ч тэр МАН-ынхан эдийн засаг хямарлаа гэж хамгийн их ярьсан. Энэ нөхдүүд эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө баталж чадахгүйгээр 100 хоногийг өнгөрүүллээ. Тэтгэвэр, залуучуудтай холбоотой зогсоосон, гацаасан асуудал маш их байна. Бидний тооцоогоор Засгийн газрын хуралдаан болгон дээр 2-3 асуудлыг МАН-ын шинээр байгуулагдсан Засгийн газар зогсоосон судалгаа гарсан. Энэ бол юм хийдэг биш зогсоодог Засгийн газар бий болжээ гэж харж болно.

Гуравдугаарт, бид 1990 онд оюун санааны хувьсгал хийсэн. 1992 онд Үндсэн хууль батлахдаа хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Гэтэл коммунист удирдагчийн, коммунист дарангуйлагчийн 100 насны төрсөн өдрийг Монгол орон даяар татвар төлөгчдийн мөнгөөр МАН тэмдэглэсэн. Өнгөрсөн нийгэм буруу гээд сольчихсон байхад өнгөрсөн нийгмээ санагалзан ухарч байгаа энэ явдал оюун санааны хувьд хойш нь алхууллаа. Өмнө нь манайхан тоглоомын сайд гэж ярьдаг байсан. Гэтэл одоо бүр тоглоомын Ерөнхий сайдтай болж хувирлаа. Өөрийнхөө хүнээр Ерөнхий сайд тавиад ард нь сууж байдаг шинэ жишгийг тогтоож байна” гэдгийг онцоллоо. Ийнхүү мэдээлэл хийсний дараа түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Та төрийн өндөр албан тушаалтнуудын 70 хувь нь МАН-ын удирдлагуудын хүмүүс гэлээ. Тэр хүмүүс өмнө нь ямар ажил эрхэлж байсныг судалсан юм уу?

-Ёс зүй гэж нэг юм байна. БНСУ-д гэхэд Гадаад хэргийн сайдын охин нь аавдаа хэлэлгүйгээр шалгалт өгөөд Гадаад хэргийн яаманд ажилд орохоор болоход аав нь огцорсон. Ёс зүй гэдэг ийм байх ёстой. Улс төр хийж байгаа хүмүүс ёс зүйтэй байх ёстой. Хууль дүрэм зөрчсөн гэхээсээ илүүтэйгээр цэвэр ёс зүйн асуудал. Багаа бүрдүүлэхдээ ах дүү, амраг садныхаа хүмүүсээр багаа бүрдүүлж чадлаа.

-Та ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Буруу жишиг тогтлоо гэлээ. Гэхдээ энэ жишиг АН-ыг засаг барьж байхад тогтсон. Тэр үед та ямар байр суурьтай байсан бэ?

-Би угаасаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эсрэг байсан. МАН үнэхээр шударга ёс тогтооё гэж байгаа бол Сайханбилэг гэдэг хүнд хариуцлага тооцох ёстой. С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэдэг хүмүүс Монголоор яаж тоглосон бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Зүгээр ч Засгийн газрыг огцруулаагүй юм байна. Ардаа том бүлэглэлтэй байсныг тэр үед би ойлгоогүй байсан.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа. Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөр гэж хараад байх шиг байна. Эсвэл зээл авна гэж байна. Та ямар бодолтой байна вэ?

-65 суудалтай МАН засаг барьж байгаа юм бол өөрсдийн бодсон, санасан, төлөвлөсөн бүх зүйлээ хийх боломж нь байна. Гэвч харамсалтай нь энэ нөхөд морь унасан толгойгүй хүн гэдэг шиг Олон улсын валютын сангаас зөвлөхүүд авч ирээд “Стэнд бай” хөтөлбөр рүү орох нь ойрхон гарц болж харагдаад байна. Харамсалтай л байна. Өөр юу хэлэхэв дээ.

-Сонгуулийн өмнө 60 тэрбумын тухай бичлэг шуугиан тарьж байсан. Та хараат бус тайлангийнхаа төгсгөлд бас дурдсан байна л даа?

-Би дөнгөж сая Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байсан хүмүүстэй уулзлаа. Тэнд УИХ-ын найман гишүүний, найман туслах даргаар очиж байна гэж байна. Бод доо. Ердөө Монголын төрийг хэсэг бүлэг нөхөд мафийн тогтолцоогоор эзлээд авч байгаа байхгүй юу. Ураг төрлийн холбоогоороо төрийг удирдаж болдог юм уу.

-Энэ тогтолцооноос салах арга байгаа юм уу?

-Үүнээс салахын тулд Монголд байгаа улс төрийн намуудыг татан буулгаад дахин байгуулах ёстой.

-Тийм боломж байгаа юу?

-Хүн болгоны зүрх үүнийг хүсч байгаа бол биелнэ. Магнай ч гэсэн энэ хүслийг биелүүлэхийн төлөө явна.

Э.БОЛД